Казиногийн зөвшөөрлийг 35 тэрбум төгрөгөөр олгоно

ЗГМ: Тодруулга

Казиногийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан байгуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энхболдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Ажлын хэсэг хуралдсан уу. Хуулийн төслөө хэзээ Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх вэ?

-Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт анхны хурлаа хийсэн. Ингээд тус ажлын хэсэгт хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн. Учир нь Дэд ажлын хэсгийн түвшинд нэгдсэн байр сууринд хүрэх асуудал бий. Харин хуулийн төслөө ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж байгаа болохоор энэ удаагийн намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлэгт оруулж амжихгүй. Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсэг дээр судлах, санал нэгдэх зүйл болон бий.

-Хуулийн төсөлд ямар заалтууд тусгагдсан бэ?

-2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төсөл байгаа. Энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Монголын эдийн засагт хөшүүрэг болгох аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготойгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Зөвхөн уул уурхайд түшиглэж байгаа учраас аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулъя гэдэг агуулгаар оруулж ирж байгаа.

-Төсөлд Монгол Улсын иргэн тоглохыг хориглосон байсан. Энэ заалт “хүчинтэй” хэвээр үү?

-Өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулаагүй тул дээрх заалт байгаа гэсэн үг.

-Хэдэн байршилд казино байгуулахаар тусгасан бэ?

-Ажлын хэсэг бол Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, казино байгуулах байршил болон эрхлэх аж ахуйн нэгжийн нэрийг заахгүй гэсэн үг. Хуулийн төсөлд хоёр байршилд казино байгуулах эрх олгохоор тусгасан. Харин хаана байгуулах эрх мэдлийг нь Засгийн газарт өгнө. Засгийн газар байршлаа тодорхой болгож, ямар аж ахуйн нэгжид эрх өгөхийг шалгаруулж, шийднэ гэсэн үг. Байршил болон казино эрхлэх аж ахуйн нэгж тодорсны дараа зохицуулах хороог байгуулна.

Зохицуулах хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Зохицуулах хороо бүх дүрэм, журмаа гаргаад, хяналтаа тавиад үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл олгоод явах юм. Засгийн газар дотоод эсвэл, гадаадын аж ахуйн нэгж оруулж ирэх, төр оролцоотой байх зэргээр зохицуулалтаа өөрөө хийнэ гэсэн үг.

Казинод Монгол Улсын иргэн тоглохыг хориглосон заалт хэвээрээ

-Казино байгуулах нөөц боломж байгаа юу?

-Эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бол бий. Нөөцийн хувьд гэвэл яагаад заавал казино байгуулах юм гэдгийг бодох ёстой. Эдийн засгийн чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, дэлхийн ихэнх орон казино байгуулж байна. Казино байгуулж эдийн засгийн нэг хөшүүргээ болгож чадаж байна. Эрх зүйн орчныг бүрдүүлэхээр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааныхаа хүрээнд тавигдах шаардлагуудаа биелүүлнэ гэсэн үг. Барилгын талбай, казино дагасан худалдаа, үйлчилгээ нь ямар байх вэ гээд тавигдах шаардлагынхаа хүрээнд зохицуулагдана. Төгс хэлбэрээр нь казино байгуулна гэвэл манай улсын хувьд хүнд шүү дээ. Янз бүрийн саналууд явж л байгаа. Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд тэр байршилд казино байх нь зөв гэж болохгүй байна. Нэг талыг барьсан болчихно. Хэлэлцүүлгийн шатанд илүү тодорхой болно.

-Казино байгуулснаар улсын төсөвт жилд хэчнээн тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ. Урьдчилсан тооцоо гарсан уу?

-Нарийвчилсан тооцоо гаргаагүй байгаа. Харин казиногийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 35 тэрбум төгрөгөөр олгохоор хуулийн төсөлд тусгасан.

-Жуулчдын тоо хэдээр нэмэгдэх вэ?

-Жилд ойролцоогоор 400 мянган жуулчин орж ирдэг гэсэн тоо байдаг. Казиногийн хуулийн төсөл батлагдсанаар энэ тоог 3-4 дахин нэмэгдүүлэх бололцоотой гэж харж байгаа. Судалгаанаас харахад, Азийн орнуудын иргэд казино түлхүү тоглодог.

-Дэлхийн бусад орны туршлага ямар байдаг вэ?

-Хамгийн сүүлд Япон улс Казиногийн тухай хууль баталсан. Тэр хуулийг судлах шаардлага бий. Өмнөх Засгийн газрын үед БНСУ, Макаогийн Казиногийн тухай хуулийг судалсан байсан. Тиймээс дахин судалгаа хийж, Монголын хөрсөнд бууж чадах хамгийн боломжит хувилбараар нь хуулийн төслөө бэлтгээд УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ.

САНАЛ БОЛГОХ