Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 17.9 хувиар буурав
Дотоодын барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2016 онд өмнөх оноос 17.9 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Барилгын компаниуд 2016 онд урьдчилсан гүйцэтгэлээр хоёр их наяд 37.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн байна. Үүнээс 94.6 хувь нь дотоодын, 5.4 хувь нь гадаадын барилгын компанийн гүйцэтгэл хамаарч байгаа аж. Барилга угсралт, их засварын ажлын 34 хувийг орон сууцны барилга эзэлсэн бол орон сууцны бус барилга 33.9 хувь буюу ойролцоо хэмжээтэй байжээ. Нийт гүйцэтгэлийн 29.8 хувь нь инженерийн барилга, байгууламж, үлдсэн 2.2 хувийг их засварын ажил эзэлж байна. 2016 онд ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр огцом буурсан нь борлуулалтыг бууруулж, улмаар орон сууцны барилгын ажил өмнөх оноос 10 нэгж хувиар буурахад нөлөөлжээ.
Барилгын компаниуд шинэ орон сууцны барилгын бизнес эхлүүлэхээсээ илүү гүйцэтгэлийн шатандаа байгаа төслүүдээ эрчимжүүлж дуусгах чиглэл баримталж байгааг салбарынхан онцолж байна. Эрэлт буурахын хэрээр нийлүүлэлтийн илүүдэл бий болж байгаатай зэрэгцэн үнэ ханш буурсаар байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс өмнөх оноос 4.6 хувиар буурсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос албан ёсоор мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй