Хэн дуртай нь ДАШТ-д оролцдог болох нь ээ

Спорт

2026 оноос эхлэн хөлбөмбөгийн ДАШТ-д 48 баг өрсөлддөг болно

Хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх нэгэн шийдвэрийг FIFA- гийн Удирдах зөвлөл мягмар гарагт гаргалаа. ДАШТ-д оролцох багийн тоог 16-гаар нэмэгдүүлж, 48-д хүргэхээр болсон нь өдгөө спортын ертөнцийн хамгийн маргаантай сэдэв болоод байна.

ИНФАНТИНОГИЙН ЗАЛЬ

Энэ бүхэн FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуулиас эхтэй. Одоогийн ерөнхийлөгч Жанни Инфантино анх нэр дэвшихдээ ДАШТ-д оролцох багийн тоог 40 хүргэх санал дэвшүүлсэн юм. Энэ санал нь боломжийн санагдаж байсан, тэгээд ч бусад мөрийн хөтөлбөр нь анхаарал татахуйц байсан тул мань эрхэм ногоон гэрлээр хөлбөмбөгийн хамгийн том байгууллагын жолоог атгахаар сонгогдсон билээ. Гэтэл ноён Инфантино сонгогдсон даруйд бодлоо өөрчилж, дахин өөр санал оруулж ирсэн нь 48 баг бүхий тогтолцоо.

Хэрэв тэрбээр анх нэр дэвшихдээ л 48 гэсэн тоог гаргаж ирсэн бол олныг цочирдуулж, дэмжлэг бага хүлээх байсан нь гарцаагүй. Тиймээс бяцхан заль гаргаж, олны санаа бодлыг өөрчлөлтөд бэлдэж байгаад ганц дайралтаар санаагаа гүйцэлдүүлчихлээ. Хурлаас өмнө өөрийн саналыг дэмжүүлэх талаар олон хүнтэй уулзаж, багагүй лоббидсон бололтой. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд түүний саналыг дуу нэгтэйгээр дэмжсэн нь ийн бодоход хүргэв.

ХЭРХЭН ТОГЛОХ ВЭ

48 багтай ДАШТ 2026 онд анх зохиогдоно гэдгийг юуны өмнө сануулья. FIFA шинэ журамдаа тэмцээнийг тив тивд ээлжлэн зохиож байхаар шийдсэн. Энэ хуваарийн дагуу 2026 оных Хойд Америкт (АНУ, Мексик, Канадын аль нэгэнд) болох товтой байгаа юм.

Хэдийгээр оролцох багийн тоог нэмэгдүүлсэн ч тэднийг ямар форматаар тоглуулахаа эцэслэн шийдээгүй байна. Хамгийн хүчтэй яригдаж буй хувилбар нь багууд гурав гурваараа 16 хэсэгт хуваагдах. Хэсэг тус бүрээс хоёр, нийт 32 баг плей-оффт шалгарч, цааш хасагдах системээр өрсөлдөх аж. Энэ тохиолдолд нийт тоглолтын тоо 80 болж (өмнө нь 64 байсан) нэмэгдэнэ. Гэхдээ нэг баг дээд тал нь долоон тоглолт хийх хуваарь хэвээр байх юм. Нэг баг хэсэгтээ гурав биш, хоёр тоглолт хийснээр тоглолт бүр өрсөлдөөнтэй явагдах сайн талтайг Инфантино учирлаж буй. Энэ нь үнэн л дээ. Өмнө нь эхний хоёр тоглолтод дийлдсэн баг сүүлийн тулаанд хэдэн ч гоолоор хожоод нэмэргүй болдог тул хүч гаргалгүй тоглох тохиолдол олон гардаг. Харин шинэ форматаар тоглолт бүр өндөр ач холбогдолтой болж байна.

Өөрчлөлтөөс ашиг олж буй өөр нэг газар нь FIFA өөрөө


ХЭНД АШИГТАЙ ВЭ
Дундаж болон түүнээс доош зэрэглэлийн багуудад өөрчлөлт илүү ашигтай. Энэ зэрэглэлд багтах орон FIFA-гийн гишүүнчлэлийн дийлэнхийг бүрдүүлдэг тул Инфантиногийн саналыг хоёр гараа өргөөд дэмжсэн нь мэдээж. Өмнө нь тэд тэмцээний эрхээ авах гэж үйлээ үздэг, заримынх нь хувьд мөрөөдөл төдий байсан бол өдгөө хавьгүй том боломж нээгджээ.

