Удамшсан чихрийн шижинг вирус сэдрээдэг

Эрүүл мэнд

Илүүдэл жинтэй хүүхдүүд 5-11 насандаа анхлан өвчлөх магадлал ихтэй

БНСУ-ын Бусан хотын Инжэ их сургуулийн анагаах ухааны салбарын Зүрх судас, бодисын солилцооны өвчлөл төвд докторантураар суралцаж буй С.Болор-Эрдэнэтэй хүүхдийн чихрийн шижин өвчний талаар ярилцлаа. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч болохоор суралцаж буй тэрбээр чихрийн шижин өвчний улмаас хүүхэд зүрхний хүндрэлтэй болох эрсдэлтэйг онцолсон юм.

-Сүүлийн үед манайд шим тэжээлгүй хоолноос болж илүүдэл жинтэй хүүхэд олширч эхэллээ. Гэвч эцэг, эхчүүд хүүхэд томрохоороо мариа нь шуугдаж, хэвийн жиндээ орно гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Илүүдэл жин хүүхдэд хэр хор нөлөөтэй вэ?
-“Хүүхэд илүүдэл жинтэй байна ” гэж юу байсан юм бэ. Мариалаг байх нь сайн гэх хүмүүс цөөнгүй бий. Гэвч хүүхдийн илүүдэл жин дэлхийн анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй, илүүдэл жингүй байх ёстой. Ялангуяа бүсэлхийн тойргийн хэмжээ нэмэгдэх нь чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх гол эрсдэлт хүчин зүйл болдог. Нэгэнт илүүдэл жинтэй болсон хүүхдийн хооллолт, хөдөлгөөнийг нь маш сайн анхаарч, ямар шалтгаанаар илүүдэл жинтэй болсныг нь тогтоох хэрэгтэй.

-Дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин. Гэтэл илүүдэл жингийн улмаас хүүхдүүд энэ өвчнөөр өвчилсөн байж болзошгүй талаар та хэллээ. Хүүхдүүд яагаад чихрийн шижинтэй болдог вэ?
-Дэлхий дахинд чихрийн шижин өвчний тархалт маш хурдацтай нэмэгдэж байна. Хүүхэд нэгдүгээр хэв шинжит чихрийн шижингээр голчлон өвчилдөг. Үүнийг инсулин хамааралт чихрийн шижин гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд удамд нь чихрийн шижингээр өвчилж байсан бол энэ өвчнийг сэдээгч вирусийн халдварт өвчнүүд, эс гэмтээгч бодисуудын нөлөөллөөс болж дархлаа нь суларна. Улмаар чихрийн шижингээр өвчлөх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Одоогоор уг шалтгааны улмаас нэгдүгээр хэв шинжит чихрийн шижингээр өвчилсөн тохиолдол 5-10 хувь байна. Гэвч таргалалтаас шалтгаалан хүүхдүүд хоёрдугаар хэв шинжит чихрийн шижингээр өвчлөх нь ихсэх хандлагатай болжээ.

-Хүүхдийн чихрийн шижин ямар шалтгааны улмаас удамшиж байна вэ?
-Хүүхэд чихрийн шижинтэй болох нь удмын хүчин зүйл үндсэн шалтгаан болж буйг эсийн түвшинд бүрэн төгс баталсан. Хүний зургадугаар хромсомд байрлах хоёр ба түүнээс олон мутант гентэй холбоотой үүсэж байгаа юм. Сүүлийн үед мөн долоо, 11 болон 14 дүгээр хромсомын генээс хамаарч нэгдүгээр хэв шинжийнх нь үүсэж буйг тогтоосон.
Цусны эргэлтийн системд өөрчлөлт орохоос гадна, зүрхний булчингийн агших чадвар эрс буурч, гол судсанд илүү их ачаалал нэмэгдэнэ.
-Чихрийн шижин өвчнийг сэдээгч вирусуудын талаар тодорхой хэлж өгнө үү? -Гадаад орчны тааламжгүй байдлаас гадна вирусийн халдварууд уг өвчнийг үүсгэх гол шалтгаан болдог. Тухайлбал, хепатитын В вирус, гахайн хавдар, улаан бурхан, улаан эсэргэнэ, амьсгалын замын цочмог халдварын дараа өвчлөх магадлал өндөрсдөг. Түүнээс гадна өвчлөлд улирлын нөхцөл байдал нөлөөлнө. Намар, өвлийн цагт вирусийн халдварын дараа өвчлөл ихсэж, зуны цагт өвчлөл буурч байна. Насны хувьд 5-11 насандаа хүүхэд анхлан өвчлөх магадлал ихтэй.

