“Харанхуй хад” киногоор юу хэлэв

Кино
До.Цэнджав
Д.Нацагдоржийн шагналт зохиолч,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

Залуу жүжигчдийг сонгож авсан нь найруулагч багшийн шийдэл байх

Бямбын Цогтбаярын зохиож, найруулсан “Харанхуй хад” уран сайхны киног зориуд олзуурхан үзлээ. Сүүлийн үед эрчтэй ажиллаж байгаа, энэхүү авъяаслаг найруулагч судалгаа шаардсан, нүсэрдүү ажиллагаатай түүхэн хүндэвтэр кино бүтээж, одоо үерлээд байгаа “савангийн дууриас” аль болохоор зайлсхийж байгаа нь даацтай уран бүтээлчийн хариуцлагаа ойлгосных биз ээ. Түүний өөр нэг авъяас энэ удаа илэрсэн нь кино зохиолын дүрийн хэл хэллэгтэй холбоотой, илүү ч үгүй дутуу ч үгүй, яг хэлэх ёстойг л хадаж өгөх “диалоги” буюу харилцан ярианы шидэт урлагийг эзэмшинэ гэдэг хэцүү түвэгтэй. Тэгэхлээр найруулгын ч, зохиолын ч хариуцлагыг Б.Цогтбаярт тохох нь зайлшгүй. Цаана нь их зохиолчийн бэлээхэн сод бүтээл нь өдөж хатгаж, санаа өгч байгаа учраас цараатай сэтгэх нь л чухал байсан байж таарна. Өөрийгөө соривол сорьсон шиг сорих тийм нас, туршлага, зиндаанд ирснээ өнөө л харуулахгүй бол хэзээ харуулах билээ.

Арилжааны кинонцарууд цас шиг хийсэж хайлж алга болно, жинхэнэ урлагийн ид шидийг үзүүлсэн даацтай, том кино үеийн үед мөнхөрдөг жамтай. Адгийн муухайгаар хэлүүлж, үзэшгүй дайсан гэдгээр түүхэнд үлдсэн алдарт Колчакийн тухай үнэнийг өгүүлсэн “Адмирал” кино шиг киног манайхан хэзээ хийх бол? Төр хэзээ кино урлаг, уран зохиолоо дэмжих бол? “Америкийн киног дэлхийд гарга” гээд Засгийн газар нь хэдэн зуун сая долларыг Холливудад шидсэнийг манайхан хэзээ сэхээрэх бол? “Орос кино бол Оросын бахархал” гэж Путин хэлчихсэн. Төрийн тэргүүн нь нэг ингээд хэлчихэд л сэргээд явчихдаг, нижигнээд явчихдаг, нүргэлээд явчихдаг тийм үе хэзээ ирэх бол?

“Харанхуй хад” хэмээх новелла буюу туурь нь нь гоц хурц үйл явдалгүй, бариад авчихаар биежсэн дүргүй, зохиолын дотоод байгууламж ер тодорхой бус, одооны бидний ойлголтоор жинхэнэ хаос шинжтэй буюу тэр чигээрээ эмх цэгцгүй олон деталиудтай, чухам юуг хэлээд, юуг төлөөлөөд, юуг яаж дүрслээд байгаа нь нууцгай, манан буданд төөрөлдсөн юм шиг зориудын хачирхалт зохиол гэхэд болно. Сэтгэл зүрхний гэхээсээ тархи оюун болоод дотор ертөнцийн хямрал, үймрэл бужигнаан, сэтгэлийн шуурга хүйтрэл, харанхуй бөгчим агаартай ийм зохиолоор уран сайхны кино барьж хийнэ гэдэг баргийн аавын хүүгийн зориглох зүйл биш, чөмөг дундраах махаа идсэн үйлт ажил. Энэ бол реалист зохиол биш, жинхэнэ өрнөдийн сэтгэлгээний гэхээр хийсвэр сэтгэлгээний манай анхны абсурд зохиол гэж би эргэшгүй боддогоо энэ дашрамд хэлчихье.
Нууцгай, манан буданд төөрөлдсөн юм шиг хачирхалт зохиол гэхэд болно
Тайлагдашгүй “Харанхуй хадыг“ аль талаас нь нээх вэ? гэж хичээж ирсэн нөхцөлд кино найруулагч хүний зохиолоо, дүрээ өнцөг өнцөгөөр нь “дурандаж” нэлээд нарийн сэтгэж, тун эвлэгхэн бүтээснээрээ Монголын кино урлагт нэгэн содон бүтээл мэндэлжээ. Д.Нацагдорж зохиолчийн тухай хоёр дахь уран сайхны кино гэж болно. Өмнө нь С.Дашдооров гуайн зохиолоор Р.Доржпалам гуайн найруулсан “Саруул талын ерөөл” гэх кино бий. “Хайран, хайран хэсгийг яйран, яйран болгосон доо. Би дотроо гашуудаж явдаг. Зохиолыг минь сэглэхийг үзээд махбодийг минь сийчиж сэглэх шиг санагдсан шүү” гэж Дооров гуай наяад онд жаахан халамцуудаа надад хэлж байсныг санаж байна. Хамгийн гайхамшигтай нь, өнөөдөр ямар ч цензур хяналтгүй, ёстой юу бодож, юуг төсөөлж байгаагаараа хязгааргүй эдлэх эрх чөлөөн дунд хийж бүтээх алтан боломж нээгджээ. Уран бүтээлчид бид энэ агуу боломжийг бүрэн ашиглаж чадахгүйгээс дэндүү марзагнал, дэндүү хөнгөмсөг хийсвэр, бодлогогүй балайг үйлдвэрлэж байна даа. Ёстой нөгөө “гурилдана” гэдэг л болж байна, бүгдийг нь хэлээгүй шүү .


