Жижиг оврын онгоц сумдад нислэг үйлдэж эхэллээ

Тээвэр

Сумдад агаарын тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээж байна. Монгол Улсын 160 гаруй суманд нислэг үйлдэх есөн хүний суудалтай жижиг оврын онгоцны эхний ээлж орон нутагт нислэг үйлдэж эхэлсэн талаар “Монцамэ” агентлаг мэдээллээ. Сум нь Монголын Засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж болж, тухайн бүс нутгийнхаа төв нь байдаг ч нэгдсэн авто замын сүлжээнд дийлэнх нь холбогдоогүй байдаг. Өвлийн улиралд орон нутгийн ихэнх даваанууд цасанд боогддог учраас агаарын тээвэр нэн чухал байгаа юм. Мөн орон нутгийн эдийн засгийг сайжруулах чиглэлээр гадаад, дотоодын аялал жуулчлал зэрлэг амьтдын сүргийг агаараас үзүүлэх давхар боломж байгаа юм байна. Орон нутагт нэг удаад 14 хүн тээвэрлэх "Cessna grand caravan 208“ загварын агаарын хөлгөөр тээвэрлэлт хийх талаар ИНЕГ-аас мэдээлж байсан юм. Нислэгийн тарифыг холын сумдад дээд тал нь 40 мянган төгрөг байхаар тогтоосон тохиолдолд худалдан авах чадвартай дүйцэхээр байгаа тооцоог өмнө нь танилцуулж байв. Сумдад нислэг үйлдэх төслийг 2015-2016 онд 6 аймаг 60 сумыг, 2017-2018 онд 7 аймаг 75 сумыг, 2018- 2020 онд 3 аймаг 31 сумыг хамарч байхаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг ИНЕГ-аас онцолж байна. 1990 оноос өмнө аймаг тус бүрд сумдын хооронд “Ан-2” маркийн онгоцоор нислэг үйлддэг байсныг ийнхүү сэргээх төсөл хэрэгжиж эхэллээ.

М.Дэлгэрмаа

Холбоо барих: delgermaa.m@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