Хялбар бизнесийн төлөөс
Сурвалжилга
Цахим тоглоомд донтож, эмнэлэгт хандсан хүүхдийн тоо өсчээ
Зуутын дэвсгэртүүдийг хэд дахин нугалж, үрчийтэл нь базсан жаал мөнгөө сарвайгаад “20 минут сунгая” гэхэд тоглоомын газрын эзэн толгой дохин авав. Сурагчдын амралт эхэлсэн тул PC буюу цахим тоглоомын газрууд хөл ихтэй байна. Хажууд нь юу ч болж байсан мэдэхээргүй том, жижиггүй алаан хядаантай тоглоомд улайран сууцгааж байлаа. Дөрвөн жилийн өмнө бага насны хүүхдүүд цахим тоглоомд донтож байна гэж хэсэгтээ шуугисан санагдана. Эрх баригчид ийм тоглоомын газруудыг хааж, баахан сүржигнэсэн. Гэтэл өдгөө дөрвөн жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл алга.
Хүүхдүүд хоногоор PC тоглоом тоглож байна гэсэн мэдээллийн дагуу бид нэлээн хэдэн тоглоомын газраар орсны нэг нь Хайлааст орчимд байдаг интернэт кафе. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн замын эсрэг талд “Интернэт” гэсэн том хаягтай хоёр давхар байшин байна. Үүдээр нь ороход 20-30 насны дөрвөн хүн компьютерийн ард сууж харагдав. Мэдэхгүй хүн бол энгийн нэг интернэт кафе байна гэж бодмоор. Гэвч бидэнд бага насны хүүхдүүд тоглуулдаг өрөө нь хоёрдугаар давхарт бийг мэдээлсэн юм. Үүдний хажуу дахь шат гаднаас орж ирэхэд харагддаггүй юм байна. Шатанд төмөр сараалжин хаалга хийжээ. Тоглох цагаа хэлж, мөнгөө төлсний дараа хаалгыг автоматаар онгойлгож өгдөг юм билээ. Тоглоомын газрын эзэнд сурвалжлага хийж буйгаа хэлбэл биднийг оруулахгүй нь тодорхой байлаа. Тиймээс “дүүгээ хайж явна” гэхэд товчлуур даран төмөр хаалгаа онгойлгож, дээшээ гарахыг зөвшөөрлөө. Ийм хаалгатай тоглоомын газартай өмнө нь таарч байгаагүй учраас эвгүй санагдсаныг нуух юун.
Хоёрдугаар давхарт гарахад өсвөр насны 10 гаруй хүүхэд тоглож байлаа. Тэднээс энд байнга ирдэг, эсэхийг нь асуухад “хааяа л” гэж хариулцгаав. Харин өөрийгөө Эрдэнэбаяр гэж танилцуулсан 12 настай хүү хажуудаа 4-5 настай дүүгээ суулгасан байв. Дүү нь ахынхаа алаан, хядаантай тоглоом тоглохыг нүд салгалгүй ширтэж сууна. Ээж, аав нь ажилдаа явсан тул дүүгээ дагуулж ирсэн нь энэ аж. Гэхдээ хүү байнга тоглодоггүй. Хааяа уйдахаараа, эсвэл мөнгөтэй болохоороо тоглодог гэдгээ дахин дахин хэлж байв. Хүүхдүүдээс энд хонож тоглодог, эсэхийг асуухад толгой сэгсрээд харин нэг буудлын цаана хонуулдаг тоглоомын газар байдгийг хэлэв.
Хүүхдүүдийн зааж өгсөн Хайлаастын автобусны Дунд буудал дээр байх хоёр давхар ногоон байшин руу орлоо. Нөгөө л чийг даасан, гэрэл муутай, хэдэн компьютерийг зайгүй эгнүүлсэн дүр төрх биднийг угтав. Сэрүүхэн учраас бүгд гадуур хувцастайгаа тоглоно. Тоглоом ид өрнөж байгаа бололтой. Тэдний дунд 6-7 настай гэмээр жаал бууддаг тоглоом тоглон суудал дээрээ өндөлзөнө. Ээж, аавынхаа өвөр дээр эрхэлдэг нас атал алаан, хядаантай тоглоомд улайрсныг нь харахад харамсмаар.
