Оны сүүлчээс эдийн засаг тогтворжино

Ярилцлага

Энэ долоо хоногт ОУВС-гийн төлөөлөгчид ирэх байх гэсэн найдлага бий

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа байгуулсан даруйдаа эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан. Тус сангийн төлөөлөгчид өнгөрсөн онд Монгол Улсад ирж, Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Хэлэлцээрийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад хэзээ ирэх вэ. Тус сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр ямар түвшинд явж байгаа вэ?

-Монгол Улсын ОУВС-тай хийж буй хэлэлцээр үргэлжилж байгаа. Энэ долоо хоногт тус сангийн төлөөлөгчдийн баг ирэх байх гэсэн найдлага бий. Үүний дараа хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна дэлхийн бусад орноос хөнгөлөлттэй зээл, тусламж хүссэн. Энэхүү яриа хэлэлцээр хэр явцтай байна вэ?

-“Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд өрийн тогтвортой байдлыг бий болгох шаардлага тулгарч байгаа. Зах зээлийн өндөр хүүтэй мөнгөөр эдийн засгийг тог творжуулах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад орноос бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахыг хүссэн. Яриа хэлэлцээр амжилттай үргэлжилж, эхнээсээ эергээр шийдэгдээд явж байгаа.

Мөн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэсэн хариуг ч өгч буй. Өөрөөр хэлбэл, ОУВС- гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эсэх хэлэлцээрээс олон зүйл шалтгаалж байна.

Засгийн газарт бондын эргэн төлөлтийг төлөх гурван хувилбар бий

-Монгол Улс ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлт болох 580 сая ам.долларыг төлнө. УИХ-ын зарим гишүүн бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй байна хэмээн шүүмжилж байгаа. Евро бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх вэ?

-Энэхүү бондыг төлөх гурван хувилбар Засгийн газарт байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Засгийн газар дээрх гурван хувилбараа олон нийтэд ил болгох хараахан болоогүй байна. 10-15 хоногийн дараа буюу яриа хэлэлцээр албан ёсоор баталгаажсаны дараа нийтэд мэдээлнэ.

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ. Нөхцөл байдал хэзээнээс тогтворжих вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Гэхдээ өнгөрсөн онд Засгийн газар нийт зардлынхаа 99.5 хувийг санхүүжүүлсэн урьдчилсан тооцоо гараад байна. Өнгөрсөн оны төсвийн орлого 300 гаруй тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлттэй байгаа. Засгийн газар байгуулагдсан цагаасаа эдийн засгийг тогтворжуулахын тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн Цанхийн баруун уурхайн анхны борлуулалтаа хийж, эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амнаас 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан таатай мэдээ бий. Мөн дэлхийн зах зээл дээр алт болон зэсийн үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Энэ нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлнө. Товчхондоо, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2017 оны сүүлч, 2018 оны эхээс тогтворжих хандлагатай байна.
САНАЛ БОЛГОХ