"Улаанбаатарын яриа хэлэлцээ"-ээр хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар туршлага солилцоно

Мэдээ

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын III Бага хурал 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо нээгдээд байна. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-нд БНАСАУ төлөөлөгчөө оролцуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор НҮБ "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-нд төлөөлөгчөө илгээжээ. Энэ нь олон улсын түвшинд "Улаанбаатарын яриа хэлэлцээ"-ний ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна гэж оролцогчид дүгнэлээ. Бага хуралд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Их Британи, Австрали, Францын эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Фридрих Эбертийн Сан зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид болон дотоодын Төр, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцож байна. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" энэ удаад хүрээлэн буй орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж байгаагаараа онцлог болж байна. Зүүн Хойд Азийн бүс нутаг нь эдийн засаг талаасаа нөөц бололцоо ихтэйд тооцогддог. Хэдий тийм боловч бүс нутаг дахь орнуудын улс төрийн тогтолцоо, бодлого нь ялгаатай байдгийн улмаас харилцан ойлголцолд хүрч чаддаггүй, улмаар эдийн засгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлаа бэхжүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Харин Монгол Улсын хувьд бүс нутгийн бүх оронтой найрсаг харилцаатай гэдгээрээ давуу тал болдог ажээ.

Т.Элиса

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