Утааны дайсан - эко яндан
Технологийн цаг
60 тэрбум төгрөгөөр бохирдлыг 80 хувь бууруулах боломж бий
Нүүрс түлж, утаа ялгаруулсан ч орчноо бохирдуулахгүй аж төрөх олон шийдлийн нэг нь эко яндан юм. Энэ бол монгол хүний зохион бүтээсэн дэлхийд данстай бүтээгдэхүүн.
“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнд анхаарал татсан олон төхөөрөмж байсан ч хамгийн шилдэг, нэн шаардлагатай нь эко яндангийн багц байлаа.
Нүүрсний утааг 100 хувь шүүдэг “Arya” хэмээх яндангийн багц бол зохион бүтээгч З.Золжаргалын нээлт. Ийн хэлж буй нь эл бүтээлээрээ тэрбээр 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Шилдэг шинийг санаачлагч” шагнал авчээ. Өнгөрсөн хугацаанд бүтээлээ улам сайжруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод буй аж.
“Монгол ахуйгаас зуухыг шууд хална гэж байхгүй шүү дээ. Эко сууц барьсан хүмүүс ч орчин үеийн зуухтай. Тиймээс зууханд гал түлж л байгаа бол эко яндан суурилуулдаг болчихвол утаанд санаа зоволтгүй” хэмээн З.Золжаргал учирлав.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах олон шийдэл бий. Ихэнх нь урт хугацаанд үр дүнгээ өгнө. Гэтэл энэ бүхнийг хүлээх хугацаа бидэнд байхгүйг уушги нь утаа шүүгч болсон иргэдийн эрүүл мэнд бэлхнээ харуулна. “Arya” яндангийн ид шидийг онцлох болсон шалтгаан бол чухам энэ.
Уг багц нийтдээ гурван төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Зуухны суурь, дулаан цацруулагч нь зууханд үүссэн дулаан илчийн гэрт хүртэх боломжийг нэмэгдүүлдэг. Харин эко яндан нь агаарт цэвэр утаа ялгаруулах үүрэгтэй. Тус бүрийг нь тайлбарлая.
СУУРИЙГ ОРЛОХ ШҮҮЛТҮҮР
Зуух бүрийн доор суурь тавьдаг. Багц төхөөрөмжийн нэг болох суурь нь ахуйд нийцэж, байгальд ээлтэй хоёр үүрэг гүйцэтгэдэг. 100х80х10 см-ийн хэмжээтэй суурь нь яндангийн хоёр углуургатай аж. Нэгэнд нь зуухны янданг тахийлган холбоно. Харин нөгөөд шулуун яндан углаж, гэрийн тооноор шууд гаргана. Зуухнаас гарч буй халуун утаа хамгийн түрүүнд тахир яндангаар дамжин сууринд ордог. Ийн орохдоо сууринд бэхэлсэн шүүлтүүрээр утааны тодорхой хэсэг шүүгддэг аж. Утааг дагаж орж ирсэн дулаан нь суурийг халааж, тусгай цацруулагч металлын тусламжтай орчноо төөнөдөг байна. Харин нөгөө яндангаар нь утаа агаарт гадагшилна.
ЭКО ЯНДАН
Сууринд тодорхой хэмжээгээр шүүгдсэн утаа яндангаар дамжиж гадагшлахдаа мөн дахин 100 хувь цэвэршинэ. Энэ үүргийг үндсэн бүтээгдэхүүн болох шүүлтүүртэй яндан гүйцэтгэдэг байна. Гэрийн яндангийн оройд суурилуулснаар утааны нарийн тоосонцрыг хамгийн үр дүнтэй шүүдэг аж.
Эко яндангийн дээд хэсэгт 0,85 кВт-ийн цахилгаан мотор бий. Зууханд түлш асаж эхэлмэгц үүний тусламжаар богино хугацаанд бүрэн шаталтанд ордог байна. Дүлэгнээд байдаг нүүрс ч ялгаагүй. Ингэснээр хорт утаа богино хугацаанд, маш нарийн шүүлтүүрээр гадагшилна гэсэн үг. Өдөрт гурван удаа галлана гэж тооцвол зөвхөн яндангийн моторны эрчим хүчний төлбөрт сард 2000 төгрөг төлөх юм. Харин дулаанд зарцуулдаг эрчим хүчээ 50 хувь хэмнэх боломжтой. Цахилгаан мотор түлшний бүрэн шаталтыг дэмжсэнийхээ дараа автоматаар унтардаг. Өөрөөр хэлбэл, галлаж эхэлснээс хойш хагас цаг орчмын дараа яндан цахилгаан зарцуулахаа автоматаар болих юм. Хэрэглээний хувьд бүх төрлийн зууханд тавих боломжтой. Зөв, буруу галлагаа ч яндангийн үр дүнд нөлөөлөхгүй.
ДУЛААН ЦАЦРУУЛАГЧ ЯНДАН
Зуухнаас ялгарч буй дулааны нэлээд хэсэг нь яндангаар дамждаг. Гэвч халуун төмрөөр хайрах мэт тэр их дулаан эргэн тойронд огт хүртдэггүй. Харин “Arya” иж бүрдлийн дулаан цацруулагчийн тусламжтай яндангийн дулааныг гэртээ тогтоон барих боломжтой.
Биднийг туршилтын гэрт ороход яндангийн талаас доод хэсэгт дулаан цацруулагчийг тавьсан байв. Гарын алгаа ойртуулбал яндангийн дулаан бараг хагас метрээс төөнөх аж. Харин дулаан цацруулагч тавиагүй дээд хэсгийг алгаа наах шахам ойртуулж байж яндан түлмээр халж буйг мэдрэв. Цайрт төмрийн тусламжтай зууханд бий болсон дулааны хүртээмжийг ийнхүү нэмэгдүүлжээ.
ХЯЛБАР ХЭРЭГЛЭЭ
Янданг сардаа хоёр удаа хөөлнө. Гэхдээ тоншиж эсвэл сугалж аваад цэвэрлэх шаардлагагүй. Гэр дотроосоо унжлагаас нь нэг татахад л янданд хуримтлагдсан тортог зууханд бууна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настнуудад түвэг багатай байхаар эл шийдлийг гаргаж ирсэн байна. Үүнээс гадна цахилгаан тасарсан болон яндан тортогоор дүүрсэн үед ч аюулгүй ажиллах горимыг нь хангаж өгчээ. Ийм горимоор ажиллавал утааг 70 хувь л шүүх аж. Мөн гал түймэр гарах эрсдлийг ч гэсэн тооцсон байна. Хэт хүчтэй галласны улмаас яндангаас цог гарч, дээвэр дээр унаснаас гал авалцах эрсдэл их. Тэгвэл эко яндантай бол хэчнээн хүчтэй галласан ч цог гаргахгүй.
Өртгийн хувьд яндангийн нэг багц 300 мянган төгрөгөөр босож буй аж. Харин үйлдвэрлэлд нэвтрүүлж, үйл ажиллагааны зардалдаа хэмнэлтээ шингээснээр нэгж үнийг нь үүнээс буулгах боломжтой юм байна. Нийслэлийн хэмжээнд 200 мянган өрхийг хоёр жилийн дотор эко яндангаар хангахад 60 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь улсын төсөвт агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс цугладаг хоёр жилийн төлбөртэй тэнцэх дүн юм.
Хамгийн гол нь богино хугацаанд агаарын бохирдлыг багасгах нэг шийдэл гэдэг нь олзуурхууштай. 200 мянган өрх хэрэглэвэл нийслэлийн агаарын бохирдол 80 хувь багасна гэсэн үг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй