Оюутолгой: Үндэсний ханган нийлүүлэлтийн оролцоог өргөтгөнө

Мэдээ

Оюутолгой ирээдүйн боломжийг ханган нийлүүлэгчдэд танилцууллаа

Оюутолгойн ордын нийт баялгийн 80 хувийг нээх гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилж байна. Эль хуль байсан далд уурхайн гүнд техникийн дуу нүргэлж, “уурхайн амьдрал” зогсолтгүй үргэлжилж байгааг Марко Пирэс хэллээ. Тэрбээр “Оюутолгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал бөгөөд мягмар гарагт болсон Ханган нийлүүлэгчдийн чуулганы хоймроос дээрх үгийг онцолсон юм. Чуулганы автор нь “Оюутолгой”. Тус компани уг чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Гүний уурхайн төсөлд одоогоор тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ уурхайн үйл ажиллагааг явуулж байгаа аж. Энэ нь төслийн хувьд хөндлөн нэвтрэлтээ хийж байгаатай холбоотойг Марко Пирэс тайлбарласан юм. Төслийн үйл ажиллагааны шатанд үүсдэг боломжууд бий болоод эхэлсэн талаар тэрбээр тэмдэглэсэн юм. Гүний уурхайн малталтын ажил үргэлжлэн эрчимжиж буй энэ үед шаардлагатай бараа, үйлчилгээний эрэлт аль хэдийнэ үүссэн байна. Тодруулбал, гүний уурхайн төслийн үйл ажиллагаанд нэн чухал бэхэлгээ, бетон зуурмаг, агааржуулалтын тууз, өндөр нягттай шугам хоолой, насос зэрэг бүтээгдэхүүнийг “Оюутолгой” зах зээлээс хайгаад эхэлсэн байна.

Тус компани нэн тэргүүнд аюулгүй ажиллагааг чухалчилдаг. Марко Пирэс “Бид гүний уурхайн төслийг хугацаанд нь, төсөвтөө багтаан, хамгийн чухал нь аюул осолгүйгээр гүйцэтгэхээр шамдан ажиллаж байна” гэж өгүүлсэн нь үүнийг тодотгоно. “Оюутолгой” үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй ч дотоодын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр дэлхийн бусад төстэй уурхайнуудаас илүү өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байгаа” хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэл захирал Ц.Түмэнцогт чуулганы үеэр тэмдэглэсэн юм.

“Оюутолгой” компани өнгөрсөн онд дотоодоос 371.5 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүний дотор 279 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний компаниудаас худалдан авсан байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж байгаа тул дээр дурдсан үзүүлэлт энэ онд өсөн нэмэгдэх боломжтойг “Оюутолгой” компанийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонес онцоллоо. Тус компани цаашид худалдан авалтын зарцуулалтыг илүү нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулахаар ханган нийлүүлэлтийн чуулганыг хоёр удаагаа зохион байгуулсан юм.


“Импортын худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгч эсвэл нэмүү өртөг шингэсэн үйлчилгээний бүтэцтэй ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулах бололцоог нэмэгдүүлэх, түүнд тэмүүлэх сэдлийг энэ удаагийн чуулган олгож байгаагаараа онцлог” хэмээн Стивен Жонес тодотгов.

“Оюутолгой” уурхайн ашиглалтын хугацаанд шаардагдах бараа, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх, ирээдүйн боломжийг ханган нийлүүлэгчдэд танилцуулах нь энэхүү чуулганы зорилго юм. “Оюутолгой” компанийн нийт ажиллах хүчний 93.5 хувийг монгол иргэд бүрдүүлж байна. Тэдний 22 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байгааг дуулгая. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Оюутолгойн манай аймагт зарцуулсан худалдан авалтын хэмжээ 69 сая ам.долларт хүрсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь орон нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж эхэлж байна” гэв.

“Оюутолгой” компани өнгөрсөн онд нийт 990 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тэдний 620 орчим нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 62 хувийг эдгээр компаниудад зарцуулсан байна. Тухайлбал, Өмнөговь аймагт бүртгэлтэй 89 ханган нийлүүлэгч “Оюутолгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлжээ. Тус компани нийт худалдан авалтынхаа 62 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулсан бөгөөд мөнгөн дүн нь 279 сая ам.доллартай тэнцэж байна. “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгч гэх “шошго”- той компанийн тоо 900 давсныг дээр дурдсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих хэрээр шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж байна.

САНАЛ БОЛГОХ