Цахилгаан хөдөлгүүрт машины ирээдүй

Авто зах зээл

Цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хөгжлийн чиг хандлага 2017 оноос сайжирна

Дэлхийд газрын тосны үнэ өсөж, буурах давтамжтай зэрэгцэн хэрэглэгчдийн цахилгаан автомашин сонирхох нь ихсэж, багасаж иржээ. Хөгжингүй орнуудад шатахууны үнэ унаснаас шалтгаалан ойрын үед цахилгаан автомашин худалдан авагчийн тоо төдийлөн өсөхгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины давуу тал эдүгээ ч маргаантай хэвээр. Хэмнэлттэй гэсэн ойлголт зарим талаар л үнэн. Шатахууны зардал гэж байхгүй ч цахилгаан машины үнэ бензин болон дизель хөдөлгүүрт хувилбараасаа хавьгүй өндөр. Цаашид нийтийн хэрэглээ болох тусам энэ бэрхшээлийг хэсэгчлэн шийдвэрлэх боломжтой хэмээн үйлдвэрлэгчид үзэж байгаа юм.

Хүрээлэн буй орчинд хоргүй гэсэн тайлбар ч эргэлзээтэй. Цахилгаан автомашин нь агаарт шууд хорт утаа ялгаруулдаггүй ч цахилгаан эрчим хүчийг нь ихэвчлэн байгаль орчинд хортой дулааны цахилгаан станцуудаас хангадаг. Харин бүтцийн хувьд дотоод шаталтын хөдөлгүүрт машинаас энгийн, хялбар. Цахилгаан машинуудад бензиний насос, олон төрлийн шүүр-фильтр, тусгай хөргөлтийн систем, түвэгтэй бүтэц бүхий хүч дамжуулах анги байдаггүй. Энэ нь ашиглалтын явц дахь засвар үйлчилгээг хялбар болгож өгөөд зогсохгүй ажиллагааны найдвартай байдлыг нь сайжруулж буй давуу талтай.

Харин сул тал нь өндөр үнээс гадна нэг удаагийн цэнэгээр туулах зай дотоод шаталтын хөдөлгүүрт машиныхаас бага, цэнэглэх хугацаа урт байгаа явдал. Орчин үеийн цахилгаан машин бүрэн цэнэгтэй нөхцөлд гэр, ажлын хооронд зорчих хэрэглээг бүрэн хангаж чадна. Харин өдөржингөө байнга унах тохиолдолд маршрутаа нарийн төлөвлөж, цэнэглэх станцад өнгөрөөх хугацаагаа заавал тооцох шаардлагатай. Ялангуяа цаг уурын эрс тэс нөхцөлтэй улсын хэрэглэгчдэд энэ бэрхшээл бүр ч ноцтой. Хүйтэн үед цэнэг хураагуурын багтаамж буурч, машиныг халаах үеийн эрчим хүчний зарцуулалт ихэсдэг тул туулах зай үйлдвэрлэгчийнхээ үзүүлэлтээс ч багасна.

Дээрх хүчин зүйлсээс шалтгаалан ойрын ирээдүйд дотоод шаталтын хөдөлгүүрт машиныг цахилгаан болон гибрид машинаар бүрэн орлуулах найдвар эдүгээ ч хомс байгаа юм. Гэхдээ цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хөгжлийн чиг хандлага 2017 оноос сайжирна хэмээн автомашин үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд үзэж байгааг Reuters агентлаг саяхан мэдээлсэн. АНУ төдийгүй БНХАУ, Европын холбооны улсуудад дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины хорт ялгарлын үзүүлэлтэд тавьдаг шаардлага жил ирэх тусам чангарч байна. Шинэ шаардлагад нийцүүлэхийн тулд үйлдвэрлэгчид, хэрэглэгчид цахилгаан болон гибрид тээврийн хэрэгслийг дэмжихээс аргагүй нөхцөлтэй тулгараад байгааг Детройтын авто шоуд оролцсон компаниудын төлөөлөгч нар тайлбарласан юм.

“Автомашиныг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх явдал эргэлт буцалтгүй боллоо” хэмээн Францын Valeo компанийн захирал Жак Ашенбройх Детройтын авто шоуд оролцохдоо мэдэгдсэн. Valeo нь автомашины эд анги нийлүүлэгч дэлхийн голлох үйлдвэрлэгчийн нэг. Тус компани цахилгаан, гибрид автомашины эд ангид түлхүү анхаарах болсон сүүлийн таван жилийн хугацаанд борлуулалт нь 50 хувиар өсөөд байгаа юм.

Европын орнуудад төрөл бүрийн татварын хөнгөлөлт, нөхөн олговрын ачаар “ногоон” автомашин худалдан авагчдад улам бүр ашигтай сонголт болон хувирсаар. Үүний зэрэгцээ жолоодох, зогсоолд тавихад хүртэл хязгаарлалт тогтоох зэргээр ердийн дотоод шаталтын хөдөлгүүртэй машинтай хэрэглэгчид үзүүлэх дарам шахалт ихэссээр.

Том хотууд дахь агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн БНХАУ цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжих боллоо. Хятадын эрх баригчид “ногоон” автомашин үйлдвэрлэгчдэд төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлж, судалгааны ажилд оруулах хөрөнгө оруулалтаа ихэсгэж байна. Үүний зэрэгцээ дизель, бензин хөдөлгүүрт автомашиныг том хотуудад ашиглахыг хориглох хууль зүйн зохицуулалтыг одооноос боловсруулж эхэллээ.

АНУ-д шатахууны үнэ унаснаас шалтгаалан цахилгаан, гибрид автомашины хэрэглээ сүүлийн хоёр жилд багассан. Тус улсад цахилгаан автомашины борлуулалт 2016 онд 0.37 хувиар буурсан дүнтэй гарчээ. Гэхдээ Хятад, Европоос хоцрохгүй гэвэл цахилгаан автомашины үйлдвэрлэлийг цаашид ч дэмжихээс аргагүйг Детройтын шоуд оролцогч компанийн удирдлагууд тайлбарласан юм.


САНАЛ БОЛГОХ