Төрийн ордон “бууриа” сэлгэх нь

Нийтлэл

Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зураг төсөл боловсруулжээ

Кувейтийн Засгийн газраас манай улсад парламентын шинэ ордон барьж өгөхөөр 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргаад 10 жил болж байна. Түүх сөхвөл, 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Кувейтийн Засгийн газраас дээрх буцалтгүй тусламжийг үзүүлж, парламентын шинэ ордон барих харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байв. Улмаар шинэ ордны буурь болгож гурван ч газар товлоод байв. Үүнд, төрийн тусгай хамгаалалттай Богд уулын Их тэнгэрийн ам, одоогийн Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэн болон Хүүхдийн урлан бүтээх төвийн ар талд барих боломжтой хэмээн үзэж, Засгийн газарт санал хүргүүлсэн юм.

Үүнээс Төрийн ордны хойд цэцэрлэгт хүрээлэнд парламентын шинэ ордон барих хувилбар дэмжигдэж, 2011 онд ажлыг албан ёсоор эхлүүлсэн байдаг. Гэвч УИХ-ын зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарснаар энэ ажил бүрэн зогссон. Товчхондоо, ногоон байгууламжийг устгах гэж байна гэх шүүмжлэл гарснаар энэ ажил гацаанд орсон гэж болно. Нөгөөтэйгүүр парламентын шинэ ордонтой болоход Кувейтийн Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн. Гэвч 1.5 сая ам.км газар нутагтай монголчууд “газар олдохгүй байна” хэмээн 10 жил зүгээр суусан юм.

Угтаа бол 1951 онд барьсан манай улсын парламентын ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй, хэсэгчлэн нурж унах аюултай гэх мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Иймд Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд шинэ ордон барих төслийг ажил хэрэг болгохоор өнгөрсөн парламентад УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Их тэнгэр рүү нүүлгэнэ
Ажлын хэсэг парламентын шинэ ордны барилгын байршил болон санхүүжилтийн талаар судалгаа хийгээд дүгнэлтээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн аж. Уг дүгнэлтэд шинэ ордны барилгын байршил өөрчлөгдөөгүй бөгөөд зураг төсөл дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байна. Энэ талаар УИХ- ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар “Төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнгийн ард талын талбайн гуравны нэг орчимд барихаар төлөвлөсөн. Үлдсэн талбайд нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Төрийн ордны баруун, зүүн талын автомашины зогсоолыг ногоон байгууламж болгохоор ярилцсан. Үүний доод талд нь 2-3 давхар автомашины зогсоол байхаар төлөвлөж байна. Ерөнхийдөө судалгаа хийж үзэхэд ордон орчмын ногоон байгууламжийн хэмжээ хорогдохгүй. Харин нэмэх тооцоо гарсан. Санхүүжилтийн хувьд Кувейтийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгсөн 12 сая ам.доллар хүрэлцэхгүй байгаа. Иймд дахин 54 сая ам.доллар нэмж хүссэн албан тоот явуулсан. Энэ асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Хэрэв Кувейт улс 54 сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх боломжгүй гэвэл дотоодын нөөц бололцоогоор уг хөрөнгийг гаргана” хэмээн тайлбар өгсөн юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт хүргүүлжээ. Энэ дагуу Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан ч мөн л ажил нь урагшлаагүй аж.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн оны наймдугаар сард Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзахдаа дээрх буцалтгүй тусламжийг эмнэлгийн барилга барихад зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, төсөв мөнгөний нэн хүндрэлтэй байгаа Монгол Улсад парламентын ордноос илүү Түлэнхийн төвийн барилгын хөрөнгө хэрэгтэйг гүйцэтгэх засаглалын тэргүүн учирласан аж.

Товчхондоо, Монгол Улс парламентын шинэ ордонтой болохыг хүссэн түүх энэ. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Тэрбээр “1951, 1961 онд барьсан газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок байрыг яаралтай нураах ёстой. Эдгээр барилгыг нурааж, шинээр барихад 38 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Харин 1981 онд барьсан барилгыг засаж, тохижуулахад 3.8 тэрбум төгрөг зарцуулна. Нийтдээ Төрийн ордныг засаж, тохижуулахад 42 тэрбум төгрөг шаардлагатай” гэлээ.

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа тул УИХ-ын Тамгын газрыг Засгийн газрын 11 дүгээр байр руу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг 14 дүгээр байр руу, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байр руу нүүлгэх санал гаргажээ.

Эцэст нь хэлэхэд, Кувейтийн Засгийн газраас олгосон 12 сая ам.долларын тодорхой хувийг парламентын шинэ ордон барихад зарцуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар зураг төсөл л үлдээд байгаа юм. Эдийн засгийн хямралаас шалтгаалан бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх боломжгүй тул Төрийн ордныг нүүлгэх хувилбарт хүрсэн байна.
САНАЛ БОЛГОХ