247 тэрбумын төсөвтэй эко парк

Экологи

Хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулж, 9000 ажлын байр бий болгоно

Манай улс моторын хаягдал тосоор дизель түлш үйлдвэрлэдэг болоод бараг гурван жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 2000 тонн хол давсан дизель түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлжээ. Багахангай дүүрэгт байрлаж буй уг үйлдвэр хоногтоо таван тонн хаягдал бүрэн боловсруулж буй. Гэвч үйл ажиллагаа нь үлгэн салган явж буйг Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо (ХХДБҮХ)-ны тэргүүн Д.Бямбасайхан ярив.

Энэ мэт амиа аргацааж буй хаягдал боловсруулах үйлдвэр хэд хэд бий аж. Тухайлбал, Хонхорт байгуулсан аккуляторын үйлдвэрийн үйл ажиллагаа ч хүндхэн байгаа юм байна. Хүндрэл үүсгэж буй гол асуудал нь түүхий эдийн татан авалт, хангамж, борлуулалтын нэгдсэн тогтолцоо байхгүй. Зөвхөн технологи байгаад хангалтгүй нь мэдээж.

Тиймээс хаягдал дахин боловсруулах эко парк байгуулахаар нийслэлийн Захирагчийн ажлын алба, ХХДБҮХ хамтран тохиролцсон билээ. Өдгөө энэ ажил гүйцэтгэлийн шатандаа тун дөхөж байна. ТЭЗҮ-ээ боловсруулж, ерөнхий төлөвлөлт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийж дуусчээ. Одоо нийслэлтэй гэрээ хийхээр хэлэлцэж буй аж. Цахилгаан, дулаан, зам зэрэг дэд бүтцээ улс хариуцаж, паркын зохион байгуулалт, хөрөнгө оруулалт татах ажлыг ХХДБҮХ гардан гүйцэтгэхээр ярилцаж байна.

Энэ үйлдвэр ашиглалтад орвол нийслэлээс гарч буй нийт хаягдлын 85 хувь нь дахин боловсруулсан бүтээгдэхүүн болж зах зээлд гарах юм. Одоо бол энэ тоо 20 хүрэхгүй хувьтай байна. Уг нь хоёр жилийн өмнө 35 хувийг дахин боловсруулдаг байжээ. Гэтэл төмөр металлын түүхий эдийн үнэ сэргэхгүй байгаагаас гол худалдан авагч болсон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн худалдан авалт бараг зогссон байна.

Дотоодын хаягдал боловсруулах салбарын зах зээл үндсэндээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр, хулгайн өнгөт металлынхан, архины үйлдвэр, Хятадаас хараат аж. Харин эко парк энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Одоо тус холбооны доор хаягдал дахин боловсруулах 20 гаруй үйлдвэр бий ч үйл ажиллагаа явуулж буй нь 10 хүрэхгүй.

Хэрэв дахин боловсруулах байгууламж ашиглалтад орчихвол 32 аж ахуйн нэгжийн есөн төрлийн хаягдлыг дахин боловсруулах 20 гаруй үйлдвэр байгуулахаар боловсруулсан байна. ТЭЗҮ-ийг гаргахаар дээрх байгууллагуудын нийт 39 төсөл, судалгааг нэгтгэжээ.

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгийг түшиглэн дахин боловсруулах үйлдвэр байгуулах уг төсөл нийтдээ 247 тэрбум төгрөгийн төсөвтэй аж. Үүний 53.4 тэрбумыг нь нийслэлийн төсвөөс гаргаж, дэд бүтцэд нь зарцуулна. Харин үлдсэнийг нь олон улсын байгууллага, хувийн хэвшлээс бүрдүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 9.2 жил.

Нийслэлээс нийт 14 төрлийн хог хаягдал гардаг байна. Одоогоор хаягдал тос, хайлш, шил, хуванцар, дугуй, аккумлятор, төмрийг боловсруулж буй юм. Парк ашиглалтад орсноор цахилгаан, дулаан, технологийн уур, био-дизель, барилгын материал, ясны гурил, хар тугалга, хүхрийн хүчил, желатин зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргана. Хүчил л гэхэд импортоос хараат байдаг байна.

Энэ үйлдвэрийг нээснээр нийгмийн сэтгэл зүй, ахуйн соёлд гарах нэг том өөрчлөлт нь иргэд хог хаягдлаа анхдагч эх үүсвэр дээр ангилдаг болно. Олон улсад энэ жишгийг тогтоохын тулд дэд бүтцээс гадна эдийн засгийн аргаар тогтоодог. Иргэн хог хаягдлаа ангилаагүй бол илүү төлбөр ногдуулах, мөн айл өрх бүр үйлдвэрлэсэн хогныхоо хэмжээгээр төлбөр төлдөг шударга тогтолцоо үйлчилдэг байна. Түүнчлэн шатаах үйлдвэрээс гарч буй эрчим хүчийг төр худалдан авч, айл өрхүүдийн хэрэгцээг хангах, хог үүсгэгчид болон хогны төрлөөс шалтгаалж татвар ногдуулах, дахин боловсруулах бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих замаар эко паркыг авч явах боломжтой аж.


ЗГМ: ТОДРУУЛГА
Хот хогоороо тохижилтоо хийдэг болох ёстой

Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Бямбасайханаас Эко паркын талаар дараах тодруулгыг авлаа.

-Эко паркын үйлдвэр ашиглалтад ороход хог хаягдлын хэчнээн хувийг дахин боловсруулах вэ?

-Миний мөрөөдөл бол 100 хувь. Манай гаргасан ТЭЗҮ-ээр бол 1.4 тонн хогны 300 мянган тонн нь шууд шатаагдана. Мөн барилгын хатуу хог хаягдал ийм хэмжээтэй орж ирдэг. Энэ бол бүрэн боловсруулах боломжтой хаягдал. 20 орчим хувь нь хуванцар, хаягдал дугуй гээд өнөөгийн бидний авч буй хаягдал. Ингээд бодохоор бүрэн хүчин чадлаараа ажиллавал 85 хувийг дахин боловсруулах боломжтой.

-Санхүүжилт хэр зэрэг амжилттай байна вэ?

-Санхүүгийн хувьд хамгийн том асуудал нь хөрөнгө оруулагчид капиталын баталгаа нэхэж байна. Гэтэл бидэнд тэр баталгаа нь байхгүй. Харин нийслэлтэй хийж буй гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх олон улсын байгууллага, гаднын хөрөнгө оруулагчид байна.

-Барилгын хог хаягдлыг ямар зах зээлд нийлүүлдэг юм бэ?

-Нийслэлд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Дулааны улиралд барилгын хог хаягдал нэмэгддэг. Одоогоор 200 гаруй акталсан барилга байна. Эндээс гарсан хаягдлыг дахин боловсруулж зам тавих түүхий эд болгон нийлүүлдэг. Мөнгө зарж хад хайргыг буталж, байгалийг сүйтгэж байснаас хаягдлаа ашиглах ёстой. Хот хогоороо тохижилтоо хийдэг болох ёстой.

Нийслэлийн нийт хаягдлын 80 хувийг ангилахгүйгээр хогийн цэгт хүргэж, булдаг
-Орон нутгаас хэчнээн хувийн хаягдал авдаг вэ?

-Манай авч буй нийт хаягдлын 10 хүрэхгүй хувь нь орон нутгаас бүрддэг. Говьсүмбэр, Хөвсгөл, Өмнөговь, Дархан, Орхон аймагт салбартай. Өөрсдөө хаягдлаа ачиж, тээвэрлэдэг тул санхүүгийн асуудлаас болоод одоохондоо холоос хаягдал татах боломжгүй байна. Дээр дурдсан аймгуудын төвд хаягдал авах 2-5 цэг бий.

-Байгаль орчинд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Одоо нийслэлчүүдийн үйлдвэрлэж буй нийт хогны 80 хувийг огт ангилахгүйгээр шууд хогийн цэгт хүргэдэг. Тэндээ газарт булдаг. Ямар ч тусгаарлагчгүйгээр. Уг нь олон улсад ингэж булдаггүй. Канадад л гэхэд шар шавраар хөрснөөс тусгаарладаг. Гэтэл манайд хог булж буй технологи нь эргээд байгаль орчинд асар их хортой. Дээшээ хорт хий ялгарч, хөрсөндөө асар их бохир шингэнэ. Харин эко парк байгуулбал энэ бүгд алга болно. Дэлхий нийт өнөөдөр ландфилээс бүрэн татгалзчихаад байна.


САНАЛ БОЛГОХ