Рейлбус нэмж авахаар төлөвлөжээ
Гуравдугаар сар хүртэл тасалбарын үнийг хямдруулсан
Нийслэлийн өмнөх удирдлагууд 2014 онд рейлбус буюу төмөр замын автобус нэгийг худалдан авч, хот дотор явуулахаар болсон. Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд үйлчилгээнд гарсан рейлбус хоёр сар болоод зорчигчгүй гэсэн шалтгаанаар зогсооход хүрсэн. Дараа нь Дарханы чиглэлд явуулсан ч мөн л алдагдалтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл гарсан юм. Харин одоо ямар маршрутаар явж байгаа талаар “Улаанбаатар төмөр зам”-ын Зорчигч үйлчилгээний төвийн ахлах байцаагч Х.Байгалмаагаас тодрууллаа.
-Рейлбус Зүүнхараа чиглэлд явж байгаад больсон гэж сонслоо. Шалтгаан нь юу вэ?
-Рейлбус 2014 оноос эхэлж Толгойт-Амгалангийн чиглэлд аялахдаа зорчигчийн тоо харьцангуй муу байсан. Улмаар Дарханы чиглэлд явж байгаад хэсэг хугацааны дараа Зүүнхараа болгон өөрчилсөн. Энэ чиглэлд ирж, очих цагийн хуваарь тохиромжтой байсны дээр автозамаас зайдуу учир төмөр зам дагасан зорчигчид рейлбусыг сонгож үйлчлүүлж байсан. Тиймээс энэ чиглэлд зорчигчийн тоо нэлээд нэмэгдсэн гэж хэлж болно.
-Тэгвэл одоо аль чиглэлд явж байна вэ. Өдөрт дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?
-Одоо өдөрт нэг удаа Зүүнхараа, цааш Дарханы чиглэлд аялж байгаа. Дархан хүртэл явах зорчигчид өмнө нь харьцангуй бага байсан ч өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэр дундаа амралтын өдрүүдэд зорчигчийн тоо эрс нэмэгддэг. Нийт 136 зорчигч тээвэрлэх ёстойгоос бууж, сууж байгаа зорчигчийг тооцоод өдөрт 200 гаруй хүн зорчдог. Түүнчлэн цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Бид ч үнийн хувьд уян хатан бодлого барьж байгаа. Тодруулбал, Цагаан сарын баярыг дуустал буюу гуравдугаар сар хүртэл тасалбарын үнийг Дархан руу 10.300, Зүүнхараа чиглэлд 8000 төгрөг болгож бууруулсан. Хоногт дунджаар 120-130 зорчигч үйлчлүүлж байна.
-Рейлбусыг алдагдалтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Өөр чиглэлд явуулах судалгаа хийсэн үү?
-Рейлбус буюу төмөр замын автобус нь хот дотор буюу ойрын зайнд аялах зориулалттай. Уг нь хамгийн холдоо Зүүнхараагийн чиглэлд явахад тохиромжтой. Учир нь сууж явдаг учир Дархан зэрэг холын чиглэл нь зорчигчийн тав тухыг хангахгүй байх талтай. Суудлын галт тэргийг бодоход хурдан явдаг, үнийн хувьд хямд учраас хүмүүс рейлбусыг сонгож байна. Жишээлбэл, Дархан хүртэл суудлын тэрэгтэй адил гурван цаг хэртэй яваад хүрдэг. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, цагийн хуваарийн дагуу явдаг. Нөгөөтэйгүүр, хурдан явдаг давуу талтай учир холын чиглэлд өөр хааш нь аялуулах боломж байгаа, эсэх талаар судалж байна. Мөн одоо байгаагаас илүү тав тухтай рейлбус 2-3-ыг нэмж авах талаар төлөвлөсөн.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй