Хэрэглээг өөгшүүлсэн хуулийн цоорхой

ЗГМ: Сэдэв

Колумбын хамгийн зартай хар тамхины наймаачин “галзуу” хочит Даниэль Баррерагийн шүүх хурал 2016 оны долдугаар сарын 25-нд болж, Нью-Йорк хотын тойргийн шүүхээс түүнд 35 жилийн хорих ял оноож, 10 сая ам долларын торгууль ногдуулжээ.

49 настай Баррераг АНУ болон бусад орнуудад 1998-2010 онд 720 тонн кокаин үйлдвэрлэж, 5000 кг-ийг тээвэрлэсэн хэрэгт буруутгасан байна. Түүнийг 2012 онд Венесуэлээс баривчилж, нэг жилийн дараа АНУ-д шилжүүлсэн юм. Тэрбээр 2014 онд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч шүүх бүрэлдэхүүн ялын дээд шийтгэлийг оноожээ.

Манай улсад 2010 оноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэрэг мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж, өнөөдөр аюулын харанга дэлдэж байна. Албан бус судалгаагаар хар тамхи хэрэглэгчийн тоо 70 мянга хол давжээ. Тэр дундаа цагаан тахалд донтогсдын нас улам залуужиж, дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэдэг бүх төрлийн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм манай улсад орж ирсэн төдийгүй худалдан борлуулдаг бүлэглэл бий болсон гэх.

Гэвч бид “Хар тамхинд донтогсод нэмэгдлээ. Тэд улам залуужиж байна. Хар тамхины ийм хэрэг гарлаа” гэдгээс өөрөөр хар тамхины хор хохирол болон хуулийн хүрээнд ямар ял шийтгэл ногдуулдаг талаар дорвитой дугаарч, мэдээлж байсангүй. Тиймээс манай улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хүрээнд ямар хариуцлага ногдуулдаг талаар судалж үзлээ. Харамсалтай нь, төсөөлж байснаас харьцангуй доогуур үр дүн гарсныг нуулгүй хэлэх нь зүйтэй болов уу.

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ
Эрүүгийн хуулийн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2002 онд батлагдаж, 2011 онд шинэчлэн найруулжээ. Одоогоор энэ хуулийн зүйл заалтын хүрээнд хар тамхитай холбоотой бүхий л гэмт хэргийг шийдвэрлэж байгаа юм. Тэгвэл 2016 онд дахин шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд хар тамхитай холбоотой гэмт хэргийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулжээ. Одоо мөрдөж байгаа болон удахгүй мөрдөх хуулийн хүрээнд ямар өөрчлөлт орсныг бид нягталж, албаны хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан юм.

Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэнд хяналт тавих хуульд зааснаар сэтгэцэд нөлөөлөх эмийн тухай зүйл заалтыг авч, Зөрчлийн тухай хуульд тусгажээ. Энэ хуулийн 5.3 дээр тайвшруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн худалдсан, эсвэл зохих зөвшөөрөлгүй худалдсан бол 100-500 мянган төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авна гэж заажээ. Энэ нь нэг талаар хар тамхины хэрэглээ, худалдааг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа юм.

Албаны хүний хэлснээр “Хамгийн гол нь сэтгэцэд нөлөөлөх эмийг эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангуудад борлуулдаг. Өнөөдөр бид эмийн зах зээлийг хянаж чадахгүй байна. Донтогсод эмийн сангаас олноор нь худалдан авах эрсдэл байна. Бүр муугаар бодвол бөөний төвөөс их хэмжээгээр нь авч, гадуур худалдах , эмийн хар зах зээл үүсэх нөхцөл бүрдэнэ. Учир нь сэтгэцэд нөлөөлөх эмийн зүйл заалтыг Эрүүгийн хуулиас авсан болохоор үүнээс сэрэмжилж байна. Донтогсод сэтгэцэд нөлөөлөх эмийг хэрэглэсэн, худалдан авсан, бусдад худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, зөрчлийн хуулиар шийтгэгдэнэ. Уг нь энэ үйлдэл нь эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдох учиртай” гэв.

Шинэ хуульд сэтгэцэд нөлөөлөх эмийн зүйл заалтыг ийн орхигдуулсан нь хамгийн том алдаа болж мэдэхээр байгаа юм. Мэдээж хэрэг сэтгэцэд нөлөөлөх эмийг эмчийн жороор буюу нэг, хоёр ширхэгээр нь худалдах ёстой. Гэтэл донтсон хүмүүс үүнийг олноор нь хэрэглэж, түүндээ мансуурч, солиорч эхэлбэл нийгэмд аюултай үйлдэл хийж, гэмт хэрэг нэмэгдэх нь гарцаагүй. Хар тамхийг дагаад хулгай, дээрэм, биеэ үнэлэлт, хүний наймаа гээд олон муу муухай хэрэг үйлдэгдэж байдаг. Эцэстээ энэ эмийг олж авахын тулд хууль бус хар зах зээл гаарах эрсдэлтэй. Тиймээс сэтгэцэд нөлөөлөх эмийг зөрчил төдийхнөөр харж огтхон ч болохгүй.

ХҮНИЙ ЭРХ БА ХУУДУУТАЙ ХУУЛЬ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын конвенцэд Монгол Улсын нэгдэн орсон. Энэ конвенцийн хүрээнд хүний эрхийг хамгаалах зүйл заалтыг тодорхой тусгажээ. Хамгийн сонирхол татсан заалт нь хар тамхи хэрэглэсэн хүнд хариуцлага тооцдоггүй юм байна. Хар тамхийг архи уухтай адил хувь хүний эрх хэмээн үздэг аж. Тиймээс манай улс хар тамхи хэрэглэсэн этгээдэд хуулийн хүрээнд Зөрчлийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиар согтуурсан, мансуурсан гэсэн зүйл заалтаар эрүүлжүүлж, арга хэмжээ авдаг. Удахгүй хэрэгжих хуульд ч мөн адил хэрэглэсэн хүнд ямар хариуцлага тооцох тухай зүйл заалт байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг хар тамхи хэрэглэсэн этгээд үүнийг ямар нэг аргаар хууль бусаар олж авсан, хадгалсан, эсвэл тээвэрлэсэн байдаг. Тиймээс энэ тохиолдолд 5-10 жил, улсын хилээр зохион байгуулалттай оруулж ирсэн бол 25 жилийн ял оноох заалттай.

Гаднын оронд мансууруулах бодисын агууламжийг тодорхой бичсэн байдаг. Тэдэн граммаас доош агууламжтай бол мансууруулах бодист тооцохгүй, тэдээс дээш байвал тооцно гэх мэт. Харамсалтай нь, манай улсын лаборатори мансууруулах болисын хувь хэмжээг порцентоор нь гаргах нь битгий хэл найрлагыг нь ч заасан юм алга. Мансууруулах бодисын агууламж багатай хар тамхи зарж байгаад баригдаад шинжилгээгээр илрэхгүй бол тухайн хүнд тооцох хариуцлага байхгүй болж, нэг үгээр ял завшина гэсэн үг.

ҮНДЭСНИЙ ХОРООТОЙ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Мэдээж хэрэг шинэчлэн найруулсан хууль олон зүйлээр давуу талтай. Хамгийн сайн нь Үндэсний хороотой байхаар тусгасан явдал юм. Энэ хороонд цагдаа, байгаль орчин, эрүүл мэндийн зэрэг байгууллагын төлөөлөл байх аж. Хар тамхитай тэмцэж буй улсууд ийм хороотой байдаг бөгөөд улс орон даяар Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэтэл манай улсад 2000-2005 онд Үндэсний хөтөлбөр хэрэгжээд зогссон. Үүнээс хойш 12 жил өнгөрчихөөд байхад Үндэсний хороо, Үндэсний хөтөлбөр ч үгүй байсаар хар тамхичдын тоо хүрээгээ тэлэв.

МӨНГӨГҮЙН ЗОВЛОН
Монгол Улсын хэмжээнд 10 гаруй мянган га талбайд олсны ургамал буюу каннабис ургадаг юм байна. 1990-ээд оны үед оросууд байхдаа энэ ургамлыг тарьж байгаад манайхаас явахдаа устгалд оруулаагүй аж. Тиймээс сүүлийн үед залуус энэ ургамлыг түүж, татан мансуурах нь их болжээ. Иймд цагдаагийн байгууллага жил бүр хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд олсны ургамал ургадаг талбайнуудыг устгажээ. Харамсалтай нь, энэ ажил 2016 он хүрээд зогссон байна. Учир нь төсөвт мөнгө төгрөг нь суугаагүй учраас ийм байдалд хүрчээ. Химийн болон гар аргаар устгал хийхэд 400-500 сая төгрөг шаардлагатай байдаг аж. Мөнгөгүйн зовлонгоос болж өнгөрсөн онд хар тамхитай холбоотой гэмт хэрэг мэдэгдэхүйц өссөн гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас хэлж байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар хар тамхинд донтсон хүмүүсийн ердөө таван хувь нь маш их мөнгө, олон жилийн эмчилгээ шаардсаны үндсэн дээр эдгэрдэг гэжээ. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулах зайлшгүй шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар тамхитай холбоотой мэдээ, мэдээллийг өдөр бүр шахам гаргасаар бүр сүүлдээ энгийн нэг хулгайн хэрэг шиг сонсогдох боллоо.

Өсвөр насныханд аливаа зүйлийг нь хорих тусам үзэх юмсан гэсэн сэдэл, сонирхол төрдөг. Зөвхөн нэг удаагийн сониуч зан насан туршийн там болох эрсдэлтэйг тэдэнд ойлгуулж, ой тоонд нь ортол ярьж баймаар байна. Яагаад сургалтын хөтөлбөрт нь жилд нэг, хоёр удаа зааж байхаар оруулж, хор хөнөөлийнх нь талаар таниулж болохгүй гэж. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд үндэсний хэмжээнд яригдах аюулын харанга болчихоод байгааа энэ үед шат шатны байгууллага, эцэг эх гээд нийтээрээ үүний эсрэг тэмцэх хэрэгтэй болчихоод байна.


САНАЛ БОЛГОХ