Сонголтдоо бүү эргэлз

Амьдралын хэв маяг

Мэргэжилдээ дурласан хүний амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгддөг

Дугуй унаж, ууланд алхаж, зураг зурах туйлын дуртай, дотоод засал чимэглэлийн дизайнер, битбоксын улсын аварга С.Билгүүнийг “Амьдралын хэв маяг” буландаа урилаа.

-Дизайнер хүн учраас үргэлж шинийг санаачлах хэрэгтэй байх. Таныг хараад байхад гэр, ажлын дөрвөн хананы дундаас шинэ санаагаа хайдаг хүн биш юм шиг санагдсан. Хаанаас шинэ санаа эрэлхийлж байна?

-Шинэ санаа хаа сайгүй байдаг, түүнийг олж харах нь чухал. Өрөөнд их зай эзэлдэг дугуй байлаа гэж бодъё. Тэгвэл үүнийг хананд ч юм уу, таазнаас өлгөчих юмсан гэж хүн бодно шүү дээ. Эсвэл ширээн дээрээс гулгаж унаад байгаа чихэвчийг ширээтэй нь хавчиж болно. Энэ ч шинэ санаа. Түүнчлэн хүн бүрийн шинэ санаа олох арга өөр л дөө. Миний хувьд ихэвчлэн хошигнолоос олж авдаг.

-Дугуй унахын ач тус юу вэ?

-Хамгийн чухал ач холбогдол нь цаг хэмнэлт. Дараа нь мэдээж эрүүл мэндийн ач тустай. Фитнессээр хичээллэхийн тулд форм барьж, тууштай байх хэрэгтэй. Дизайнер хүнд харин оройтож суух шаардлага гарна, өдөр бүр өөр өөр байдаг. Тиймээс өдөр бүр дугуй унах нь эрүүл бас чийрэг байхад тустай. Дугуй унаад хоёр жил болж байгаа ч өвөл түр татгалздаг. Харин дулааны улиралд байнга унаж, бямба гараг бүрийн өглөө дугуйтайгаа Скай Ресорт явчихаад ирдэг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг тийм ч их олддоггүй. Гэхдээ мэргэжилдээ дурласан болохоор энэ чиглэлийн бүтээлүүд их судалдаг. Сүүлийн үед дижитал арт болон нөхөрсөг шог зураг их сонирхож, бие даан суралцаж байгаа. Ер нь л миний сонирхдог бүх зүйл мэргэжилтэй минь холбоотой болчихоод байна. Боломж олдвол ууланд алхах дуртай.

-Мэргэжилдээ дуртай болохоор тэр байх л даа. Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?

-Долдугаар ангиас юм уу даа. Миний төрсөн ах зураг зурдаг, мундаг хүн. Ахаасаа анх үлгэр дуурайл авсан. Эхлээд графити, гудамжны зураг, дараа нь футболкан дээр зурж, тэр үеэс л архитектор болохыг мөрөөдөж, үүнийгээ ч биелүүлсэн. Харин интерьер дизайнаар тууштай ажиллаад нэг жил болж байна. Хүнээр яривал гал халуун дурлалдаа умбаж явна. Футболкан дээр зурдаг байхдаа ерөнхий боловсролын 54 дүгээр сургуульд сурдаг байсан. Тэгээд гэрийнхэндээ хэлэлгүй 93 дугаар сургууль руу шилжсэн юм. Тухайн үед сургалтын төлбөр болох 50 мянган төгрөгийг сагсны багийн 10 хүүхдийн футболкан дээр зураг зураад төлж байлаа. Хүүхэд байхаасаа л их олон зүйл сонирхсон доо

-Мөрөөдөж явсан мэргэжлээ сонгосон гэлээ. Өөр мэргэжилтэй байсан бол гэж бодож байв уу?

-Эдийн засагч эрэлттэй гээд би магадгүй хэн нэгний ятгалгаар эдийн засагч болчихсон бол миний амьдралын хэв маяг одоогийнхоос тэс өөр байгаа. Бие дааж өөрийгөө хөгжүүлэх нь байтугай өглөө ажилдаа яарч очих байсан, эсэхээ ч мэдэхгүй байна. Миний одоогийн амьдралын цөм нь зурах л юм шүү дээ. Дуртай зүйлээ маш их сонирхвол заавал үр дүнд хүрдэг. Тэгэхээр өөрийнхөө сонирхлоор явах нь хамгийн зөв сонголт гэж хэлье.

-Амьдралын хэв маягаа сонирхолтой болгох үүднээс хийдэг зүйлс бий юу?

-Биднийг сурагч, оюутан байхад хүүхэд, залуучууд ихэвчлэн спорт зал, РС тоглоомын газар, нэгнийдээ ч юм уу чөлөөт цагаа өнгөрөөдөг байлаа. Яахав, дугуйлан секцүүд байсан ч нэг удаагийн, бүх насныханд зориулсан нь ховор. Харин одоо их өөр болжээ. Кизомба, вино шимэнгээ зураг зурах гээд л олон сонголттой болчихож. Би иймэрхүү сургалт, өдөрлөгүүдийг их сонирхдог. Цаг зав, боломж олдвол тэнд очиж шинэ хүнтэй танилцаж, шинэ зүйл сурахыг боддог юм. Миний дургүй ч юм уу, ойлгодоггүй зүйлд хүмүүс дурлаж, хийж байгааг харах ч бас сонин л доо. Амьдралын хэв маягаа сонирхолтой болгоход тустай бас нэг зүйл бол хүмүүстэй танилцах. Би бөмбөгийг бөөрөнхий гэж хардаг бол өөр хүн тэрийг өөрөөр бодож байж болно. Тэгэхээр амьдралын олон өнгийг харж, мэдэх нь зүйтэй гэж боддог.

-Хүн ер нь хөгжмийн ямар нэг чиглэлийг сонирхдог байх хэрэгтэй юм шиг ээ. Битбоксын улсын аварга гэсэн байх аа. Энэ талаараа ярихгүй юу?

-Бас л сурагч байхаасаа битбокс сонирхсон. 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг байр авсан. Тухайн үед бас бяцхан хамтлагтай байлаа. Цаг үеэ дагаад залуусын сонирхож байсан зүйл нь тэр л дээ. Харин их сургуульд орсноос хойш нэг их сонирхохоо больсон. Гэхдээ байнга амаараа тоглож, янз бүрийн дуу чимээг дуурайж явдаг. Ер нь хүн хүний онгодоо дуудах арга нь өөр байдаг юм шиг. Намуухан жазз хөгжим сонсох, чимээгүй орчинд суух, эсвэл фитнессээр хичээллэж хөлсөө гаргах гээд л. Миний хувьд хөгжим тоглох, зураг зурах, ууланд алхах зэргээс урам авч, алдсан энергиэ нөхдөг.

САНАЛ БОЛГОХ