Хаягдал шилийг дахин боловсруулж, дулаалгын материал гаргасан
Ярилцлага
Үнэгүй бэлэн түүхий эдийг зах зээлийн эргэлтэд оруулна гэдэг том дэвшил
Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийнхэн хаягдал шил боловсруулж, дулаалгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэж байна. Уг технологийг нээснээс хойш гурван жил өнгөрч буй ч одоо л эцсийн бүтээгдэхүүн гаргах боломтой болсныг тус хүрээлэнгийн инноваци хариуцсан мэргэжилтэн Б.Мэндбаяр хэллээ. Тус хүрээлэнгийн шил, шилэн бүтээгдэхүүний лабораторийн өрөөнд шилээр урласан хөрөг дүр, шилэн таваг, аяга сэлтийг эгнүүлэн тавьжээ. Архины лонхыг хайлуулан буталж, элс шиг болгон боловсруулаад явган хүний замын хавтан хийсэн байна. Ингээд бид Б.Мэндбаяртай уулзаж, ярилцсанаа хүргэе.
-Шилийг дахин боловсруулж, дулаалгын хөөсөнцөр материал хийж байгаа гэсэн. Бусад дулаалгын материалаас ямар давуу талтай вэ?
-Хаягдал шил цуглуулж, бутлаад, үүнийгээ өндөр градуст хайлуулж, өөрсдийнхөө гаргасан технологиор цемент зэрэг бусад зүйлтэй холиод дулаалгын хөөсөнцөр блок гаргаж авсан. Бидний гаргасан хөөсөнцөр хавтан бусад дулаалгын материалаас бат бөх чанартай. Хамгийн гол нь хаягдал шилээр үйлдвэрлэж байгаа тул өртөг нь өндөр биш.
-Гаднын орноос технологийг нь нутагшуулсан юм уу, эсвэл манай эрдэмтэд шинэ технологи гаргаж авсан юм уу?
-Гаднын улс орнуудад ийм технологи байдаг. Гэхдээ манай хүрээлэнгийнхэн өөрсдийн аргаар дулаалгын хөөсөнцөр хийсэн. Хаягдал шил ашиглахад ямар бүтээгдэхүүн гарч байна гэдгийг судалж, туршсан. Бид хаягдлаар юу хийж болох талаар удаан судалсан. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал цагаан шороог дахин боловсруулж, шил гаргаж үзсэн. Энэ гаргаж авсан шилээ бутлаад хөөсөнцөр блок хийсэн. “Эрдэнэт”-ийн цагаан шороо бол уул овоо шиг элбэг байна шүү дээ. Ийм үнэгүй зүйлийг үнэтэй болгож хувиргаж байна л гэсэн үг.
-Хаягдал шилээр хэр хэмжээний хөөсөн блок үйлдвэрлэсэн бэ. Захиалгаар хийж өгөх боломж хэр байна вэ?
-Одоохондоо туршилтаар цөөн тоогоор үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэл явуулна гэвэл тоног, төхөөрөмж, байрнаас эхлээд олон зүйл хэрэг болно. Эхний ээлжинд лабораторийн туршилтаар бэлэн болголоо. Гадуур борлуулж буй дулаалгын материалаас хөнгөн жинтэй, дулаан алдалт бага гэдгийг тогтоосон. Үйлдвэр байгуулах гэхээр хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгараад байна.
-Гаргаж авсан хөөсөн блокоо чанартай гэдгийг юугаар батлах юм бэ?
-Туршилтаар гаргаж авсан хавтангууд бусад дулаалгын материалтай харьцуулж үзэхэд илүү чанартай нь нотлогдсон.
-Үйлдвэр байгуулахад хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа вэ. Тооцоолол гаргаж үзсэн үү?
-Уг нь хаягдал шил бол үнэгүй бэлэн түүхий эд. Гэхдээ тоног, төхөөрөмжийн үнэ өндөр болохоор барагцаагаар долоон тэрбум төгрөг хэрэг болох юм билээ. Бид олон удаагийн үзэсгэлэнд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан. Сонирхсон хүн бүр ам сайтай байсан. Хэрэв санхүүгийн боломж бүрдээд үйлдвэр байгуулчихвал зах зээлд эрэлттэй байх болов уу. Гол нь шил хайлуулдаг зуух хүчин чадал сайтай, их багтаамжтай байх ёстой.
-Нэг хөөсөн блок гаргаж авахад хэр хэмжээний шил орох вэ?
-Олон шил хайлуулах шаардлагагүй. 0.75 граммын нэг лонх хайлуулахад хааш хаашаа 25 см-ийн хэмжээтэй хавтан гарна. Манай хүрээлэнгийн энэ лаборатори шил шилэн бүтээгдэхүүний төслийн шугамаар тоног, төхөөрөмжтэй болсон. Хаягдал шилийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг удаан судалж байж, ийм үйлдвэрлэл эхлүүлсэн.
0.75 граммын лонхоор хааш хаашаа 25 см- ийн хэмжээтэй хавтан хийнэ
-Хөрөнгө оруулах газар олдохнь уу. Гаднаас хөрөнгө босгох талаар судалж үзсэн үү?
-Зарим компанийн удирдлага сонирхож л байсан. Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа болохоор зориг гаргаж хөрөнгө оруулах газар ховор байх шиг байна. Манай хүрээлэнгийнхэн ӨМӨЗО-ы үзэсгэлэн худалдаанд оролцсон. Тэндхийн нэг бизнесмэн их сонирхож байсан. Одоогоор холбоо тогтоогоогүй л байна. Ер нь үйлдвэрлээд эхэлчихвэл захиалагч нар бий. Их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болчихвол барилгын компанийнхан авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
-Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд барилгын дулаалгын хамгийн сайн тохирсон материал болж чадах уу?
-Эрдэмтдийн үзсэнээр Монгол орны уур амьсгалд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн болсон. Материал нь өртөг хямд учраас зах зээлд нийлүүлэх ханш нь боломжийн байна байх. Эхний ээлжинд үйлдвэрлэл явуулахад гол нь шил хайлуулах хүчин чадал сайтай, их багтаамжтай зуух л хэрэгтэй байгаа.
-Хаягдал шил боловсруулж явган хүний замын хавтан хийсэн гэл үү. Энэ бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэр тохирсон бэ?
-Шавар тоосготой харьцуулашгүй чанартай материал болсон. Давуу тал нь хөнгөн, өртөг багатай. Гэхдээ бид архины шилийг боловсруулахдаа өнгөөр нь ялгаж хайлуулдаг. Бас өнгө оруулдаг. Байгальд ээлтэй эко технологи гэж дүгнэж болно. Архины шилийг хайлуулж хийсэн хөөсөнцөр хавтангаа дахин боловсруулж болдог. Тиймээс хог хаягдал гарахгүй. Мөн Буйр нуурын элс кварц өндөртэй болохоор шил хийхэд илүү тохиромжтой байдаг. Буйраас бага зэрэг элс авчирч шил хийж туршсан.
-Танай эрдэмтдийн гаргасан хөөсөнцөр блокоор хувийн байшин барьж болох уу?
-Болно. Дулаан алдалтыг 4-5 дахин бууруулдаг болохоор сайн технологи гэж үнэлээд байгаа. Ер нь бол дулаанд хэмнэлт гаргана гэсэн үг. -Хөөсөнцөр болон явган хүний замын хавтангаас өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзэв үү? -Бэлэг дурсгалын шилэн эдлэл хийсэн. Бас таваг, аяга ч хийж үзлээ. Уг нь үйлдвэрлэлээ эхлүүлчихвэл олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр байна. Одоо хэв бэлдэж байгаа. Ямар хэмжээгээр хийхээ нарийн тогтоох шаардлагатай байна. Технологио гаргаад 2014 оноос “Алтан шил” нэртэй гарааны компаниа байгууллаа. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх л үлдээд байна. Гарааны компанийг хөл дээр нь бостол ШУА дэмжих бололцоогүй учраас бид өөрсдөө санхүүжилт хайж байна. Судалгааны ажил гэж үзээд байвал энэ технологи лабораторид л үлдэнэ. Тэгэхээр гарааны компани байгуулаад, үйлдвэрлэлд нэвтрүүлвэл удаан хугацаанд судалгаа хийсний ашиг тус гарах юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй