11807

Үе үеийн засгийн утаатай тэмцсэн түүх

Нийтлэл

Нүдээр харвал бүр илүү нэмэгдсэн гэж хэлж болохоор байгаа юм

Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх хотуудын нэг болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний утаа тортгонд агуулагддаг хүний бие организмд туйлын хортой хар тугалга, хүнцэл гэх мэтийн элементүүд хөрсөнд шингэж, улмаар гол усыг их хэмжээгээр бохирдуулдаг. Цаашлаад aгаарын бохирдол нь хөрс, усны бохирдол болон хувирч хүний эрүүл мэндэд онц аюултай үр дагаврыг авчирдаг гэдгийг мэдээд даруй 10 гаруй жил боллоо. Энэ хугацаанд үе үеийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэж, тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. Гэвч нөхцөл байдал хэвээр буюу нүдээр харвал бүр илүү нэмэгдсэн гэж хэлж болохоор байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, Цэвэр агаар сан, Цэвэр агаар төсөл зэрэг хэд, хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулсан. Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилын сан, Японы ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага ч Улаанбаатарын утааг бууруулахад гар бие оролцсон. Үүнээс АНУ-ын "Мянганы сорилын сан" агаарын бохирдолтой тэмцэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо бий. Ингэхдээ хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, утаагүй зуух нийлүүлэхэд 68, гэрийн дулаалгад 12, эрчим хүчний хөнгөлөлтөд 3.5, дулааны цахилгаан станц сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан дүнтэй.

Харин Японы ЖАЙКА- гаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд агаарын чанарыг хэмжих суурин харуулын 11 станц байрлуулсан юм. Мөн нийтийн тээврийн автобусанд тортогжилтийг шүүх шүүлтүүр суурилуулжээ. Тус байгууллагын хийсэн судалгаагаар нэг тонн нүүрс шатаахад 45 килограмм нүүрсхүчлийн хий, 12 килограмм хүхэрлэг хий ялгардаг болохыг тогтоожээ. Мөн нэг тонн нүүрснээс азотын исэл тав, том ширхэглэлт тоосонцор зургаан килограмм ялгардаг аж. Үндсэндээ ганцхан тонн нүүрс шатаахад агаарт 68 килограмм хорт утаа дэгддэг болохыг тогтоосон.

Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэмжих хэдэн хянах самбартай үлдлээ
Товчхондоо, Улаанбаатар хотын утаатай тэмцэхэд улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хүрээнд багагүй хөрөнгө зарцуулжээ. Утаатай тэмцэх хөрөнгө нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах атал эсрэгээрээ нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байгаа юм. Магадгүй дээрх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд гэр хорооллын зарим айл өрх утаагүй зуух, эсгий дулаалгатай болсон бол Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэмжих хэдэн хянах самбартай үлдлээ.

Тэгвэл сүүлийн гурван Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлснийг харьцуулан хүргэе.


“НҮҮРС” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭВ
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 2013 онд 22.9, 2014 онд 9.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Хоёр жил гаруйн хугацаанд нийтдээ 32.1 тэрбум төгрөгийг утаатай тэмцэхэд зарцуулсан бөгөөд онцлох ажил нь “Нүүрс” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хороооллын айл өрхүүдэд нүүрсийг хөнгөлөлттэй үнээр борлуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг онцолж байсан удаатай. Тэрбээр 2013- 2014 оны хүйтний улиралд агаар бохирдуулагч бодисын сарын дундаж агууламжийг өмнө жилийн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар багассан дүн гарсан хэмээн мэдэгдэж, олон нийтэд шүүмжлүүлж байв. Хэдийгээр “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 47.6 тэрбум төгрөг хэмнэсэн гэх тооцоо гаргасан ч ченжийн үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газарт утаатай тэмцэх хүсэл байхгүй байгаад нь иргэд шүүмжлэлтэй хандсан.

Үүнээс гадна өмнө авч хэрэгжүүлж байсан сайжруулсан зуухаар гэр хорооллын айл өрхүүдийг хангах, шөнийн цагийн цахилгааны тарифыг хөнгөлөх зэрэг ажлыг зохион байгуулсан ч утаа буурсангүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ СААД БОЛОВ
Шийдлийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хоёр жилийн хугацаанд улсын төсвөөс 9.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог хуралдуулж, утаатай тэмцэхээ илэрхийлсэн юм.

Ингэхдээ хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг анхааралдаа авах болон шөнийн цагийн цахилгааны тарифыг дахин 50 хувь бууруулах чиглэлд анхаарна хэмээн утаатай тэмцэх “хөзөр”-өө дэлгэсэн. Энэ хүрээнд гэр хорооллын зарим айл өрхийг боловсруулсан түлшээр хангаж, хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав.

Гэвч эдийн засгийн хямралтай үед дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжгүй байгааг онцлоод, өмнө нь хэрэгжүүлж байсан хэд хэдэн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Тодруулбал, “Тухайн жилийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны гуравдугаар сарын 1-ний хооронд оройн 18.00 цагаас өглөөний 9.00 цаг хүртэл халаалтад зориулсан шөнийн хэрэглээний цахилгааны хэрэглээний үнийг 50 хувь хөнгөлнө” гэсэн шийдвэрийг хүчингүй болгожээ. Товчхондоо, агаарын бохирдолтой тэмцэхэд эдийн засгийн хямрал саад тотгор болжээ.

АНХ УДАА ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛ ШААРДЛАА
Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад таван тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэн тэргүүнд Улаанбаатарын утааг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулах үүргийг ШУА-д өгсөн.

Мөн өмнөх Засгийн газрын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнээс татгалзаж байгаагаа зарлаж, утаа үйлдвэрлэдэг түлш, зуухнаас зайлсхийж, цахилгаанаар дулаан үйлдвэрлэх чиглэлийг баримтлахаа мэдэгдсэн. Үүнээс гадна гэр хорооллыг орон сууцжуулах, ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийхээ амлалаа. Энэ бол ирэх дөрвөн жилд утаатай тэмцэх хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажил.

Харин энэ оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг гаргав. Мөн хотын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, Улаанбаатарт ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглолоо. Үүнээс гадна өндөр насжилттай тээврийн хэрэгслийн импортыг үе шаттай хориглох асуудлыг судлах үүрэг өгөв. Агаарын бохирдолтой тэмцэх дээрх арга хэмжээнүүд хэрхэн үр дүнгээ өгөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

САНАЛ БОЛГОХ