Д.Нацагдорж гучаад онд тухайн цаг үедээ арай соёлжуу, арай боловсон нь орж гардаг, гадаадынхан болоод хятад, оросууд хөлхдөг “Спартак” буудалд түр амьдарч байсан түүхтэй. Зочид буудлын орон дээр сэтгэл нь үймрэн хөрвөөж, элдвийг толгой гашилган бодож байгаагаар буюу “Харанхуй хад” өгүүллэг яаж эхэлдэг билээ? яг түүгээр кино эхэлж байна. Буудлын тогооч данжаадыг дуудаж, “Морийг барьж эмээллэ” гэснээр зохиолоос гажихгүй нь дээ, яажшуухан үйл явдлыг өрнүүлэх юм болдоо, ёстой л харанхуй хаданд тулж очоод явах замгүй болмоор юм, тайлагдахгүй оньстой зохиол шүү дээ гэж дотроо эргэцүүлэн шимтэв. Найруулга бол найруулга. Ямар ч цагирагнаас гарах л ёстой. Найруулагчийн сэтгэлгээ, сэтгэлийн термометр ямар байна, кино тийм л болно. Тэгээд л киноны гол дүр Д.Нацагдорж морио унаад элсэн цөл, уул хад, ус гол, бороо, цас мөсөн дундуур тэнүүчлэн явсаар байв. Морь, хүн хоёулаа ядарчээ, гэвч явсаар... Чухам юугаа эрж хайж, юуны төлөө яваа билээ? хэн ч үл мэднэ. Замд нөгөөх хачирхалтай хар гэр, таахад бэрх хүмүүс, ид шидэт чулуу, үнэг ч юмуу нохой юмуу гэмээр манан будант юмс, үйл явдал цувран гарах аж. Энэ шаналант тэнүүчлэл бол нийгэмд шаарлагдсан, гадуурхагдсан зохиолч хүн хог буртаг, бузар муухайгаас зугтан, гэрэл гэгээнд бэдрэхийг хязгааргүй хүссэн, хэн нэгний хэлснээр уран бүтээлчийн “зоргоор зорчих дарвуулт завь” мэт хязгааргүй эрх чөлөөнд тэмүүлсэн зохиолчийн эрэл, уран бүтээлчийн дотоод сэтгэлийн эрэл хайгуул мэт юм даа гэж үзэгчийн хувьд надад бууж байв.

Найруулагчийн маш зөв бөгөөд эвлэгхэн шийдэл бол энэхүү тэнүүчлэл дундаас үйл явдлынхаа олон салаа шугамыг олж, улмаар хүүхэд бага нас, Алтангэрэл багшид шавь орж байгаа хэсэг, аавтайгаа цуг Гүн галуутай нуурын эрэг хөвөөгөөр мориор дөрөө харшуулан явж байгаа аз жаргалтай үе, хайр дурлал, өс хорсол, шорон гяндан, байцаалт хэлмэгдэл, онгод нь хөдөлж шүлэг зохиолоо уншихад нь бэртэгчингүүд шогтойгоор харж, билэгтнүүд бишрэн баясаж байгаа зэрэг тун донжтой сүлжээсийг олсонд найруулагчийн ололтын хамаг үнэ цэн оршино. Энэ бүхнийг хэрхэн тоочиж барахав дээ. Монголын кино урлаг сэргэх үедээ орсон ч гэлээ сайны хажуугаар саар саарал үзэгдэл хэсүүчилж, найруулгын хялбарчлал, зураглаач, зураачийн хялбарчлал, дүрийн хялбарчлал, орчин ахуй, эдлэл хэрэглэлийн хуурамч хялбарчлал үнэхээр урам хугалах юм. Өрөө тасалгааны, уйтгарт улигт ярилцаан эсвэл учир утгагүй алаан хядаан, цуст аллага, самуун садар, адал явдлыг хэлхсэн Америк, Солонгосын киноны эрлийзсэн хамгийн дорой муу хувилбар гэхээр зүйл байдгийг өөрчилж, Монголын кино урлагийн шинэ түүхийн бамбарыг асаах нь ойрхон байх аа гэж найдна.

“Харанхуй хад” кинонд олзуурхмаар зүйл цөөнгүй ажиглагдана. Хамгийн гол нь бүтээлч, урлагийн үнэнч чанарын илэрхийлэл болж, жилийн дөрвөн улирлын амьдрал, байгалийн дунд авсан зураглал киног өргөж байна. Кино бол дүрээр, үгээр, үйлээр, харилцаагаар харуулах урлаг. Амьд үнэмшилтэй болгоход олон кинонд авъяас, сэтгэлгээ, ажигч гярхай нүд, уйгагүй хөдөлмөр зүтгэлээ нээж харуулж чадсан шилдэг зураглаач Б.Лхагвадорж, залуу зураглаач С.Энхмөрөн нарын дүрийн хэллэг, уран дүрслэлт зураглал, хөдөлгөөн, алслалт ойртолт зэргийг онцгой үнэлмээр санагдлаа. Сүүлийн үеийн киноны хөгжмийг бас л хялбарчилж фонограм, техникийн хөгжим ашигладаг болсон бол, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл дүрийн дотоод сэтгэл, үйл явдлын зөрчлийг зөв мэдэрсэн хөгжим бичиж, түүнийгээ бүр симфони найрал хөгжмөөр амьдаар тоглуулсан нь бас үнэлэхээс, сайшаахаас өөр аргагүй.

30-аад оны үеийн гэр, байшин, тавилга хэрэгсэл, хувцас хунар, ном судар, хуучны тулга, эсгий үүд, домбо шанага, сав суулга, дугуй хар радио зэрэг зүйл киноны ерөнхий агаарыг амилуулж байсан нь яахын аргагүй ерөнхий зураач О.Нямдаваагийн сэтгэмж, авьяас билэгтэй холбоотой. Тэр үеийн “Спартак” буурчийн газрын ханан зуух, жирийн нэг цаг ч он цагийг илчлэн харуулна.

Дэлгэцийн урлагт дүр нь хоногшоогүй залуу жүжигчдийг сонгож авсан нь найруулагч багшийн шийдэл байх. Олонд төдий л танил биш залуу жүжигчин Г.Баярхүү хамаг ачааг нуруундаа үүрч, Д.Нацагдоржийн дүрийг гадаад төрх байдлаараа ч, дотоод сэтгэлийн агаар ертөнцөөрөө ч чамбай бүтээж, ирээдүйтэй жүжигчин болохоо харуулж чадлаа. Ц.Төмөрбаатар, Ц.Цэрэнболд, А.Цэгмид, У.Батбаатар, Л.Доржням зэрэг үзэгчдийн хэзээний танил алдартнуудын зэрэгцээ шижигнэсэн авьяаслаг залуус өөр өөрсдийн дүрийг чамбай бүтээжээ. Дүр жижигдэхгүй, жижиг дүр тусмаа нарийн ур чадвар шаардана. Зөвхөн жижиг дүрээрээ мөнхөрсөн аль олон алдартныг хэлж барахав. Пагамдуламд Э.Пүрэвжаргал, Нинад Н.Ариунжаргал нар тоглож, урлагт хөл тавьсан анхны алхмаа халуун нулимстай, хайрын дурсамжтай, хатуу сургамжтай амжилтай эхлүүллээ.


Пионер багачууд “Бүхий олон багачуудыг” дуулаад бүрээ бөмбөрөө нижигнүүлэн татаад өнгөрч байгаа тэр үеийн сургуулийн барилга бол хэрвээ би андуураагүй бол эфү чин ван Наянтын хүү Артаасэдийн нутагтаа байгуулсан Монголын анхны сургууль болох Архангай аймгийн Хан-Өндөрийн олон алдартнуудыг төгсгөсөн үнэхээр түүхт бага сургуулийн байшин туурь мөн байх. Иймэрхүү хуучны барилга байшин, модон шургааган хашаа, усны гудамж, мухар полуу тэргээс авахуулаад хуучны жижиг хэрэглэл олдоход тун бэрх байсан байлгүй. Одоо ч шинэ нь сонин биш, хуучин нь сонин болсон цаг шүү дээ. Хоцрогдсон муухай юм гээд тэр сургуулийг газраас хусаад хаячихаагүй нь олз юм. Уг нь улс хамгаалалтад авмаар Монголын хамгийн анхны сургууль шүү дээ. Багачууд өөрийнх нь дууг дуулаад хажуугаар нь өнгөрөхөд зохиолч маань царай төрх, байр байц муухан хөлчүү согтуудуу, шороо тоосонд даруулсан гунигт дүр зураг үзэгчдэд харуусал төрүүлнэ.

Их Д.Нацагдоржийгоо мартах юм бол, мартагнуулах юм бол энэ Монголын соёл, урлаг, уран зохиол, монгол хэл, боловсрол гэгээрэл, түүх ер нь юу болох билээ. Сүүлийн жилүүдэд түүнийгээ дурсах, зохиолыг нь унших нь бүү хэл, муутгаж бүдгэрүүлэхийг оролдсон бус уу? Алдарт “Миний нутаг” шүлгийг хүртэл дунд сургуулийн сурах бичгээс хассан гэнэ лээ. Яавч тэр их зохиолч бидний зүрхэнд мөнхөд байна гэдгийг бас энэ киногоор хэлж чадлаа.
САНАЛ БОЛГОХ