Утаа өтгөрсөн нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой

Ярилцлага

Хот төлөвлөлтөө л зөв хийх ёстой

Утаанаас салахын тулд хэмжээ улаанбаатарчууд асуудалд ул суурьтай хандаж эхэллээ. Үе үеийн засгийн утааг багасгахад чиглэж байсан ажлаас эхлээд өмнөх нийгмийн үед ч Улс төрийн товчоогоор хэлэлцэж байсан түүхийг сөхөх болов. Угтаа бол утааны асуудалд анхаарах хэрэгтэйг 30 жилийн тэртээгээс сануулж байжээ. Монголын Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, доктор З.Батжаргал Улаанбаатарт утаа үүссэн түүх нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойг онцоллоо.

-Утааг багасгах ажил хэдийд эхэлсэн түүхтэй вэ?

-Агаарын бохирдол энэ зуунд гэнэт үүссэн асуудал биш. 1980-аад оноос эхтэй юм. Тухайн үед улсад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ч гэж байгаагүй. Агаар, ус, хөрс орчны бохирдлыг хариуцах эзэнгүй байлаа.

Цаг уурын албаны бүрэлдэхүүнд байгаль орчны шинжээч, хяналтын хэлтэс гэж байсан ч Монгол Улсад байгаль орчны асуудлыг цогцоор нь хариуцсан захиргааны төв байгууллага байх хэрэгтэйг бид Засгийн газарт санал оруулж байсан юм. Улаанбаатар болон Монголын бусад томоохон хотын агаарын бохирдол яваандаа аюултай болох нь тодорхой байсан учраас ийн санал болгосон хэрэг. 1986-1987 онд Ус цаг уурын алба Эрүүл ахуйн хүрээлэнтэй хамтран агаарын бохирдлын учир шалтгаан, өөрчлөлт, тархалт, хор холбогдлыг нь олж тогтоох томоохон туршилт судалгааг Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотод хийсэн. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны хөтөлбөрт хүртэл энэ ажлыг тусгаж, мэргэжилтнүүдийг нь оролцуулж байсан.

-Тэрхүү туршилт судалгааны талаар дэлгэрүүлж яриач. Агаарын бохирдлын талаар хийсэн анхны судалгаа байв уу?

-Улаанбаатар хотын хэд хэдэн газар хэмжилтийн багаж суурилуулж, газар, агаар, сансар гэсэн гурван түвшнээс бохирдлын зургийг авч, харьцуулж байсан юм. Цахилгаан станц, гэр хороолол, нам даралтын зуухнаас гарч буй утааг хэзээ өтгөрч, шингэрч байгааг хэмжиж, зураглал гаргасан. Энэ туршилтад социалист бусад орны мэргэжилтнүүд ирж хамтран ажиллаж зөвлөмж гаргаж байсан даа.

-Зөвлөмжид яах хэрэгтэй гэж заасан бэ?

-Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгож, түлшээ өөрчлөх ёстой гэж зөвлөмжид тусгасан. Тэр үед нийслэлд оршин суугчдын тоо хагас саяд ч хүрээгүй, машин тэрэг гэхээр зүйл бараг байхгүй байсан цаг.

-Яагаад хэрэгжүүлээгүй юм бол?

-1990 онд нийгмийн тогтолцоо шинэчлэгдэж, хоёр жилийн дараа шинэ Үндсэн хууль гарсан. Энэ хуулиар хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэж заасан. Бас 1999-2000 оны, 2009-2010 оны зуднаас болж нүүдэл нэмэгдсэн. Гэхдээ бидний зөвлөмжийг тухайн үед хот төлөвлөлтөд тусгаж байсан шүү. Харамсалтай нь, тэр үеийн төлөвлөгөө өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй болчихлоо. Нийслэл хотын хүн ам, байшин барилга, машин тээвэр гээд бүх л юм өссөн. Үнэндээ ойрын жилүүдэд ийм зүйл болно гэж хэн ч төсөөлж байгаагүй.

-Та тэр үед байгаль орчны салбарын бодлого боловсруулагчдын нэг байсан шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулахад хэр зэрэг анхаарч байсан бэ?

