Европын Төв банк бонд худалдан авах хөтөлбөрөө хэвээр үлдээв

Мэдээ

Европын Төв банкны бодлогын зөвлөл бонд худалдан авах хөтөлбөрөө хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Учир нь инфляц өсөлтөө тогтвортой хадгалах эсэхийг цаашид ажиглах шаардлагатай гэж бодлого боловсруулагчид үзсэн байна. Удирдах зөвлөл өнгөрсөн сард "Дөрөвдүгээр сараас эхэлж үнэт цаас, бонд худалдан авах хэмжээг сарын 60 тэрбум евро болгож бууруулна" гэсэн шийдвэр гаргаж байсан бөгөөд энэхүү шийдвэрээ ийнхүү баталгаажууллаа. Одоогоор сарын 80 тэрбум еврогийн худалдан авалт хийгдэж байгаа юм. Үүнээс гадна Европын Төв банк “Bloomberg”-ээс таамаглаж байсанчлан бодлогын хүүгээ 0 хувьд хэвээр үлдээсэн байна. Европын Төв банкны тэргүүн Марио Драги Франкфурт хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Суурь инфляц цаашид өсөх магадлал бага, эдийн засагт эрсдэл байсаар байна" гэж онцолжээ. Түүнчлэн тэрбээр “Дэлхийн эдийн засаг сэргэж эхлэх төлөв байдал ажиглагдаж байна.

Гэхдээ Евро бүст бүтцийн шинэчлэлт хангалттай түвшинд ахиц гаргахгүй байгаагаас гадна зарим салбарт баланс тэнцвэргүй байгаагаас эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байна. Евро бүсийн эдийн засаг хэр өсөлттэй байх нь эрсдэл, олон улстай холбоотой гадаад хүчин зүйлсээс шалтгаалах болно. Харин суурь инфляц өсөх магадлал одоогоор бага байна гэж үзэж байна. Харин мөнгөний бодлогын дэмжлэгтэйгээр эдийн засаг сэргэж суурь инфляц “дунд хугацаанд” өснө гэж таамаглаж байна” гэж мэдэгдлээ. Европын Төв банк дефляцийн аюулын дохио цаашилж байна гэж мэдэгдсэнээс хойш зургаан долоо хоногийн дараа ийнхүү 2017 оны анхны бодлогын шийдвэрээ танилцууллаа.



САНАЛ БОЛГОХ