Дэлхийн III дайныг Роберт Фарли ингэж төсөөлжээ

Судлаачийн үг

2017 онд дэлхийн дайн хаана хэрхэн дэгдэх зохиомжийг Америкийн “Үндэсний эрх ашиг” (The National Interest) сэтгүүлд Кентаккигийн их сургуулийн эрдэмтэн багш доктор Роберт Фарли төсөөлжээ (5 Places World War III Could Start in 2017) бичсэн нь гадаадын хэвлэлүүдэд сенсаац дэгдээсэн юм. Тэрбээр шууд таван улсад дайн дэгдэнэ гээд биччихсэн хэрэг бус, зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлалтай таван газрыг нэрлэсэн нь цаад утгаараа дэлхийг шинэ дайны галд хуйхлагдана хэмээн яг ч ёрлоогүй юм.

Америк эрдэмтний бичсэнээс эшлэн энэ сэдэвт тайлбар хайя. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трамп ба түүний зөвлөхүүдэд тэрбээр зөвлөмж өгөх, санаа сэдэл өгөх, сэрэмжлүүлэх, анхааруулахзорилгоор эл өгүүллээ Америкийн нэр хүндтэй нөлөө бүхий судалгааны сэтгүүлд тавьсан гэж ойлголоо.

Учир нь улс төрөөс дэндүү хол явсан бизнесмэн нөхөр амаргүй цаг үед АНУ-ын Төрийн тэргүүнээр тавигдлаа. Тиймээс Трампын хувьд Цагаан ордонд залрах эхний хэдэн сар аюултай гэмээр хэд хэдэн нөхцөл байдалтай тулгарна. Мөн АНУ- аас Орос, Хятадтай сөргөлдөөн хурцдана, ялангуяа дэлхийн дайн дэгдээх магадлалтай таван бүс нутагт Трамп бодлогоо томъёолж хэрэгжүүлж таарна.

Үүний нэгдүгээрт, Солонгосын хойг байх болно. Хойд Солонгос бол Трампын засаг захиргааны хувьд анхны томхон сорилт болно. Хойд Солонгос цөмийн зэвсгийн хүч нөөцөө цааш улам бэхжүүлж, Өмнөд Солонгостой улс төрийн хямрал дэгдээж, халз тулна. Энэ бол Трампын засаг захиргаанд Обамагийн захиж үлдээсэнчлэн том, ноцтой сорилт юм. Хэрэв Америкийн Ерөнхийлөгч Хойд Солонгосын цөмийн зэвсгийг таслан зогсоохоор өрссөн цохилт хийх аваас мөргөлдөөнд хүргэнэ. Эсвэл Пхеньяны зүгээс Америкт өрссөн анхааруулах цохилт өгнө. Эсвэл Пхеньянд засаглалын хямрал дэгдэж, дэглэм нурж, хаос дагуулбал Солонгосын хойгт өргөн хэмжээний дайн, мөргөлдөөн дэгдэнэ. Хойгийн дайн Хятад, Орос, Япон руу эгшин зуур тархана.


Хоёрдугаарт, энэ халуун цэг бол Сири юм. Саяхан Сирид Асадын дэглэмийг нурааж хүчрэхгүйг нотолсон ялалтыг Орос өөртөө хангалаа. Иргэний дайныг нь шинэ өнгө төрхтэй болголоо. Алеппог АНУ онилохоосоо өнгөрлөө. Оросыг ингэж ажиллахад нь Обама саад хийж чадсангүй. Одоо Трампын засаг захиргаа Сирид бүрэн бэхэжсэн Оростой ажиллах болно. Тохиолдлоор тэнд АНУ, Оросын цэрэг мөргөлдлөө гэхэд л сүйрэл болно. Агаарын цохилт алдаж өгөхөд л хангалттай. Оростой байлдвал Сири дэх зэвсэгт бүлэглэлүүд бүгд хөдөлгөөнд орж бужигнана.

Гуравдугаарт, Орос, АНУ, Хятадын хооронд кибер орон зайн “дайн”, мөргөлдөөн дэгдэж магадгүй. АНУ дахь Ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэдэг шиг тийм цахим мөргөлдөөн өрнөх боломжтой. Эсвэл Хятад нь АНУ-ын оюуны өмч, компаниудын технологийг хулгайлах гэж оролдвол АНУ хариу үйлдэл хийж, өөрийгөө хамгаалах нь зүй. Хэрэв Орос, Хятадын зүгээс цахим өдөөн хатгалга үйлдвэл Америкийн тал эмзэглэн хүлээн авч, хариуг нь өгч таарна. Тэгэхдээ дайнд хүргэтлээ шатлан өргөжих нь юу л бол хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Дөрөвдүгээрт, бас нэг эмзэг, хөндүүр цэг бол Энэтхэг-Пакистаны хоорондын хил юм. Америк-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэх Буш, Обама нарын бодлогыг Трамп үргэлжлүүлнэ. Трампын сонгуулийн кампанийг АНУ дахь хинди үндсэрхэг үзэлтнүүд ихээхэн дэмжсэн. Сөргөлдөгч Энэтхэг, Пакистан хоёр улсын хооронд Кашмирын асуудлаар зуучлая хэмээн өмнө нь Трамп Пакистанд санал болгож байсан. Харин энэ санаачилгыг Пакистаны цэргийнхэн шүүрэн авч Кашмирт ногоон гэрэл асааж өглөө хэмээн ашиглах юм биш байгаа. Хэрэв Кашмирт Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн дэгдвэл цаашаа шатлан өргөжиж болно. Хэрэв энэ хоёр улс дайтвал энэ дайнд АНУ, Хятад татагдан орж таарна.

Тавдугаарт, цэргийн мөргөлдөөн дэгдэх тав дахь бүс нь Балтийн тэнгисийн тэр хавь байх болно. Тэндэхийн нөхцөл байдал, ялангуяа Орос, Польшийн хоорондын зөрчил цаашаа аюултай хэлбэр рүү шилжиж болох юм. НАТО-гийн гишүүдийг мөнгөөр тэтгэнэ гэдэгт Трамп эргэлзэж байгаа- гаа илэрхийлсэн. НАТО- гийн гишүүд нь ч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн тэрбээр гомдоллосон. Ингэснийх нь шанд шийдвэр эерэгээр ч, сөргөөр ч гарах магадлалтай. Эерэг гэдэг нь Орос-Америкийн харилцааны түгшүүртэй байдал буурна. Харин ингэсний дараа сөрөг тал нь гэвэл хоёр орны хооронд мөргөлдөөн дэгдэх бас нэг аюул бий. Тэгвэл Балтийн тэнгисийн бүс нутагт цэргийн мөргөлдөөн эхлэх үлэмж аюул оршиж байна. Дээрх бүх зохиомж нэн тодорхойгүй, бас залуургүй бугшиж байна гэжээ.

Хойд Солонгос бол Трампын засаг захиргааны хувьд анхны томхон сорилт болно
Роберт Фарлийн бичсэн нь ердөө энэ. Гарчиг нэг их сүртэй өгснөөс бус “дэлхийн” гэж тодотгох үндэслэл бага. Гэхдээ санаа зовохгүй өнгөрч болохгүй ээ. Тэрбээр 2016 оны есдүгээр сард "The National Interest" сэтгүүлд бичих-дээ НАТО-гийн яг “ зүрхэнд” буй Оросын хэсэгхэн нутаг дэвсгэрээс НАТО үхтлээ айн балмагдаж буй тухай баримт дурдсан нь дээрх зохиомжийн тав дахь хэсэгт шууд хамаарна. Калининград муж бол ЗХУ задарсны дараа Оросын бүрэлдэхүүнд үлдсэн, Балтийн орнууд НАТО-д элсэж байх үед өрнийнхний хувьд “дайсны нутаг дэвсгэр” гэж тооцогдох болсон, цэргийн онол, цэргийн урлагийн үүднээс авч үзвэл нэн чухал, бас нэн ноцтой хэмээн НАТО-д ч, Орост үздэг нутаг юм. Энд С-400, “Искандер-М” гэх Оросын пуужингийн цогцолбор байрлуулснаар НАТО ба Баруун Европ ноцтой аюулын өмнө нээлттэй болсон ба дэлхий дээрх пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдээс С- 400 гэдэг нь хөнөөн сүйтгэх хүч чадлаараа хамгийн лут нь хэмээн тооцогддогийг Фарли онцолж байсан юм.

Роберт Фарлийн дэвшүүлсэн дайн дэгдэх магадлал бүхий таван ноцтой голомт дотор дурдагдаагүй үлдсэн нь олон байна. Жишээ нь, Украины дорнод хэсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүй хэмээн таамаглаагүй нь анхаарал татлаа. Хэрэв цэрэг, зэвсг-ийн бөөгнөрөл, Украины Ерөнхийлөгчийн жишээлснээр бол тэнд ХБНГУ-ын нийт зэвсэгт хүчнээс давсан тооны цэрэг, зэвсэг бөөгнөрсөн. Эсрэгцсэн юм бол 2017 онд чив чимээгүй, нам гүм үргэлжлээд байхгүй л болов уу. Мөн Афганистаныг Фарли дурдсангүй.

АНУ-д 2017 онд учрах ноцтой аюул гэдгээр нэгдүгээрт, Орос-НАТО-гийн мөргөлдөөн, хоёрдугаарт, Хойд Солонгосоос америкчуудад учрах хэлж таашгүй гэнэтийн аюул, гуравдугаарт, хакеруудын довтолгоо гэх мэт цаашаа тоочсоор долоон гол аюул буй хэмээн Америкийн олон улсын харилцааны зөвлөл жил бүрийн илтгэлдээ бичсэнийг энд бас дурдах нь зөв байх. 2017 онд ажиглаж тандаж байх гол аюул занал гэдэгт нь:

Нэгдүгээрт, Орос-НАТО-гийн мөргөлдөөн, Оросоос Дорнод Европ руу учрах аюул орно. Хоёрдугаарт, Хойд Солонгосоос дэгдэх хямрал, цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтууд, цэргийн өдөөн хатгалга, дотоодын улс төрийн тогтворгүй байдал хөндөгдөнө. Гуравдугаарт, АНУ-ын гол дэд бүтэц рүү үйлдэгдэх цахим дайралт. Дөрөвдүгээрт, АНУ-д болон холбоотнуудынх нь нутагт үйлдэгдэх террорист халдлага орно. Харин тавдугаарт, Афганистан дахь хямрал, хүчирхийлэл, тогтворгүй байдал, Засгийн газар дампуурах, Талибанууд эргэж ирэх магадлал багтана. Зургадугаарт, Турк дэх хүчирхийлэл даамжрах, Курдын зэвсэгт бүлэглэлүүд Туркэд болон ойр тойрных нь улсуудад дайтах магадлал юм. Мөн Сири дэх иргэний дайн даамжрах, гадаад улсаас тийшээ интервэнц хийх магадлал гэж онцолжээ.
САНАЛ БОЛГОХ