-Би 1990-1996 онд Байгаль орчны сайдаар ажилласан. Гэвч хүн амын өсөлтийг хязгаарлах гэх мэт асууддыг хөндөх боломжгүй байв. Тиймээс өнөөдөр ч гэсэн ярьж байгаа зуух сайжруулах, цахилгааны хэрэглээг аль болох нэмэгдүүлэх, түлшээ солих, байгалийн хий оруулж ирэх зэргийг ярьж ямар нэг хэлбэрээр эхлүүлж байлаа. Түлшний бүрэн шаталтыг дэмжих зорилгоор монголчуудын зохион бүтээсэн зуухыг лабораторид туршаад л явж байсан. Манайхны хэрэглэдэг гэрийн зуух нь нүүрс биш, мод, аргал түлэхэд зориулсан эд. Тиймээс нүүрсний хэрэглээнд тохирсон зуухтай болохын тулд багагүй хөрөнгө зарсан. Доноруудын хандив ч орсон. Одоо Улаанбаатарт жирийн гэрийн зуух хэрэглэдэг 160 мянган айл өрхийн 60 гаруй хувь нь сайжруулсан зуухтай болсон гэсэн.

-Гэвч энэ зуух асуудлыг шийдэж чадсангүй?

-Зуух сайжруулснаар агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийднэ гэж байхгүй. Улаанбаатарын агаарын бохирдолд давагдашгүй хүчин зүйлийн нөлөө их. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол зөвхөн эх үүсвэртэй холбоотой асуудал биш.

-Ямар давагдашгүй хүчин зүйл гэж?

-Уур амьсгалын нөхцөл байдал. Монгол орны баруун хойд хэсэгт өвлийн улиралд Сибирь- Монголын антициклон гэх өндөр даралтын төв үүсдэг. Ингэснээр салхи саатаж, үүл гардаггүй учраас газрын дулаан огторгуйд шууд сарнидаг. Тиймээс газрын гадарга маш хүчтэй хөрч улмаар температурын урвуу тархац үүсдэг гэсэн үг. Ном ёсоор бол агаарын температур газраас дээшээ буурах ёстой байхад эсрэг болчихдог. Тухайлбал, нисэхийн зурвасын агаарын температур цаахна нь байдаг Морин уулын орой дээрээс бараг 10-аад градусаар хүйтэн болчихдог. Салхигүй учраас утаа нь нүүж зайлдаггүй, тунарч өтгөрдөг. Хэдий агаарын урсгал байвч утаа Улаанбаатараас зайлдаггүй нь дөрвөн уулын дунд оршдогтой бас холбоотой. Өвөл хааяа циклон салхи орж ирж, цас ороход утаа бага зэрэг хөөгдөж угаагддаг гэж хэлж болох юм. Гэвч циклон салхины урсгал өнгөрөнгүүт буцаад л антициклоны нөлөөнд орж, утаа тунардаг. Газар зүйн энэ онцлогтойгоо бид эвлэрэхээс өөр гарцгүй.

-Тэгвэл нөлөөллийг нь яаж бууруулах вэ?

-Ерөөс хот төлөвлөлтөө л зөв хийх ёстой. Ухаандаа, уулын хөндийд томоохон хотууд бий болгож болохгүйн жишээ бол өнөөгийн Улаанбаатар. Нийслэлийг задлах хэрэгтэй, дагуул хотуудаа бий болгоод. Хамгийн гол асуудал нь хэрэглэж байгаа түлшээ өөрчлөх, сайжруулах шаардлагатай. Япон, Их Британи зэрэг улсын хотууд цагтаа манайхаас их бохирдолтой байсан. Үүнийгээ шийдэж чадсан гол арга нь түлшээ сольж, технологио л сайжруулсан.

-Өнөөдрийн ярьж буй шийдлүүд 30 жилийн өмнө тодорхой болсныг таны ярианаас ойлголоо. Бас давагдашгүй хүчин зүйл нь тодорхой байхад утаа арилахгүй байгаа шалтгаан юу вэ?

