Амжилтаа ахиулах аян

Нийтлэл

Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангана

Хатаж, хагарсан талбайг амилуулсан түүх бидэнд бий. 2000 оны эхэн. Талбай эзгүйрч, тариалан зогсох дөхсөн үе. Буудайгаар бялхаж байсан монголчууд шуудайн ёроолоо харлаа. Хэрэгцээнийхээ хаана ч хүрэхгүй хүнсийг хураан авсан бараан түүх бий. Тухайн үед тариалангийн үйлдвэрлэл олон арав дахин буурчихсан. Ялангуяа 2005 он. Улсын хэмжээнд ердөө 70 мянган тонн буудай хураан авчээ. Энэ бол жилийн 300 мянган тонн буудайн эрэлттэй монголчуудын хэрэгцээний хэдхэн хувийг л хангах дүн. Буудайн гачигдал үүссэн тул гадаадаас худалдаж авсан. Уудам нутгийг эзлэн суудаг монголчууд хилийн чанадаас хэдэн жил дараалан буудай зөөсөн юм. Энэ гунигт дүн шинэ зууны эхэнд тариалангийн салбар хэрхэн унаж, доройтсоныг тодорхой хэлээд өгнө. Ийм л баргар байдал манай стратегийн тулгуур салбарт нүүрлээд байв.

Азаар энэ бүхэн ард хоцорчээ. 2007 оноос эхэлсэн “Атрын III” аян газар тариалангийн салбарт эргэлзээгүй хувьсал авчирсныг салбарынхан хэлдэг. Тоон үзүүлэлтүүд ч баталдаг. Аян хэрэгжиж эхлээд үр дүнгээ өглөө. Гараанаас гарсан хоёр жилийн дараа манай улс сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн их хэмжээний ургацаа хураан авсан байдаг. Статистикийн байгууллагын мэдээллээр 344.5 мянган тонн буудай, 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ.

Ингээд зогсоогүй. Жилээс жилд урагшлав. 2015 оныг эс тооцвол буудайн хэрэгцээгээ дотоодоосоо хангасан юм. Энэ өвөл ч хүн царайчлахгүй ургацаа өнгөрсөн намар базаагаад авчихсан. Улаанбуудайн нөөц дотоодын эрэлтийг давж байгааг салбарын яамнаас мэдээлсэн юм. Үндсэн үзүүлэлтүүд өссөнөөр барахгүй салбарын компаниуд ч өөдлөв. Хөл дээрээ баттай зогссон болохыг хувийн хэвшлийн төлөөлөл илэрхийлдэг. Товчхондоо, С.Баярын гэх автортой “Атрын III” аян эзгүйрсэн талыг сэрээжээ.

Тэгвэл уруудсан салбарыг сэвхийтэл босгосон энэ аяныг эргэн сэргээхээр төлөвлөж буйгаа Засгийн газар мэдэгдлээ. Өнөөгийн байдлаар Монгол Улс улаанбуудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо нийлүүлж байна. Мөн эх орны хөрсөнд ургасан төмсөөр ч толгой өвдөлгүй хүн амаа хангаж байгаа юм. Харин хүнсний ногооны 48 хувийг хангаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн.

Аян үргэлжилснээр зарим тоон үзүүлэлт ахина гэж албаныхан үзэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр “Атрын III” аянаар амжилтаа ахиулахаар төлөвлөж байна. Салбарын яамнаас ч тодорхой зорилтуудыг хэдийнэ зоочихож.

Юун түрүүнд, технологи шинэчилж, инноваци нэвтрүүлнэ. Энэ зорилт аяны тэргүүнд бичигдэж байна. Тухайлбал, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлнэ. Тоног төхөөрөмж импортоор авах улсуудын талаар ч судлаад эхэлжээ. Эхлээд тариаланчдын саналыг сонссон байна. Улмаар ОХУ, Беларусийн тоног төхөөрөмжийг худалдан авах сонирхолтойгоо илэрхийлсэн. Тиймээс Беларусийн талтай тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ, хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Беларусийн Засгийн газраас бүх төрлийн тоног төхөөрөмжийг 20 жилийн хугацаатай зээлээр олгох санал тавиад байгаа юм байна.

» Газар тариалангийн салбарт технологио шинэчилж, инноваци нэвтрүүлнэ.
» Хүнсний ногоо хадгалах агуулахаас гадна арга технологийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
» Тэрчлэн хагарсан хөрсийг эмнэх ажил ч “Атрын III” аянд багтжээ.
Үүнээс гадна үрийн бодлогыг цэгцэлнэ. Монгол орны хуурай, ширүүн уур амьсгалд тохирсон буудайн үр нутагшуулах ажлыг эрчимжүүлнэ. Мөн үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр ажлыг шат дараатай хийснээр манай улс ирэх жилүүдэд 600-800 мянган тонн улаанбуудай хурааж авах боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

Тэрчлэн хүнсний ногоогоор эх орны хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьжээ. Одоогоор хүнсний ногооны тал хувийг л бид хангаж байгаа. Энэ тоог 100 хувь руу дөхүүлнэ. Энэ зорилготой зэрэгцээд нарийн ногооны тариалалтыг ч эрчимжүүлэх аж. Бас таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангахаар зураглаж байна.

Цаашлаад агуулах, савыг ч мартсангүй. Хүнсний ногооны эрэлтийг хангахад хадгалах агуулах, савны асуудал урган гардаг. Өвөл, хаврын цагт хүнсний ногоо хадгалах агуулахаас гадна арга технологийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хагарсан хөрсийг эмнэх ажил ч “Атрын III” аяны төлөвлөгөөнд багтжээ. Тариалангийн талбайн элэгдлийг хамгаалж, хөрс ашиглалтыг сайжруулахаар зэхэж байна. Аяны хүрээнд сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт тулгараад буй асуудлыг цогц хэлбэрээр шийдэхээр төлөвлөж буйгаа салбарын яамнаас мэдээлсэн. Уг аян урагшилбал өмнөх жилүүдэд гарсан амжилт ахих нь.
САНАЛ БОЛГОХ