-Чихрийн шижин өвчний эхэн үед хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ам цангах зовиурыг эрт илрүүлж болно. Ам цангах нь богино хугацаанд хурдан ихэсдэг. Тиймээс хүүхдээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Зарим хүүхэд хоногт 5-6 литр шингэн уудаг. Өдөр, шөнө ялгаагүй олон удаа, их хэмжээгээр шээдэг. Түүнчлэн хүүхэд эрс турах нь чихрийн шижингийн онцгой шинж. Үргэлж л өлсөж байна хэмээн их иднэ. Зарим тохиолдолд тухайн өвчин эхлэхэд арьс салст хуурайших, алга, ул, шилбэ мөрөөр арьс гуужих шинжүүд ажиглагдана. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх, шээсээр сахар ялгарах гэх мэт шинж илэрдэг.

-Ийм үед ямар арга хэмжээ авах вэ?
-Уг өвчний үед хоол, биеийн тамир, инсулин эмчилгээ, өвчтөний сургалт өөрийн хяналт зайлшгүй чухал. Хоолонд онцгой хяналт тавин, чихэр, чихэр агуулсан бүтээгдэхүүн, цагаан гурил, будаа, усан үзэм зэрэг амархан шимэгддэг нүүрс усыг ислэг ихтэй хоолоор солих гэх мэт маш олон төрлийн эмчилгээ байгаа. Мөн дасгал хөдөлгөөн нь эд эсийн инсулинд мэдрэг байдлыг ихэсгэж цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Инсулин эмчилгээг тухайн чихрийн шижинтэй хүүхдийн биеийн жинд тооцоолон тарьдаг.

-Урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Хүүхэд нэгдүгээр хэв шинжит чихрийн шижингээс сэргийлэхийн тулд дархлааг нь муутгах вируст өвчнүүдээс урьдчилан сэргийлэх нь чухал. Харин хоёрдугаар хэв шинжээс сэргийлэхийн тулд хооллолтод онцгой анхаарч, таргалуулахгүй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд өөрсдөө чихрийн шижингээс урьдчилсан сэргийлж байх хэрэгтэй.

-Ер нь хүүхдийн цаашдын өсөлт хөгжилтөд яаж нөлөөлдөг юм бэ?
-Чихрийн шижингийн хүндрэлийн улмаас хүүхдийн зүрх судас, бөөр мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүд, арьс холбогч эдэд өөрчлөлт орохоос гадна хүүхэд бие бялдар бэлгийн бойжилтоор хоцрох зэрэг хүндрэл гардаг.

-Чихрийн шижин зүрх судасны хүндрэл үүсгэдэг гэж та сая хэллээ. Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижин ч энэ хүндрэлийг үүсгэдэг үү?
-Нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй хүүхэд ч зүрх судасны хүндрэл гарна. Зүрх судасны систем ямар нэг хэлбэрээр зайлшгүй гэмтсэн байдаг. Цусны эргэлтийн системд өөрчлөлт орохоос гадна, зүрхний булчингийн агших чадвар эрс буурч, гол судсанд илүү их ачаалал нэмэгдэнэ. Үүнээс үүдэн том жижиг судаснууд нарийсч цусны урсгал удаашран атерозлерозын товруу, цүлхэн гэх мэт хүндрэлүүд тохиолдоно. Хүүхдийн хөлний судас ихэвчлэн нарийсдаг.
САНАЛ БОЛГОХ