Ялангуяа Ази, Африк, Төв Америкийн бүс нутгийн орнуудад өөрчлөлт тун ч ашигтай тусав. Өмнө нь Африк тивд ДАШТ-ий таван эрх оногддог байлаа. Харин одоо энэ тоо ес болж нэмэгдэх магадлалтай. Азийн хувьд таван эрх нь найм болох юм. Харин Төв Америкийн бүсийн эрх 3.5-аас 6.5 болж нэмэгдэх аж. Европ одоогийн 13 эрхээ 16 болгож нэмүүлэх бол Хойд Америкийн эрх нэгээр нэмэгдэх төлөвтэй. Түүнчлэн Далайн орнууд нэг бүтэн эрхтэй болох нь. Энэ тохиолдолд Шинэ Зеланд ДАШТ-д алгасалгүй оролцох сайхан завшаан бүрджээ.

Ноён Инфантино өөрчлөлт хийх болсон шалтгаанаа хөлбөмбөгийг бүх тивд жигд хөгжүүлэх зорилготой гэж тайлбарласан. “Хөлбөмбөг бол зөвхөн Европ, Өмнөд Америкийн эзэмшил биш. Энэ бол дэлхий нийтийн тоглоом” хэмээн тэр хэлсэн юм.

1930 оноос хойш ДАШТ 20 удаа зохиогдоход Европ тивийнхэн 11, Өмнөд Америкийн багууд есд нь түрүүлсэн байдаг. Өдгөө FIFA-гийн чансааны шилдэг 48 багийн ердөө 13 нь энэ хоёроос өөр тивийнхэн. Энэ хоёр тив хөлбөмбөгийн хөгжлөөр бусдаас хол тасарсан тул бусад бүс нутагт боломж олгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийг тэрбээр зорьжээ. Мэдээж хар тивээс есөн баг тоосоо өргөвөл амжилт гаргах магадлал тэр хэрээр дээшлэх нь гарцаагүй. Түүнчлэн энэ өөрчлөлтөөс ашиг олж буй өөр нэг газар нь FIFA өөрөө. Оролцогчийн тоо 48 болж нэмэгдвэл FIFA нэг тэмцээнээс 4.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоог хэвлэлүүд гаргажээ. Гэтэл ирэх жил Орост болох тэмцээнээс 640 саяыг олно гэж тооцсон шүү дээ. Мөнгөний ийм их зөрүү байгаа болохоор удирдлагууд санаснаа гүйцэлдүүлэх гэж зүтгэсэн хэрэг.

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
Мэдээж асуудалд хүн бүр өөр өөрийн байр сууринаас хандаж байна. Тухайлбал, “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Ж.Моуриньо болон домогт Д.Марадона нар өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Моуриньо “Хэрэв тэмцээн уртсаж, тамирчдад шинэ улиралдаа бэлдэх хугацаа бага гарвал би эсэргүүцэх байсан. Харин тийм биш юм байна. Тиймээс би энэ санааг бүрэн дэмжиж байгаа. Багууд гурав гурваараа хэсэгт хуваагдах нь тохиромжтой болов уу. Ингэвэл тоглолт бүр ач холбогдолтой болно. Хөлбөмбөгийн хорхойтнуудад ч үзэхэд амттай. Муу баг бол хоёр тоглолт хийгээд л гэртээ харина. Гэхдээ энэ нь тэдэнд том туршлага болж үлдэх давуу талтай” хэмээн ярьжээ. Харин Германы шигшээгийн дасгалжуулагч Й.Лёв “Жижиг багуудыг дэмжих алхам гэдгийг ойлгож байна. Гэхдээ тэмцээний чанар чансааг мартаж болохгүй. Оролцох багийн тоо нэмэгдсэнээр ДАШТ-ий нэр хүнд унах болно” гэсэн юм.


САНАЛ БОЛГОХ