-Байгалийнхаас гадна бид өөрсдөө бий болгож буй давагдашгүй хүчин зүйлс бий. Жишээлбэл, хоёр хөрштэйгээ учраа ололцоод, хийн хоолойг нь газар нутгаараа дамжуулсан бол өнөөдөр маш том асуудлаа шийдчих байлаа. Чадаагүйн шалтгаан нь цэвэр эдийн засгийнх биш гэж би ойлгодог. Бас анхнаасаа хотоо төлөвлөхдөө холыг хараагүй нь өөрсдөө бий болгосон давагдашгүй хүчин зүйл юм.

-Шийдэж болохгүй асуудал бол биш биз дээ?

-Тийм. Сэргээгдэх эрчим хүч, тээврийн хэрэгслүүдийг цахилгаанжуулж, хийгээр ажилладаг машинуудыг дэмжих гээд олон шийдэл бий. Хэдий одоо утааны голлох эх үүсвэр гэр хорооллын нүүрсний галлагаа байгаа ч алсдаа автомашин, тээврийн хэрэгсэл болж өөрчлөгдөх аюултай. Тиймээс тээврийн хэрэгслийг бохирдол багатай болгох ажлыг одооноос зохион байгуулалттай хийх хэрэгтэй.

-Шилжилт хөдөлгөөнийг хориглож, цахилгааны шөнийн хэрэглээний үнийг тэглэх зэрэг эрс алхам ер нь хэр зэрэг оновчтой шийдэл вэ?

-Аргагүйн эрхэнд гаргасан шийдвэр. Анхнаасаа зөв яваагүй учир хүчээр зогсоож байж зөв тийш нь залахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Эдгээр шийдвэр тодорхой хугацаанд үйлчилнэ байх. Харин тэр хугацаандаа амжиж бусад гарц эрж онож олсон шийдлээ хэрэгжүүлэх шаардлагатай.

-Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзлээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үнэхээр хүнд байгаа нь үнэн. Хүмүүс одоохондоо харж байгаа утаа тоос тортогийн талаар л ярьж байна. Гэтэл угаарын хий, хүхэрлэг хий, азотын исэл гээд амт, үнэргүй, харагдаггүй хортой хий цаана нь олон бий. Нөгөөтэйгүүр, агаарын бохирдлын мэдээллийг олон нийтэд буруу хүргэж байна. Саяхан интернетэд Монголын нийслэлийн агаарын бохирдол нарийн ширхэгтэй тоосонцороор Бээжингийнхээс тав дахин их, ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 80 дахин давсан гэх мэт дэндүү баримжаагүй тоонууд харагдаж байсан. Агаарын бохирдлын бусдын дундаж үзүүлэлтийг манай тохиолдлын үзүүлэлттэй жишсэн юмуу огт хоёр өөр үзүүлэлтийг андуурч харьцуулсан болов уу гэмээр байсан.

-Олон Засгийн газар анхаарч байсан ч одоо болтол арга хэмжээ авахгүй байгаа шалтгааныг та юутай холбож тайлбарлах вэ?

-Манай засаглалын тогтолцоо аливаа асуудлыг урт хугацаанд, алс ирээдүйд нь анхаарах сонирхолгүй болгочихоод байна. Тухайн албан тушаалд дөрвөн жил байх, эсэх нь ч эргэлзээтэй байна шүү дээ. Гэхдээ бүх асуудлаар дээшээ харж дээрээс захиргааны аргаар бүх зүйлийг шийдэхийг хүлээж суух биш иргэн бүр эрвийх дэрвийхээрээ зүтгэж аль аль талаасаа адил хүчин чармайлт гаргаж байж л агаарын бохирдлыг бууруулна. Бүхнийг төр засгаас нэхээд байж болохгүй. Зөв зүйтэй санаачилгаа иргэд, аж ахуйн нэгж нь гаргаад, төр засгийн зүгээс цаг алдахгүйгээр дэмжээд замыг нь засаад өгвөл энэ асуудлыг шийдэх боломж байгаа шүү.

САНАЛ БОЛГОХ