Хариуцаж буй залуугаас хэд хүртэл ажилладагийг асуухад шөнийн 23.00 цаг хүртэл ажилладаг гэв. Тус тоглоомын газар орой хэд хүртэл ажилладаг талаар дэргэдэх үсчний газраас тодруулахад “шөнийн 00.00 цагийн үед хүүхдүүд бужигнаж л байдаг” гэв. Үүнээс үзэхэд энд хүүхдүүд хонодоггүй гэх баталгаа алга.
Харанхуй шөнөөр хаалгаа түгжээд тоглуулдаг газар цөөнгүй байна
Уг нь цахим тоглоомын газрыг шөнийн 23.00 цагт хаах ёстой журам байдаг. Гэтэл харанхуй шөнөөр хаалгаа түгжээд тоглуулдаг газар цөөнгүй байна. Өнгөрсөн жил гэхэд цахим тоглоомын газартай холбоотой 14 гомдол ирсний ихэнх нь шөнө ажилладаг зөрчилтэй байжээ. Гэтэл ийм зөрчил гаргасан газрыг 20-40 мянган төгрөгөөр торгодогийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч Ц.Жаргалмаа хэлэв. Хүүхэд хоол унд, нойроо умартан донтон тоглож байхад ашгаа бодон зоосны нүхээр харж буй тоглоомын газрын эздэд энэ торгууль багадна. Хүүхдүүд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсны төлөөсийг тэд төлөхгүй. Өөрийнх нь хүүхэд байсан бол тэд хонон өнжин тоглохыг хэрхэвч зөвшөөрөхгүй нь лавтай.
2014 оноос хойш хуулийн байгууллагаас нийт 266 иргэнд цахим тоглоомын газар ажиллуулах зөвшөөрөл олгожээ. Эдгээрээс 2013 онд гарсан “Цахим тоглоомын газрын ажиллах журам”-ыг бүрэн биелүүлдэг нь ховор юм байна. Наад зах нь “интернэт” гэсэн хаягийн доор үйл ажиллагаа явуулдаг. Цаашлаад бага насны хүүхдийг 18.00 цагаас хойш оруулахгүй гэснийг ч үл тоомсорлож байна. Гар угаах, бие засах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэсэн заалтыг ч бүр дурдахаа больё.
Энэ мэт зөрчлүүд гэр хорооллын тоглоомын газруудад харьцангуй их ажиглагдлаа. Гэр хорооллын хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс, ихэнх нь гэртээ интернэтгүй учраас ийнхүү тоглоомын газраар хэсдэг бололтой. Энд хуучин дэлгүүрийн барилга түрээслээд, эсвэл амьдардаг байшингаа хоёр давхар болгоод тоглоомын газар ажиллуулж буй нь олон. Нэг тохижуулсан байхад зардал, чирэгдэл багатай учраас энэ төрлийн бизнес эрхлэх хүсэлтэй хүн олон байдаг биз.
Өдгөө компьютер тоглоомын хор уршгийг мэдэхгүй хүн ховор болсон. Хүүхдүүд ч удаан хугацаагаар тогловол муу гэдгийг мэддэг болж. Гэхдээ мэддэг байлаа гээд өөрийгөө татаж авч чаддаггүй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2013 онд 31, 2014 онд 47, 2015 онд 41 хүүхэд дэлгэцийн донтолтоос болж хэвтэн эмчлүүлжээ. Харин өнгөрсөн онд энэ тоо 68 болж өссөн байна.
PC тоглодог хүүхдийн тоо ийнхүү буурахгүй байгаа нь эцэг, эхчүүдтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд сануулж байлаа. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Д.Лхамсүрэн “Гэр бүлийн хайр халамж дутсан, PC тоглоомоос өөр сэтгэл ханамж авах зүйлгүй болсон хүүхдүүд тоглоомонд донтдог. Тэдний анхаарлыг өөр зүйлд хандуулж, хайраар дутаахгүй байвал хүүхдүүд олон цагаар компьютер шагайж суудаггүй. Тиймээс цахим тоглоомд хүүхэд чинь донтсон бол хүүхдээ чичлэхээс илүү өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй” гэв.
Ажил, амьдрал гэж толгой өөд таталгүй явсаар байтал таны хүүхэд “цахим эриний тахал” гэж нэрлэгдээд буй дэлгэцийн донтолтод өртсөн байх вий, анзаараарай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй