Шаардлага хангаагүй “хуурай” төсөл

Нийтлэл

Хуулийн төслийг дахин хянан боловсруулах нь чухал

Банкны салбарт хожим балаг тарьж мэдэх хуулийн төслийг УИХ ойрын хугацаанд хэлэлцэн батлах гэж байна. Тэр нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл.

Шинэ онтой уралдан УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь маргаан, мэтгэлцээнийг араасаа хамгийн их дагуулж буй. Тиймээс эдийн засагч, судлаачдын анхааралд өртөж, уг хуулийн төслийн талаарх мэтгэлцээн, маргаан тасралтгүй өрнөсөөр. Уг төсөл энэ УИХ-ын өнгөн дээр газар авч, нийгэмд хүлээлт үүсгээд байна. Манай улсын хувьд хамгийн амжилттай яваа салбарын нэг бол банкны салбар. Тус салбарыг татаж унагах эрсдэл рүү дээрх хуулийн төсөл хөтөлж мэдэх нь. Үүнийг гурван эдийн засагч тутмын хоёр нь анхааруулж байгаа юм. Таван бүлэг, 18 зүйлтэй Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл нь хамгийн наад захын хуульд тавигдах ёстой энгийн шаардлагыг хангаагүй байгааг зарим эдийн засагч тайлбарлажээ. Тэдний хэлснээр хуулийн төсөлд үг, үсгийн алдаа их, утга агуулгын зөрчилдөөн болон техникийн алдаа дутагдал нэлээд байгаа аж. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө дахин хянах шаардлагатай гэж үзэж байна.

Хөрөнгө оруулалтын банк нь арилжааны банкнаас арай өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Тиймээс засаглалд нь ихээхэн ач холбогдол өгдөг. Тэр тусмаа төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг илүү тодорхой Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар зохицуулах учиртай. Гэтэл зөвхөн банкны тухай хуульд заасан гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг тавьж байгаа нь учир дутагдалтай. Хэдийгээр банк гэх статустай адил боловч гүйцэтгэх удирдлага нь илүү хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн байх ёстой билээ.

Төрөлжсөн банкны үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөлд ойлгомжгүй үлдсэн зүйл цөөнгүй байгааг зарим судлаач дурдсаар. Тодруулбал, дээрх төсөлд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааны зарчмыг тогтоогоогүй байна. Мөн үйл ажиллагаанд нь хяналт тавих, сонирхлын зөрчлийг зохицуулах, албадлагын арга хэмжээ авах зэрэг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, зарчим зохицуулах ёстой харилцааг орхигдуулжээ.


Хөрөнгө оруулалтын банк нь үнэт цаас гаргагч болон хөрөнгө оруулагч нарын хооронд зуучлагчийн үүрэгтэйгээр оролцдог. Тиймээс төсөл санаачлагч, үнэт цаас гаргагчийн бизнесийн нууцыг задруулахгүй байх, аливаа ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй тул түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шаардлагатай байдаг. Гэтэл хуулийн төсөлд энэхүү бзнесийн суурь зарчмыг зохицуулалгүй үлдээсэн нь анхаарал татаж байгаа юм.

Манай улсад гадаадын банкны нийт таван Төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр банкны Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй байдаг. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл батлагдвал үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэнэ.

Монголын банкны салбарт хоёр төрлийн хууль эрх зүйн баримт бичиг үйлчилж буй. Тэгвэл гурав дахь эрх зүйн орчинг бий болгох Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн алдаа, цоорхой дээрхээр дуусахгүй нь.

Төсөлд Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй буюу түүнээс дээш байхаар оруулжээ. Энэ нь дахиад л ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай банк нээх зөвшөөрөл авахын тулд нэгээс доошгүй жил төлөөлөгчийн газар байгуулж, үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг уг хуулийн төслөөр тавьж буй. Үүнийг хангаж байгаа нь зөвхөн “Bank of China”. Ийм нөхцөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжид боломж нээгдэхээр байгааг зарим эдийн засагч хэлж байна. Тодруулбал, хуулийн төсөл энэ чигээр УИХ-аар орж батлагдвал манай улсын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг бууруулах эрсдэл бий. Үүнийг хуулийн төсөлд өгсөн зарим дүгнэлтэд тодотгожээ.

Гадаадын хувь эзэмшилтэй Хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулах бизнесийн салбар, секторын хүрээг үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой салбаруудыг харгалзан үзэж хумих шаардлагатай гэсэн байр суурийг иргэний хөдөлгөөний зарим байгууллагын зүгээс илэрхийлж эхэлсэн. Одоогийн төслөөр стратегийн ач холбогдол бүхий бүх салбарт хөрөнгө оруулах эрх зүйн орчинг нээлттэй орхисон байна. Энэ нь давуу болон сөрөг үр дагаварын талаар тооцоо судалгаа, шинжилгээ огт хийгдээгүй байгаа аж.

Гадаадын банкны хөрөнгийн хэмжээ нь 2-3 их наяд ам.доллараар хэмжигддэг. Манай улсын хувьд энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс хэдэн арав дахин их. Энэ нь одоо мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой бүрэн гүйцэд нийцэхгүй байгаа тал бий. Тоймлон хэлбэл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг зарим эдийн засагч тал зассан, “хуурай” хуулийн төсөл хэмээн дүгнэж байна.
САНАЛ БОЛГОХ