Эрийн цээнд хүрсэн “эцэг” хуулийг өөрчилж мэдэх нь
Үндсэн хуулийн зарим заалт гүйцэтгэх эрх мэдлийг тогтворгүй болгодог
Монголчууд шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хууль нь засаглалын болон хүний эрхийг хангах үүргээ маш сайн гүйцэтгэж ирсэн гэж судлаачид дүгнэдэг. Өнгөрсөн жилээс эхлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар эрх баригчид хөндөх болсон. УИХ- ын зарим гишүүний хэлснээр хуулийг эхлээд мөрдөж хэвших хэрэгтэй. Харин олон жил мөрдөөд ирэхээр заншил болдог хэмээж байсан. Жишээлбэл, Франц Иргэний хуулиа 1806 онд баталжээ. Үүнээс хойш өөрчлөлт оруулалгүйгээр өдий хүртэл мөрдөж ирсэн тухай ч зарим гишүүн дурдаж байлаа.
Гэтэл манай улс 1992 онд анх Үндсэн хуулиа баталж, үүнээс найман жилийн дараа 2000 онд өөрчлөлт оруулсан байна. Тухайн үед долоон заалтыг өөрчилсөн нь өдгөө буруудсан гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Шинээр оруулсан долоон заалт гишүүдэд эрх мэдэлд шунах боломжийг олгож, сайдын албыг давхар хаших нөхцөлийг бүрдүүлсэн. Ерөнхий сайдын эрх мэдлийг хязгаарлаж, УИХ- д хэтэрхий эрх мэдэл олгосон заалт болсон тухай зарим судлаач шүүмжиллээ.
Одоогоор Үндсэн хуулийг өөрчлөх хоёр ч Ажлын хэсэг байгуулаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийг МАН-ын бүлэг байгуулсан. Мөн Ерөнхий сайдын захирамжийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулаад байна.
Засгийн газрыг амархан огцруулах боломжийг 2000 оны өөрчлөлт бүрдүүлсэн
Их, дээд сургуулийн багш, эрдэмтдээс бүрдсэн Ажлын хэсэг пүрэв гарагт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийсэн юм. Тус хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан “Ардчилсан нийгмийн гол баталгаа бол Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаалахад оршдог. Миний хувьд зарим нэг зүйлийг өөрчлөх шаардлага бий гэж үздэг. Ерөнхий сайд танхимын гишүүдээ бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгчөөр зөвшөөрүүлдэг. Үүнийг өөрчлөх шаардлагатай гэсэн саналтай байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдаг болгосон нь сөрөг заалт. Ийм байдлаас болоод гүйцэтгэх эрх мэдэл тогтворгүй байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газрыг маш амархан огцруулах боломж бүрдүүлсэн нь 2000 онд оруулсан өөрчлөлтийн сул тал. Би 20 улсын хуулийг харьцуулж судалсан. 18 улсынх нь танхимын гишүүдээ Ерөнхий сайд нь өөрөө сонгодог юм билээ.
Манай улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа арай бага байна. Гэтэл Германых 8.1 жил, Английнх 5.6 жил, Ирландынх зургаан жил байх жишээтэй. Иймд үүн дээр нэмэлт, өөрчлөлт оруулахтай санал нэгдэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн хүний эрхийн хэсэг заримдаа мөрдөгддөггүй. Хотын удирдлагууд иргэдийн газрыг булаах үзэгдэл гардаг” гэлээ.
Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэдэн удаа цуврал уулзалт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Уг Ажлын хэсгийнхний хоёр дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлэг гуравдугаар сард болох юм байна. Үүний дараа хөдөө орон нутгаар явж мөн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ингээд нэгдсэн санал дүгнэлт гаргасны дараа УИХ- ын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгийнхэнтэй уулзана гэдгээ дуулгаж байв.
Байр суурь:
А.Эрдэнэцогт: Парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй