Малын эмийг үйлдвэрлэлд туршсаны дараа бүртгэх ёстой
Малын эмийг үйлдвэрлэлд туршсаны дараа бүртгэх ёстой
Манай улсын мал эмнэлгийн тогтолцоонд үгүйлэгдэж буй олон асуудлын талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Я.Ганболдтой ярилцлаа. 32 жил уг салбарт ажилласан тэрбээр малын эмийн бодлогыг нэгтгэх шаардлагатайг онцолсон юм.
-Малд эм тариа замбараагүй хэрэглэдэг талаар ярьдаг. Энэ салбарт ер нь ямар бодлого баримтладаг юм бэ?
-Махны антибиотикийн үлдэгдлийг албан ёсоор тогтоож өгнө гэсэн үг үү?
Тийм ээ. Манай улсад 23-24 нэр төрлийн антибиотикийг малд хэрэглэж байна. Хэрэглэсний дараа бүгд таван цуллаг эрхтэн, өөх, булчин, мах гээд хаа нэг газарт тодорхой хэмжээгээр үлддэг. Малын гаралтай бүтээгдэхүүнд агуулагдах, эмгэг үүсгэх антибиотикийн үлдэгдэл хамгийн ихдээ хэдий хэр хэмжээтэй байх вэ гэдгийг гаргаж ирсэн үзүүлэлт улс орон бүрт бий. Гэвч, өнөөдрийн байдлаар эдгээр эм монгол малын биед орныхоо дараа хэдий хэр хугацаанд агуулагддаг, биеэс ямар хугацаанд гадагшлаж, тэр нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг хянадаг тогтолцоо алга.
-Үүний сөрөг үр дагавар нь юу вэ?
-Хамгийн сүүлд гэвэл шүлхий, мялзан, цэцэг гээд малын гоц халдварт өвчин гарлаа. Хориотой өвчин гарсан тул махны экспорт хаалттай гээд ДЭМБ-аас мэдэгдсэн. Бас нэг асуудал нь малын гаралтай бүтээгдэхүүн дэх антибиотикийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал экспортод гаргахыг хориглодог. Гоц халдварт өвчнөөс гадна хаалт болох хор уршигтай. Тиймээс бид ХХААХҮЯ-ны зохицуулснаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабратори ч юм уу, аль нэгэн байгууллагаас антибиотик хэрэглэсний дараах хяналт тавих ёстой.
Мах экспортолж байгаа махны үйлдвэрүүд өөрсдөө антибиотикийн үлдэгдэл байгаа эсэхийг нийлбэр байдлаар буюу чанарын хувьд шалгадаг. Саяхан Орхон аймаг бүх зах дээрээ антибиотикийн үлдэгдэл үзэх хяналт эхлүүлсэн. Энэ сайн алхмыг улсын хэмжээнд нэвтрүүлэх ёстой. Хүн антибиотиктой махыг хараад таних аргагүй тул хүнсний зах, мах нядалгааны газар, боловсруулах үйлдвэрт ийм хяналт байх ёстой. Үүний цаана хүний эрүүл мэндийн асуудал бий шүү дээ.
-Үүнийг нотлох шинжлэх ухааны судалгаа байна уу?
-Байлгүй яах вэ. Зөвхөн манай улсад л хийгээгүй болохоос бусад бүх оронд бий. Тухайлбал, хлорамфеникол (хуучнаар левомицин) л гэхэд цус төлжүүлэх үүрэгтэй ясны чөмгийг дарангуйлснаар цус багадалттай болох аюултай. Бусад антибиотикийн жишээ бас олон. Малчид бүртгэлгүй эм хэрэглэх тохиолдол ч бий.
-Дэлхий нийтээрээ антибиотикоос татгалзаж байна. Манайд эмийн бодлогоо цэгцлэхэд хамгийн эхлээд юу хийх шаардлагатай вэ?
-Монгол Улсад бүртгэлтэй антибиотикуудыг хаана, ямар хэмжээтэй хэрэглэж байгааг нэгдсэн байдлаар тогтоох ёстой. Аймгийн мал эмнэлгийн лабораторийн хүчин чадлыг сайжруулж, ядаж нийлбэр байдлаар үзэж баймаар байна. Гэхдээ хамгийн гол нь эмийн бүртгэлийг цэгцлэх асуудал. ХХААХҮЯ-ны дэргэдэх Эмийн зөвлөлийн үйл ажиллагаанаас харахад мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй, хэн дуртай нь өргөдөл гаргангуут эмийг нь бүртгэдэг буруу хандлагаар ажиллаж байна. Малын бие, малын гаралтай бүтээгдэхүүнд үлдэгдэл өгдөг, хүний биед дамждаг антибиотикуудаас бид татгалзаж, бүртгэхгүй байх ёстой. Тухайлбал, адууны нийлүүлгийн өвчинд хэрэглэдэг имидокарбын бэлдмэл нь бүтэн жил булчинд нь агуулагдсан байдаг. Ийм аюултай эмийг хориглох ёстой. Ямар ч эмийг бүртгэхдээ хамгийн түрүүнд үлдэгдэл өгдөг эсэхийг нь харах учиртай. Малын эмийг шалгах аргад тухайн эмийн үлдэглийн хэмжээг тодорхойлдог аргыг оруулж, эмийг хэрэглэх зааврыг батлахдаа үлдэгдэл өгдөг эсэхийг заавал дурьдаж өгөх нэн шаардлагатай байна.
-Манайд олон улсад хориглосон антибиотик ч бүртгэлтэй гэж үнэн үү?
-Тийм. Тетрациклиний бүлгийн антибиотикуудыг бол өндөр хөгжилтэй орнуудад мал эмнэлэгт хэрэглэхээ болиод олон жил болж байна. Ивомекийн төрлийн эмүүдийг ч хориглох ёстой. Гэтэл малчид нь малын эмчээсээ ч зөвлөгөө авалгүй малаа жаахан эмгэг тусангуут л өвөл, зунгүй тарьчихдаг. Ивомекийн бэлдмэлүүдийг хэрэглэх тохиромжтой үе нь 11 болон 4-5 дугаар сар. Энэ үед шимэгч хорхойн биологийн хөгжлийн үе тул ивомек үр дүнтэй үйлчилдэг юм. Нөгөөтэйгүүр, хүмүүсийн суурь өвчлөл нэмэгдэж байгаа нь ч эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой байх талтай. Гэхдээ бид нар суурь үзүүлэлтээ гаргаж чадаагүй болохоор үүнийг нотолж чадахгүй. Шинжлэх ухаан талаасаа бол магадлалтай.
-Энэ асуудлыг манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэр зэрэг анхаарч үздэг юм бол?
-ҮАБЗ-д 2008, 2010, 2012 онд нийт гурван удаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж өгсөн. Танай мал эмнэлгийн тогтолцоо олон улсын шаардлагад нийцэхгүй учраас малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжгүй гээд анхааруулчихсан. Анх өгснөөс нь хойш есөн жил юу ч хийгээгүй. Саяхан л харин энэ талаараа Мал эмнэлгийн тухай хуульд тусгаж, УИХ-д өргөн барьж байна.
Би мал эмнэлгийн салбарт 32 жил ажиллаж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд энэ салбарын бүтэц, тогтолцоог анхаарсан субьект байхгүй, Засгийн газар үнэхээр хангалтгүй ажилласан. Үүний гор нь цэцэг, мялзан гээд шинэ өвчнүүдийн халдвараар илэрч байна. Шүлхий өвчнийг тухайн үед, тухайн газар нутагт нь дарчихдаг байсан ч одоо бол бодлогын алдаанаас болоод байнгын голомттой болчихлоо. Цаашид мал, амьтны ямар ч өвчин шинээр гарах эрсдэл маш өндөр болсон.
-Малчдын ухамсрыг дээшлүүлж байж сайн тогтолцооны үр дүн илүүтэй мэдрэгдэх байх?
-Малчин хүн үүргээ ухамсарлаж, малын эрүүл мэндийн дэвтэрээ байнга хөтөлдөг баймаар байна. Малын эмч нь хэдэн толгой малд ямар эм хэзээ тарьснаа тэмдэглэж, дараа нь хэзээ хэрэглэхийг нь хэлж өгдөг байх хэрэгтэй. Саяхан би Архангай, Завхан аймгийн зарим сум, багийн малчидтай ярилцлага хийсэн. Эмийг хэзээ, яаж хэрэглэх учиртайг, үлдэгдэл гэж чухам юу болохыг тайлбарласан. Гэтэл өөдөөс бидэнд ингэж ерөөсөө ярьж байгаагүй гээд сууж байсан шүү дээ. Монгол 61.5 сая малтай боллоо. Гэтэл малын эмч 2000 шахам л байна. Нэг эмчид 30 гаруй мянган мал оногдож байна гэсэн үг.
Шүлхий өвчний байнгын голомттой болсон
-Ер нь мал эмнэлгийн бодлогын хувьд эмийн асуудал хэр чухал вэ?
-Нэн түрүүнд анхаарах нь мэдээж гоц халдварт өвчин. Дараа нь эмийн бодлого ордог. Хүний эрүүл мэндийн асуудал давхар яригддаг болохоор тэр. Эмийг замбараагүй хэрэглэх нь тэр малын дайвар бүтээгдэхүүнд их хэмжээгээр хуримтлагддаг. Манай улсад бүртгэгдсэн ивомекийн төрлийн 40 орчим эмийг харьцуулахад тэс өөр байдаг. Гурван эмийн гадагшлах хугацаа 7-10, 11-ийнх нь 21-28 хоног. Цаашилбал, 21-35 хоногийн дотор найман эм гадагшилдаг. Бүр 51 хоног биеэс гадагшилдаггүй ч бий. Харин 11 эмийн гадагшлах хугацаа тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, монгол малд хийсэн суурь үзүүлэлт байхгүйн улмаас ийм тэс ондоо үзүүлэлттэй эм хэрэглэж байна даа. Энэ үзүүлэлтийг тогтоогоод, эмийн бүртгэлээ нарийн хөтлөхөд хүний эрүүл мэнддээ санаа зоволтгүй болох юм.
-Антибиотикийн үлдэгдэл ер нь байх ёстой юу. Хоёр жилийн өмнө Британи улс антибиотикийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг багасгасан шүү дээ?
-Үхрийн нэг кг маханд 100 мкг антибиотикийн үлдэгдэл агуулагдах нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэсэн тооцоо нь монгол малынх биш. Евро стандартынх. Европын ямар малд үүнийг тооцож гаргасныг бид мэдэхгүй. Өөрсдийн гэсэн тооцоогүй тул үнэндээ Америк, Европын стандартыг барьж байна. 2011 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайд эмийн үлдэгдлийн дээд хэмжээ гэж баталсан ч тэр нь мөн л хуулбар. Ямар үүлдэр, чиглэлийн малд тохируулж гаргасныг мэдэхгүй тул сайдын тэрхүү тушаалыг өөрчлөх ёстой юм.
-Вакцин шахах зорилгоор малын гоц халдварт өвчнийг зориуд тараадаг. Тиймдээ ч хил дагуух нутгуудаас гардаг гэх яриа бий. Энэ үнэний ортой юу?
-Хүн, малын гэлтгүй ихэнх өвчин агаар дуслын замаар халддаг. Манайд гарсан малын өвчнүүд ч ялгаагүй. Албаар тараадаг эсэхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ үүний шалтгааныг малын хөдөлгөөнтэй холбож үзэх үндэслэлтэй. Ялангуяа сүүлийн 10-20 жилд хурдан морь, шинэ үүлдрийн үхэр гээд малын хил дамжсан хөдөлгөөн ихэссэн. Өвчтэй мал орж ирэнгүүт хамгийн түрүүнд хилийн хажууд байгаа малд халдварлана. Тиймээс хил дээр юм шиг харагдаад байна.
Нөгөөтэйгүүр, өвчинд хамгийн өртөмтгий мал бол үхэр. Сүхбаатар, Дорнод аймаг үхэр ихтэй. Тиймээс зэрлэг амьтдын нөлөөгөөр өвчин гардаг байхыг үгүйсгэхгүй. Зэрлэг амьтад тухайн вирусээр өвчлөхгүй ч нэг мэдрэг амьтнаас нөгөө мэдрэг амьтанд халдвар дамжуулагч болдог.
Вакциныг мөн замбараагүй шахаж байгааг үндэслэлтэй гэж бодож байна. Тухайлбал, цэцэг өвчний эсрэг вакцин дэлхийд 5-6 төрөл бий. Гэтэл Малын эмийн салбар зөвлөл нэг нэрийн, нэг хүний вакциныг бүртгээд л оруулаад ирдэг. Таван төрлийн вакциныг нэг бүрчлэн ярьж, үнэлээд, аль сайныг нь оруулж ирж яагаад болохгүй гэж. Малд юу ч тарьж байсан хамаагүй гэдэг асуудал манайд түгээмэл. Мал тарихдаа биш өөрсдөө сүүг нь ууж, махыг нь идэж байгаад л гол асуудал бий.
-Монголын мянгат малчдын бараг 30 хувь нь монголчууд биш гэсэн судалгаа байсан. Үүнийг асууж байгаа шалтгаан нь монгол биш хүн малыг маань юугаар тэжээдэг нь их анхаарал татаж байна?
-Манайхан өөрсдөө малаа маллахаа больсон. Нөгөөтэйгүүр манайх шиг хямдхан мал алга. Гадны иргэд малаа чухам юугаар тэжээж байна гэдэг бас л анхаарах ёстой асуудал. Генийн өөрчлөлттэй бэлдмэл болон тарга хүчийг нь сайжруулах зорилгоор даавар, антибиотикоор тэжээвэл бас аюултай. Гэхдээ нэгэнт иргэншлийг нь зөвшөөрч байвал мал аваад маллах нь болох л асуудал байх. Гол нь Монголын хууль, дүрэм журмыг дагах ёстой.
Антибиотикоор тэжээхгүй шүү гэдгийг хуульчилж өгөх ёстой. Манай хяналтгүй тогтолцоог тэд цоорхой болгон ашиглаад байна шүү дээ. Ер нь малын өвчнөөс сэргийлнэ, өвчилсөн малыг бүрэн эмчилнэ, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаална, иргэдээ эрүүл, саруул байлгана гэж байгаа л бол Монголын мал эмнэлэгт эмийн зохистой хэрэглээний эргэлт хийж, нарийн мэргэжлийн боловсон хүчинтэй, олон улсын стандартад нийцсэн бүтэцтэй болох ёстой.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй