“Deutsche Bank” АНУ-д 3.1 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр тохиролцлоо

Мэдээ

“Deutsche Bank” орон сууцны зээлийн үнэт цаас хууль бусаар гаргасантай холбоотойгоор АНУ-ын Хууль зүйн яамтай 7.2 тэрбум ам.долларын тохиролцоонд хүрсэн байна. Үүгээр тус банк холбогдсон томоохон хэргүүдийн нэгээ эцэслэн шийдвэрлүүллээ. Тохиролцооны хүрээнд “Deutsche Bank” АНУ-д 3.1 тэрбум ам.долларын торгууль, орон сууц эзэмшигчдэд 4.1 тэрбум ам.долларын нөхөн олговор олгохоор болж байна.

“Deutsche Bank” өнгөрсөн сард хэрэг шийдвэрлэх шатандаа орсон талаар мэдэгдэж байсан юм. Тус банк ийнхүү "Орон сууцны зээл олгох үйл ажиллагаандаа хөрөнгө оруулагчдад буруу ухуулга хийж хөрөнгө оруулагч нар болон АНУ-ын энгийн иргэдэд ноцтой хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, хуулийн өмнө хариуцлагаа хүлээхээр болсон" гэж АНУ-ын Хууль зүйн сайд Лоретта Линч мэдэгджээ. Тэрбээр “Deutsche Bank” хөрөнгө оруулагчдыг хуураад зогсохгүй 2008 оны санхүүгийн хямралд "шууд" байдлаар нөлөөлсөн гэдгийг онцолсон байна.

Дээрх банк орон сууцны зээлийн үнэт цаас хууль бусаар гаргасан хэргээ өнгөрсөн оны есдүгээр сард шийдвэрлүүлэхээр хэлэлцэж байсан ч АНУ-ын Хууль зүйн яамнаас анх 14 тэрбум ам.долларын торгууль ногдуулах санал гарсан аж. Тухайн үед энэхүү их хэмжээний мөнгө “Deutsche Bank”-нд байхгүй гэх мэдээлэл гарсны дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид тус банкны хувьцааны ханш унаж доод цэгтээ хүрч байжээ.




САНАЛ БОЛГОХ