Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй
Ярилцлага
Ард түмэн зөвшөөрвөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатартай ярилцлаа.
-Танай намын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ бүлгийн хуралдаанд танилцуулсан уу?
-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дөрвөн үндэслэл бий. Нэгдүгээрт, өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хүн амын тоо, гадаад, дотоод харилцаа болон эдийн засгийн багтаамж тэлж, нийгмийн сэтгэл зүй болон хөгжлийн түвшин ахисан. Тиймээс нийгмийн харилцааг зохицуулж буй Үндсэн хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, эргэж харах ёстой.
Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд тулгамдаж буй зарим асуудал Үндсэн хуулиар шийдэгдэх ёстой гэсэн байр суурийг судлаачид илэрхийлж байна. Тухайлбал, хариуцлагын тогтолцоог хөндөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хариуцлагын тогтолцоо хамгийн ихээр үгүйлэгдэж байна шүү дээ. УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан улс төрийн хүчнүүд ард түмний нэрээр хөрөнгө мөнгө завшиж байна. Үүнд хариуцлага тооцох механизм дутагдаж байна. Мөн төрийн тодорхой албан тушаал эрхэлж буй хүмүүс алдаатай шийдвэр гаргахад хариуцлага тооцож чаддаггүй.
Гуравдугаарт, улстөржилт хэрээс хэтэрч байна. Багийн даргын сонгуулиас эхлүүлээд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль өгөх хүртэл хоёр жилийн хугацаанд сонгуульдаж байгаа. Энэ хугацаанд улс төрийн намуудад хуваагдаж, талцаж, үндэсний эв нэгдэл алдагдахад хүрлээ. Тиймээс гурван сая хүн амтай улс эв нэгдлийг хэрхэн сахихаа Үндсэн хуулиар шийдэх ёстой. Эв нэгдлээ сахиж чадахгүй юм бол цаашид хөгжлийн асуудлыг хөндөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Дөрөвдүгээрт, ард түмэнд тодорхой асуудлаар санал тавьж байгаа. Тухайлбал, засаг захиргаа, нутаг дэвсгэр болон эрх мэдлийн хуваарилалтыг хөндсөн. Парламентын чадавх болон Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудлыг ч тавьж байна. Мөн өмчийн асуудлыг ч ард иргэд хөндөж байгаа. Энэ хүрээнд Үндсэн хуульд хэр хэмжээний өөрчлөлт оруулах, эсэхээ судлах ёстой.
-Нэг нам парламентад олонхыг бүрдүүлж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэх байр суурийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө ашигтай хувилбараар батлах вий гэсэн болгоомжлол бий. УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ямар зарчим баримтлах вэ?
-Дөрвөн зарчим баримтална. Нэгдүгээрт, шинэ Үндсэн хуулийн асуудал яригдахгүй. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэмжээнд л яригдана. Өөрөөр хэлбэл, 1992 онд баталсан Үндсэн хууль цаашид мөрдөгдөөд явна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууж, зөвшөөрсөн тохиолдолд шийднэ. УИХ-д 65 суудалтай МАН дангаараа шийдэхгүй гэсэн үг.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндөх, боловсруулах, хэлэлцэх болон батлах бүх шатандаа олон нийтийн оролцоог хангана. Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчнүүд болон судлаачдын саналыг сонсож, төслөө боловсруулна. 1992 онд баталсан Үндсэн хуульд 900 гаруй иргэний саналыг тусгасан байдаг. Иймд энэ удаагийн парламентаар Зөвлөлдөх санал асуулгын тухай болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд батлахаар ажиллаж байна.
Дөрөвдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсэг УИХ-ын түвшинд байгуулагдаагүй байгаа. УИХ дахь 65 гишүүнтэй МАН-ын бүлэг Ажлын хэсэг байгуулсан. Мөн Ерөнхий сайдын захирамжаар доктор, профессор Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсгийг л байгуулаад байна. Эдгээр Ажлын хэсгээс үнэлэлт дүгнэлт ирэх байх. Үндсэн хуульд органик хууль шиг тодорхой өөрчлөлт хийх нь хэцүү. Учир нь Үндсэн хуулийн нэг үг, өгүүлбэрийн цаана тодорхой агуулга, зохицуулалт байдаг. Тиймээс өөрчлөлт оруулахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, ирэх 25-30 жилийн хөгжлийн чиг хандлагын дүр зургийг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг яарч хийж болохгүй. Гэхдээ ард түмний дийлэнх олонхын саналыг авсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чин эрмэлзэлтэй ажиллаж байгаа.
2000 оны өөрчлөлт нь эрх мэдлийн хуваарилалтыг эвдсэн гэж үздэг
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг дурдлаа. Эдгээр шаардлагад тулгуурлаад ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
-Ямар өөрчлөлт оруулах талаар УИХ дахь МАН-ын бүлэг эцэслэн шийдээгүй байна. Харин хувь улстөрчийнхөө хувьд хэд хэдэн өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, парламент хоёр танхимтай байх ёстой. УИХ- ыг ард түмнээсээ сонгож, 501 гишүүнтэй байх бол Улсын Бага Хурал нь хууль тогтоох байнгын үйл ажиллагаа явуулдаг, 51 гишүүнтэй байна. Улс төрийн намуудын УИХ-д авсан суудлын тоогоор харьцуулан гишүүдийг сонгодог байхаар хуульчлах ёстой гэж бодож байна. УИХ- аасаа Ерөнхийлөгч болон Улсын дээд шүүхийн шүүгч нар болон хууль, хүчний байгууллагын удирдлагыг томилдог байх нь зөв. Мөн улс орны чанартай томоохон асуудлыг шийдвэрлэдэг, Улсын Бага Хурлаас гаргасан хууль, тогтоомжид хориг тавих эрхтэй байх ёстой. Улсын Бага Хурлын гишүүд нь мэргэшсэн байх нь чухал.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарласан, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Засгийн газрын тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллах нөхцөл бололцоог өнөөгийн хууль эрх зүйн орчин хангаж чадахгүй байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд П.Жасрай болон Н.Энхбаярын тэргүүлж байсан Засгийн газар дөрвөн жил буюу бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Бусад нь сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 2-4 удаа солигдож байсан бөгөөд Засгийн газрын дундаж наслалт 1.8-1.9 жил байжээ. Энэ нь Засгийн газар болон Ерөнхий сайдын дархлааг бэхжүүлэх, улмаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэх шаардлага нийгэмд зайлшгүй тулгамдаж буйг харуулж байна.
Түүнчлэн сум, аймаг, дүүргийн Засаг даргыг томилдог тогтолцоогоо илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Сумын Засаг даргыг ард нийт сонгож, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх ёстой. Үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг нь ИТХ хянадаг механизмыг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь намуудын үйл ажиллагааг хязгаарлах, улстөржилтийг багасгахад томоохон хувь нэмэр болно.
-Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах ёстой юу?
-Үндсэн хуульд хот нийслэлийн статусыг зөвхөн Улаанбаатар хот хэмээн тодорхойлсон байдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор хотжилтыг дагасан сөрөг үр дагаврууд дийлдэхээ болилоо. Замын түгжрэл, утаа, хөрсний асуудал гэх мэт маш олон асуудалд шийдэл эрэлхийлж байна. Үүнийг шийдэхийн тулд 10000, 20000-аас олон хүн амтай хот тосгонд хот суурингийн статус олгох, хөгжлийн шинэ төв, суурьшлын бүсүүдийг бий болгох ёстой. Тухайлбал, Дархан, Эрдэнэт, Хархорин, Чойр, Багануур, Дорнод, Ховдыг хотын статустай болгох хэрэгтэй. Ингэснээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ нь Үндсэн хуулийн хэмжээнд авч хэлэлцэх асуудал юм.
» Ард түмний дийлэнх олонхыг саналыг авсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чин эрмэлзэлтэй ажиллаж байгаа.» Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарласан, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй.» 2000 оны долоон өөрчлөлтийг бүгдийг нь авч хэлэлцэх шаардлага байгаа гэдэгт эргэлзэж байна.
-Эдийн засгийн харилцааг зохицуулж буй зүйл, заалтад өөрчлөлт оруулах ёстой юу?
-Монгол Улс 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжиж, хувийн өмчийг бий болгосон. Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага өмчийн харилцаанд суурилсан нийгмийн харилцаа руу чиглэжээ. Сүүлийн үед өмчийн эрхийг хамгаалах асуудал хурцаар тавигдсан. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд иргэд, аж ахуйн нэгжийн өмч рүү халдах, булаах, дарамтлах, өмчөө өөрийн бүрэн эрхийн хүрээнд захиран зарцуулах эрхийг хаах явдал их байсан. Өмчийн эрхийг хамгаалж байж хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэж, хөрөнгө оруулалт орж ирнэ. Иймд өмчийн эрхийг хамгаалсан эдийн засгийн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тодорхой томъёолж өгөх хэрэгтэй.
-Зарим судлаач 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Үүнтэй та санал нийлж байна уу?
-1999 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн парламентад суудалтай улс төрийн хүчнүүд санал нэгдэж, Үндсэн хуульд долоон өөрчлөлтийг оруулсан. Ингэхдээ процедурын алдаа гаргасан гэж үзэж, Цэцийн дүгнэлт гарсан. Үүний дагуу 2000 оны арванхоёрдугаар сард процедурын алдааг засан дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлт нь Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг эвдсэн, парламентын хэвийн үйл ажиллагаа явуулах эрхийг сулруулсан гэж АИХ-ын зарим депутат, Үндсэн хууль тогтоогчдын холбоо болон зарим судлаач үздэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд эдгээр долоон өөрчлөлтийг авч хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ уг өөрчлөлтүүд тухайн үеийн төр засгийн хэвийн үйл ажиллагааг хангах, парламентад олонхыг бүрдүүлж буй намд үйл ажиллагаагаа явуулах боломжийг нээж өгсөн. Иймд долоон өөрчлөлтийг бүгдийг нь авч хэлэлцэх шаардлага байгаа гэдэгт эргэлзэж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй