Ойг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсон

Үйлдвэрлэл

Хаягдал модоор био түлш үйлдвэрлэхээр зорьж “ЭМ СИ лог хаус” компанийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх эдийн засагч С.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр ой модны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсныг онцлов.

-Яагаад хаягдал модоор био түлш үйлдвэрлэхээр шийдэв?

-Би ой модны салбар олон жил ажиллаж байна. Ерөөд оноос хойш энэ салбар үндсэндээ унасан. 2015 онд Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичиг баталсан. Монгол Улс сүүлийн 7-8 жилийн хугацаанд ойгоо хоёр удаа тооллоо. Эхний тооллогоор нэг га ойд ногдож буй хатсан, хөгширсөн модны тоо сүүлийн хэдэн жилд 50 хувиар өссөн байх магадлалтай гэсэн дүн гарсан. Харин сүүлийн тооллогыг хиймэл дагуулаар хийгээд байгаа. Манай нийт нутаг дэвсгэрийн 11 орчим хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Үүнээс ой мод нь нийт нутгийн найман хувийг хамарч буй. 1.2 тэрбум шоо метр ой мод Монголд байна. Үүний 66 орчим хувь буюу 800 гаруй сая шоо метр мод одоо ургаж байна. Эдгээр модны 30 орчим хувь нь хөгширсөн. Харахад өндөр ч хөрөөдөөд үзэхээр өгөршсөн.

Нийт ойн 30 гаруй хувь нь босоогоор эсвэл унаад хатчихсан. 420 гаруй сая шоо метр мод хатсан байдалтай байна. Энэ модыг цэвэрлэхгүй бол ой улам доройтно. Хомсдох аюул ч бий. Монгол орны ой бол байгалийн унаган ой. Тэр утгаар устах аюул ойрхон байна. Гэтэл ойн цэвэрлэгээ зогссон. Ойн санг цэвэрлэх хөтөлбөр бэлэн болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч хэрэгжээгүй. Дэлгээд харуулчих нэг ч ажилгүй өнөөг хүрч байна. Уг нь цэвэрлэх хүч, боломж манайд бий. Ойд үндсэн огтлол, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөлтэй 500 гаруй аж ахуйн нэгж байна.

Үүнээс гадна Монгол орны нийт ойн 13-14 хувийг гэрээгээр эзэмшиж, хамгаалж буй 1200 гаруй нөхөрлөл байдаг. Ингээд бодохоор 20 гаруй мянган хүн одоо ойтой холбоотой. Гэвч ой модоо үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж эхлээгүй. Учир нь тэдэнд техникийн хүч алга. Социализмын үед ашиглаж байсан техник нь хуучирч, муудсан. Шинэчлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй.

Бас ойгоо цэвэрлээд, хаягдал мод гаргалаа гэхэд түүнийг нь ашиглах бизнесийн орчин алга. Тэр модыг нь хөдөөний малчид ч тоож түлэхгүй байна. Тиймээс хэн ч ашиглахгүй байгаа асар их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдсэн нь энэ.

-Энэ чиглэлээр эдийн засгийн үндэслэлтэй тооцоо, судалгаа хийв үү?

-Салбарын эрдэмтэдтэй жил гаруйн хугацаанд судаллаа. Гадаад, дотоодын туршлагыг ч сөхлөө. Эцэст нь хаягдал модоор био түлш үйлдвэрлэх төслөө бэлэн болгоод байна. Энэ төслийг ганц компани бие даан хэрэгжүүлэх боломжгүй. Улсын хэмжээний хөтөлбөр болгож байж, бидний хүссэн үр дүнд хүрнэ.

Эхний ээлжинд ойн хаягдал ихтэй дөрвөн аймгийн есөн суманд био түлш буюу пеллетийн үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээр үйлдвэрт шаардлагатай түүхий эдийг бэлтгэхдээ дээр дурдсан 500 гаруй байгууллагатай хамтарна. Бид эдгээр байгууллагаас 90-ийг нь сонгож, түүхий эд нийлүүлэгч болгоно. Тэдний хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ техникээр хангах юм. Мөн 1200 нөхөрлөлийг ч оролцуулахаар төлөвлөж байна.

Ингэснээр хатсан 420 сая шоо метр модны 1.3 хувийг дөрвөн жилийн хугацаанд бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, 5.8 сая шоо метр мод ойгоос цэвэрлэнэ. Энэ модоор дөрвөн жилд 562 мянган тонн пеллет үйлдвэрлэнэ. Үүний 20 хувийг экспортод гаргана. 80 хувийг Улаанбаатар хотын гэр хорооллын 189 мянган айлын 30 хувьд нь нийлүүлэхээр төлөвлөлөө. Энэ бүх ажилд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Цаашид үйлдвэрлэлийн зардлаа өөөрөө нөхөхөөр зорьж байна. Эхний дөрвөн жилд бид 420 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоод байгаа.

-Санхүүжилт татах боломж хэр байна вэ?

-Төслөө төр, захиргааны байгууллагуудад таниулахаар хичээж байна. Энэ хүрээнд УИХ-ын Өргөдлийн болон Байгаль орчны байнгын хороонд танилцуулгаа хүргүүлсэн. Мөн Агаарын бохирдлыг бууруулах дэд хороонд ч хандсан. Энэ чиглэлээр хэлэлцүүлэг явуулахыг хүсээд байна. Өргөдлийн байнгын хорооноос хариу ирж, дэмжихээ илэрхийлсэн. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд төслөө хүргүүлсэн. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлөөс бодлого үйл ажиллагаатай нь уялдаж байгааг мэдэгдсэн. Тиймээс эхлээд загвар болгож, явуулын 1-2 бригад байгуулах санхүүжилт олгохоо амлаад байгаа. Харин Засгийн газар хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.

-Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Засгийн газраас гадна хувийн хэвшилд хандаж үзэв үү?

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын байгууллагуудад хандахаар зорьж байгаа. Бид Засгийн газраас мөнгө өгөөч гэж хүсээгүй. Энэ төслийг улсын хэмжээний хөтөлбөр л болгоход болно. Улмаар ТЭЗҮ-ийг нь олон улсын түвшинд боловсруулж чадвал санхүүүжилт татах боломж улам нээгдэнэ.

-Хаягдал модоор био түлш үйлдвэрлэхэд ямар технологи ашиглах вэ?

-Пеллетийн үйлдвэрлэх технологи дэлхий дахинд өндөр хөгжсөн. Химийн хольцгүй зөвхөн модыг гурил шиг нунтаглаад хорхой ааруул шиг түлш хийж байна. Пеллет нь түлшний зарцуулалт бага. Дулааны чадвар өндөр. Нэг килограмм био түлш шатаахад 0.97 килограмм нүүрс шатаасантай тэнцэх дулаан гаргадаг. Утааны хувьд нүүрстэй харьцуулашгүй. Химийн хольцгүй учраас гарч буй утаа нь ч хорт бодисгүй. Дэлхий даяар био түлш рүү хошуурч байна. Герман гэхэд био түлшээ сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан дулааны хэрэгцээгээ хангахаар ажиллаж байна. Тус улс дотооддоо 10 сая тонн түлш үйлдвэрлэдэг. Нэмээд АНУ, Канадаас 16 сая тонныг худалдаж авдаг. Цахилгаанаас татгалзаж, био түлшийг сонгож байна. Бас пеллетийг илүүд үзэж буй иргэд, үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд олон төрлийн урамшуулал олгодог.

-Био түлшийг ашиглахын тулд тусгай зуух авах шаардлагатай юу?

-Тусгай зуух бий. Био түлшний зуух үйлдвэрлэлд ч хөгжсөн. Шалны болон паараар халааж болно. Баруун Европт зуух үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Хоёр хөрш маань ч үйлдвэрлэж байна. ОХУ, БНХАУ-ын бүтээгдэхүүн үнийн хувьд хямд ч чанараар Европын орнуудыг гүйцэхгүй.

Бүрэн автомат зуух үйлдвэрлэж байгаа. Түлшээ хүн өөрөө зуухандаа хийхгүй. Хоолойгоор түлшээ татаад авчихдаг. Шатаах үйл явц нь бүрэн автомат. Тэрчлэн түлшний нэг хувьтай тэнцэх хэмжээний үнс гардаг. Зуухаа аль ч төрлийн халаалтын системтэй холбож болно.

Улаанбаатар дахь төвийн сүлжээнд холбогдоогүй төрийн байгууллагуудыг пеллетийн хэрэглээд шилжүүлэхээр төлөвлөж байна. Бидний тооцоогоор нам даралтын 162 зуухыг солихоор байгаа. Энэ чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Тэд ч бидний санаачилгыг дэмжсэн. Эхний ээлжинд солих 162 зуухны санхүүжилтийг шийдэх боломжтой гэж мэдэгдсэн. Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ойг цэвэрлэх асуудлыг шийдчихвэл энэ ажил нэг алхам урагшилна.

420 гаруй сая шоо метр мод хатаад байна

Түүнчлэн нийслэлд нүүрс ашигладаг нам даралтын зуухтай 3000 айл байна гэсэн тооцоо бий. Нэг нам даралтын зуухнаас 1000 айлын яндантай тэнцэх хэмжээний утаа ялгардаг. Ингээд үзвэл ямар хэмжээний утааг бууруулах нь тодорхой болно. Цаашлаад гэр хорооллын байшинд амьдардаг айлуудыг шилжүүлэх боломжтой. Харин гэрт амьдардаг өрхүүдэд өөр технологи шаардлагатай.

-Экспортлох талаар та дурдсан. Зорилтот зах зээл нь юу вэ?

-Пеллетийн түлшийг БНСУ, Япон, Хятад улс их хэмжээгээр хэрэглэдэг. Био түлшний үнэ олон улсын зах зээлд нэг тонн 150-180 евро. Бид Монголд 100 ам.доллар хүрэхгүй үнээр борлуулахаар төлөвлөж байгаа. Нүүрстэй ойролцоо гэсэн үг. Пеллетийн түлш хэрэглэснээр өвлийн халаалтын зардал хэрхэн өөрчлөгдөхийг ч тооцсон. Халаалтын зардал 50 ам метр талбайтай бол 30, 80 ам метрт 20 хувиар буурахаар байгаа. Ийм л үр ашигтай төсөл.

Нэг талаас ой модыг цэвэрлэнэ. Нөгөөтэйгүүр, утааг бууруулна. Байгальд ээлтэй халаалтын системд шилжинэ гээд олон давуу талтай. Би хувийн хэвшлийн томоохон компаниуд хамтран ажиллана гэдэгт эргэлзэж байна. Учир нь модны салбар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд унасан. Ой ашиглах соёл, ойлголт төдий л дэлгэрээгүй байгаа. Харин бидний хувьд энэ салбарт хэдийнэ орсон. Буцах замгүй улс.

Манай компани Монголд модны хамгийн том үйлдвэр байгуулаад ажиллаж байна. Бид Европын орчин үеийн дэвшилт технологийг Монголд нэвтрүүлсэн. Манай үйлдвэртэй Германы Ой модны холбооны ерөнхийлөгч, Мод боловсруулах холбооны удирдлага танилцсан. Тэд Монголын ойгоор явж, ойн аж ахуйг үзээд юм их байна. Зөв зохион байгуулж, зохистой ашиглаж чадвал ой модны салбар мал аж ахуйгаас дутахгүй баялаг бүтээнэ гэж хэлж байсан.

Монголын ой Германтай харьцуулахад хоёр дахин бага. Германчуудын ой модны соёл 300 жилийн түүхтэй гэж ярьдаг. Тус улс ойгоо арчилж, цэвэрлээд, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталдаг. Ингэснээрээ жилд 200 гаруй тэрбум ам.долларын баялаг бүтээж байна. Тус улсын ойн нөөц 20 жилийн хугацаанд 50-60 хувиар өссөн. Зөв ашиглана гэдэг энэ. Бидний хувьд модоо цэвэрлээд оронд нь тарих үүрэг хүлээнэ. Хуулиар бол нэг га талбайд 2000 мод тарих ёстой. Ингээд үзэхээр 131 мянга га талбайд цэвэрлэгээ хийнэ. Дараа нь 262 сая ширхэг мод тарихаар байгаа. Энэ хэрээр Монгол орны ойн сан арвижна.


САНАЛ БОЛГОХ