Шинэ орон сууцны үнэ 3 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.37 хувиар буурчээ

Мэдээ

2016 онд Улаанбаатар хотын хэмжээнд шинэ болон хуучин орон сууцны үнэ 4.32 хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ. Энэ хугацаанд шинэ орон сууцны үнэ дунджаар гурав орчим хувиар, хуучин орон сууцны үнэ 6.37 хувиар буурчээ. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөс арилж, бодит ханш дээрээ очсон гэж үл хөдлөх хөрөнгийн компаниуд үзэж байна. Орон сууцны үнийн дундаж үзүүлэлтийг бага хүүтэй ипотекийн зээл олгож эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 0.93 хувиар өндөр байгаа нь энэ дүгнэлтийг мөн баталгаажуулж байгаа ажээ.

2013 оны зургаадугаар сараас бага хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ тогтмол өссөөр 2014 оны зургаадугаар сард хамгийн огцом өсөж байсан байна. Харин 2014 оны 12 дугаар сараас хойш дундаж үнэ тогтмол буурсаар байгаа юм.

Хэдий тийм боловч 2016 оны эцэст үл ялиг өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн байна. 12 дугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс 0.11 хувиар өссөн аж. Улаанбаатар хотын хэмжээнд шинэ орон сууцны дундаж үнэ ам метр тутамд хоёр сая төгрөг, хуучин, хоёр өрөө байрны дундаж үнэ 74 сая төгрөг байлаа.




САНАЛ БОЛГОХ