Сонгуулийн хууль тойрсон эсрэг, тэсрэг санал

Байр суурь

Өнгөрсөн парламентаас Сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, УИХ, орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар төсөл боловсруулж, өргөн барьсан юм. Хуулийн төсөл санаачлагчид Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлтэд тулгуурлан техникийн өөрчлөлтөөр хийхээр боловсруулсан хэмээн тайлбарласан. Сонгуулийн ерөнхий хороо ч өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулахад багагүй будлиан үүсэж, хүндрэл бэрхшээл үүссэн гэдгийг дуулгажээ.

Гэвч УИХ дахь цөөнхийн бүлэг болон төлөөлөл уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, эрх баригчдыг хардав. Учир нь парламентад олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчин өөрсдийн байр сууриа голлож, өөрсдөдөө ашигтайгаар батлах гэж улайрдаг уламжлал гэм биш зан болсонтой холбоотой юм. Гэхдээ төлөвлөж хийсэн хуулийн өөрчлөлтөөс төсөөлж байснаас өөр үр дүн гарсан бодит жишээ нь өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуулийн дүн. Харин хууль санаачлагчдын зүгээс УИХ- ын зарим гишүүнийг хуулийн төслийг мушгиж байна хэмээн шүүмжилсэн.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд болон Сонгуулийн ерөнхий хорооны төлөөллийн байр суурийг сонирхсон юм.


Н.ЭНХБОЛД: ТӨСӨЛ ДЭЭР МАРГААН ДАГУУЛАХ ЗҮЙЛ, ЗААЛТ БАЙХГҮЙ

-2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг УИХ дахь таван намын төлөөлөл оролцож, баталсан учраас тухайн хуульд орсон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэрэгжүүлж болох заалтуудыг нь хэвээр үлдээсэн. Мөн бүр өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байсан хуулиас ололттой заалтуудыг нь авсан. Өөрөөр хэлбэл, хоёр хуулийн дундаас сайн гэсэн заалтуудыг нэгтгэж боловсруулсан. Ер нь сонгуулийг хэрхэн зохион байгуулах тухай процедуртай холбоотой заалтуудыг нэгтгэсэн. Харин ерөнхий шаардлага, тогтолцоотой холбоотой зохицуулалтууд бол хэвээрээ байгаа. Энэ төсөл дээр маргаан дагуулах зүйл, заалт байхгүй, зөвхөн процедуртай холбоотой асуудал учраас хугацаа шаардахгүй байх гэж бодож байна.

Л.БОЛД: ӨӨРСДИЙНХӨӨ СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ХУУЛЬ БОЛОВСРУУЛСАН

-Сонгуулийн тухай хуулийг бүх тал нь хүлээн зөвшөөрсөн байх учиртай. Өөрөөр хэлбэл, ялсан, ялагдсан, сонголт хийсэн ард түмэн нь хүлээн зөвшөөрч байж тухайн сонгуулийн үйл ажиллагаа үнэн зөв, маргаангүй болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд техникийн чанартай өөрчлөлтүүдийг хийж байгаа гэж хууль санаачлагчид тайлбарласан. Техникийн засвар оруулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Бодит зөрчилтэй заалтыг өөрчилнө гэж байсан. Гэтэл өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж байна. 100 гаруй зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. Тодруулах нэг зүйл бий. Бие даагч бол ард түмний тодорхой дэмжлэг авсан субьект. Өөрөөр хэлбэл, ард түмний төлөөлөл. Бие даагч ард түмнийхээ шаардлагын үндсэн дээр өөрөө нам байгуулж, эсвэл намд элссэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь нээгдэх үү, үгүй юү гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хэрэв нам байгуулбал, эсвэл намд элссэн тохиолдолд парламентад суудалтай нам болно л гэсэн үг.

Ч.СОДНОМЦЭРЭН: ЭНЭ УДААГИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХУУЛИЙН ЦООРХОЙГ ЗАСНА


-Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж, бие даасан хууль болгож байгаа. Өнгөрсөн парламентын үед манай байгууллагаас УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахыг дэмжих боломжгүй гэдэг саналаа хүргүүлсэн. Гэвч саналыг маань хүлээн аваагүй. Сонгууль зохион байгуулах явцад хүндрэл үүссэн. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн зарим заалт дээр будилах зүйл гарсан. Хэрэв УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тус тусдаа бие даасан хуулиар зохицуулбал будилах зүйл гарахгүй.

Үүнээс гадна Сонгуулийн тухай хуульд зарим зүйл заалтыг орхигдуулсан тал бий. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсан. Батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа хүмүүсийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн атлаа хилийн цэргийнхнийг бүртгэх, эсэх нь тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл, хуулийн цоорхой үүссэн. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр үүнийг засаж байгаа.

Я.СОДБААТАР: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ ГУРВАН НАМААС НЭР ДЭВШИНЭ

-2015 онд өмнөх парламент УИХ, орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэгтгээд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэвч хууль практик дээр хэрэгжээд эхлэх үед хуулийг хэрэгжиж буй болон хуульд хамрагдаж буй хувь хүн, албан байгууллагын зүгээс маш их гомдол ирсэн. Тиймээс эдгээр хууль тус тусдаа байвал илүү үр дүнтэй гэж үзэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Энэ удаагийн хуулийн төсөлд өмнөх хуулиудад гарсан алдаа, оноог тунгаасан. Ялангуяа нэгдсэн хууль байх хүрээнд бий болсон хүндрэлийг засаж сайжруулах тал дээр нь түлхүү анхаарсан.

О.БААСАНХҮҮ: МАН, АН-ААС ӨӨР НАМ СОНГУУЛЬД ОРОХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОН

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг харахад МАН, АН- аас өөр нам сонгуульд орох боломжгүй хуулийн төсөл орж ирсэн байна. Хуулийн төслөөс харахад дөрвөн зүйлтэй санал нийлэхгүй байгаа. Тодруулбал, төсөлд 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” гэсэн заалт бий. Гэтэл Үндсэн хуульд Монгол Улсын уугуул иргэн нь хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсад амьдардаг байх ёстой гэж хуульд тусгаад, түүнийг нь Хил хамгаалах ерөнхий газраас баталгаажуулсан лавлагаагаар авна гэж оруулж ирсэн байна. Ийм байж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн заалт оруулсан.

САНАЛ БОЛГОХ