АДБХОБ: Монгол Улсын дэд бүтцийн төслүүдэд оролцох сонирхол хэвээр байна

Мэдээ

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын дөрөв дэх удаагийн форум Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Форумын үеэр Монгол Улсын хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бүтээн байгуулалт, ялангуяа дэд бүтцийн төслүүдэд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны зүгээс оролцох сонирхол хэвээр байгаа гэдгийг мэдээлсэн байна. Энэхүү форумд оролцсон Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзсан байна. Зам, Тэврийн Хөгжлийн сайд "БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой "Торгоны зам" сан байгуулсан явдал нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, интеграцын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг" онцолжээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк 1.7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээд байна. Хэдий тийм боловч Азийн Дэд Бүтцийн Хөгжлийн Банканд 41.14 сая ам.долларын хувь нийлүүлсэн хэмжээтэй буюу 0.3 хувийн саналын эрхтэй Монгол Улсад нэг ч удаагийн санхүүжилт олгоогүй байгаа юм. 2016 онд Ташкент хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар Монгол-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон юм. Үүнээс найм нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх шаардлага Монгол Улсад тулгараад байна.

Ялангуяа энэ хавар Тавантолгой-Гашуунсухайтаас гадна Хөөт-Бичигтийн төмөр замын ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа юм. Дээрх хөтөлбөр нь гурван улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааг хамарч байгаа бөгөөд, гурван улсыг холбосон зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурийг эзэлж байна. Цаашид “Эдийн засгийн коридор”-ийг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа Монголын талаас илэрхийллээ.



САНАЛ БОЛГОХ