10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц нээлтээ хийнэ

Мэдээ

10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт болно. Энэхүү станцыг "Solar Power International" компани Японы "Sharp" корпораци, "Shigemitsu Shoji" хамтран байгуулж байна. Энэхүү цахилгаан станц нь 10 МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая КВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох нарны цахилгаан станцыг таван сарын хугацаанд байгуулсан гэдийг Эрчим хүчний зохицуулах хорооноос онцолж байна. Дархан-Уул аймагт нээлтээ хийж буй нарны цахилгаан станц нь Монгол Улсад байгуулж байгаа анхны нарны цахилгаан станц байгуулах төсөл юм.

Нарны цахилгаан станцыг байгуулахад Япон улсын "Sharp" корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, болон тус компанийн хамгийн сүүлийн үеийн технологи, ноу-хоу, туршлагыг ашиглах тул дэлхийн хамгийн шилдэг стандарт хангасан орчин үеийн нарны станц болж байгаа аж. Нарны цахилгаан станцын нам болон өндөр хүчдлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоноглолыг цахилгаан станцын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Герман улсын "СМА" компани болон Швед улсын "АВВ" компаниас авч байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмж нь -40 хүртэлх хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг хангах юм байна.

Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн таван хувь нь сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгаа юм. Ойрын хугацаанд нарны цахилгаан станц байгуулах 13 тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороо олгожээ. Үүний эхнийх нь энэхүү Японы талтай хамтран байгуулсан нарны цахилгаан станц болж байна.




САНАЛ БОЛГОХ