И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

Мэдээ

"Samsung Electronics" корпорацийн ТУЗ-ийн Дэд дарга И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтийг БНСУ-ын Тусгай прокурор гаргасан ч шүүх энэ хүсэлтийг хүлээж авсангүй. Өмнөд Солонгосын Дүүргийн Төв шүүх И Жэ Ёныг баривчлуулах хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрээ танилцууллаа. Гэхдээ прокурор хэргийг үргэлжлүүлэн шалгаж, холбогдох хууль журмын дагуу ял тулгах эрхтэй. И Жэ Ёныг "Samsung" корпораци тус улсын Ерөнхийлөгчөөр дамжуулж давуу байдал бий болгохын тулд авлига өгсөн гэж сэжиглэн, хэрэгт татсан. Мөн түүнийг эрх мэдлээ хууль бусаар ашиглаж, хөрөнгө шамшигдуулсан гэж буруутгасан юм. Ямартай ч И Жэ Ён одоогоор БНСУ-ын хамгийн хүчирхэг компанийн удирдлага хэвээр байна. Баривчлах хангалттай шалтгаан, нотлох баримт байхгүй гэсэн тайлбарыг Сөүлийн Дүүргийн Төв шүүх ирүүлжээ.

И Жэ Ёныг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найзад их хэмжээний авлига өгсөн бөгөөд "Samsung"-ийн хоёр салбар компани нэгдэх ажиллагаанд Пак Гын Хэ үүрэг оролцоотой байсан гэж сэжиглэж байгаа ажээ. Үүний дүнд И Жэ Ён өвөөгийнхөө үүсгэн байгуулсан БНСУ-ын хамгийн том компанийг удирдах эрхийг олж авсан гэх таамаглал бий. И Жэ Ён нь Чой Сун Сил болон түүний охины эзэмшилд байдаг компанитай зөвлөгөө авах буюу "консалтинг" нэрийдлээр 22 тэрбум воны гэрээ байгуулсан гэж албаныхан мэдээлсэн. Улсынхаа ДНБ-ийн тавны нэгтэй тэнцэх хөрөнгөтэй "Samsung" корпорацийн хамгийн нөлөө бүхий эрхэм хэрэгт сэжиглэгдэж байгаа нь улсын эдийн засагт нөлөөлөх талаар Тусгай прокурор мэдэгдсэн. Хууль хэрэгжүүлэгч байгууллагууд ч мөн үүнд санаа зовж байгаа юм. Гэхдээ эдийн засгийн асуудлаас илүү нийгэмд шударга ёсыг тогтоох нь чухал гэж Тусгай прокурорын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.



САНАЛ БОЛГОХ