Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.1 хувиар өсөв

Мэдээ

Үндэсний Статистикийн Хорооноос 2016 оны нийгэм эдийн засгийн зарим тоон үзүүлэлтүүдийг нэгтгэн танилцууллаа. Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нийгмийн зарим үзүүлэлттэй уялдуулаад харвал эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2016 онд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо таван хувиар өсөж, 34.4 мянгад хүрээд байна. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, орлогын өсөлт саарахын хэрээр дотоод эрэлт хумигдаж, инфляцын түвшинд нөлөөлж байгаа юм. 2016 оны хоёрдугаар хагаст дефляци гурван сар дараалсан боловч жилийн дүнгээр инфляцид шилжин 1.1 хувьтай гарлаа. Энэ нь Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувь болон “Bloomberg”-ийн шинжээчдийн дунд явуулсан хүлээлтийн таамаг болох 1.2 хувиас доогуур дүн боллоо. Төсвийн алдагдал 2016 онд 3.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.2 дахин өссөн нь макро эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулсан сөрөг үзүүлэлт болж байна.

Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлт 12 их наяд төгрөгт хүрч, 19.2 хувиар өссөн дүнтэй байна. Харин банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд 83 тэрбум төгрөг давсан нь жилийн өмнөхөөс 24.5 хувиар огцом өссөн тааруу дүн болж байгаа аж. Дотоод эрэлт буурахын хэрээр импортын түвшин буурч нүүрс, алт тэргүүтэй түүхий эдийн ханшийн өсөлт экспортын орлогыг дэмжсэн жил байлаа. Нийт импорт жилийн дүнгээр 11.6 хувиар буурч, 3.3 тэрбум ам.доллар, экспорт 5.3 хувиар өсөж, 4.9 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Улмаар нийт тэнцэл ашигтай гарчээ.




САНАЛ БОЛГОХ