2017: Stratfor, «Валдай», Яшар Якыш, Ража Моханы үзмэр

Судлаачийн үг

Америкийн дүн шинжилгээний Stratfor (Стратегийн урьдчилсан мэдээ) агентлаг 2017 оныг үзмэрдэхдээ, Орос руу анхаарал төвлөрүүлж энэ улс Европ ба Азид байр сууриа үлэмж бэхжүүлнэ гэсэн нь хил залгаа монголчууд бидэнд тун чухал мэдээлэл юм. Өрнийнхөн буюу бидний гуравдагч хөршүүд хойшид Оросын эсрэг нэгдмэл эвсэл байж чадахаа болилоо гэсэн нь бүр ч их хамаатай. Их Британи Европын холбооноос гарахаар шийдвэрлэж, америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-ын Дональд Трамп ялснаар оросын эсрэг өрнөдийн тэрхүү эвсэл нурлаа гэх дүгнэлт явж байна. Тэгэх тусмаа 2017 онд товлогдсон Герман, Франц, Нидерланд, Итали дахь сонгуулиуд Европын дотоодын хагарлыг морин дээр нь мордуулж тун магад хэмээн үзмэрдсэн нь тун ноцтой. Энэ бүхнийг геополитикийн өөрчлөлт гэж Stratfor үзээд тэр нь Москвад хил хязгаараа бэхжүүлэх боломж олгоно гэж таамаглажээ. Орос нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын хил дотроо Украин, Гүрж, Молдавтай харилцаагаа хэвийн болгох ба Азербайжан, Узбекистантай харилцаагаа бэхжүүлнэ. Төв Азид Оросын гүйцэтгэх үүрэг тун идэвхжинэ, Евразийн эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаа (ОДКБ) үүндээ ашиглана хэмээн америкийн үзмэрчид тольджээ. Энэхүү таамгийг бид Монгол- Оросын харилцаандаа 2017 оны турш харгалзаж бодлогоо томъёолж таарна.


Энэ харилцаанаас хамаагүй дээгүүр бас нэг ноцтой таамгийг Санкт-Петербург дэх Европын их сургуулийн профессор Артемий Магун гэгч дэвшүүлжээ. Олон улсын харилцааны Ялта-Потсдамын тогтолцоо ажиллахаа больсон ба удахгүй нурна гэжээ. Барууны орнуудад популистуудын байр суурь бэхжиж, АНУ-д Трамп дуулиантай ялсандаа ч тэгж нурж буй хэрэг биш, ерөөсөө либерал ардчилал гэдэг маань хууль ёсны байж чадахгүй болсноос тэр гэнэ. Хилийн чанадад дайн хийж буй, бусдын газар нутгийг бөмбөгдөж буй тэдгээр улс орныг ардчилсан гэж тооцохгүй гээд түүндээ АНУ-ыг жишээ болгожээ. АНУ дэлхийн хувь заяаг шийдээд байдаг, гэтэл Вашингтоноос хувь заяаг нь шийдээд байдаг өөр улс орны иргэд бус, зөвхөн америкчууд л сонгуульдаа санал өгөөд байдаг, хэрэв ардчилал нь нийт хүн төрөлхтний үнэт зүйлс юм бол америкчууд тун ардчилалгүйгээр бусад улс орнуудад хандаж байна даа хэмээн орос эрдэмтэн үзжээ.

Олон улсын харилцаанд тоглоомын дүрэм ч ойлгогдохоо болилоо, тоглогчид нь өөрсдөө ойлгохгүй байна, хууль ёсны олон улсын бодлого хямарлаа, гол жанжлал, жанжлагч-АНУ, Европын Холбоо, бүс нутгийн жанжлал-Хятад, Орос гэсэн хүчин зүйлээс болж тэгж хямарлаа. Жанжлалаа хэрэгжүүлэх гэсэн ямарваа алхам нь дандаа хууль бус болж байна. Аливаа улс орны үнэмлэхүй бүрэн эрх л үйлчлээд байхаас тоглоомын дүрэм гэж алга. Нэгэнтээ Ялта- Потсдамын систем үйлчлэхээ болиод ирэхийн цагт хамгийн муу, таагүй хувилбар юу байж таарах вэ гээд А.В.Магун гурван хувилбар дэвшүүлжээ.

Хамгийн муу логик вариант бол энэ нь бүх нийтийг хамарсан цөмийн дайн дэгдэх;

Үлэмж муу бас нэг хувилбар нь XIX зуун руугаа эргэж очих. Төрт улсууд нөлөөний хүрээгээ дахин хуваана гэсэн үг. АНУ, Европын Холбоо, Оросын протекторатыг тодорхой нутаг дэвсгэрт тогтоох;

Гурав дахь хувилбар нь Олон улсын интеграц руу санаатайгаар, аажмаар шилжих. Мэдээж улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ, гэхдээ дэлхийн ардчилсан байгуулалт руу аажмаар тэгж шилжинэ. Гэхдээ энэ нь утопи байж болно гэжээ. Оросын өөр нэг эрдэмтэн Александр Лукин 2016 оныг элитүүдийн эсрэг үймээний жил боллоо хэмээн дүгнэсэн нь бас шинэлэг атлаа сонирхолтой идей хэмээн би үзлээ. Тэрбээр мөн л Британи Европын Холбоог орхих болсон, Трамп ялсныг гол үйл явдал гээд, өрнөд ертөнцийн үзэл сурталжсан, даяаршсан элитийн эсрэг антиглобалист масс босон тэмцсэн он байлаа хэмээн өнгөрөгч оноо дүгнэжээ.

Тэрхүү даяаршиж үзэл сурталжсан элит нь “Хүйтэн дайн”-аас хойш Өрнөдөд тасралтгүй засгийн эрх барьж, улс төрийн үндсэн намууд, хэвлэл мэдээлэлд хяналтаа хязгааргүй тогтоож иржээ. Тэд шашинжихгүй үзэл номлож, даяаршил нь дандаа сайн сайхныг авчрах мэт сурталдаж, ардчилал, хүний эрхийг чинээнд нь тултал магтан хөхиүлж байлаа. Гэтэл демократизмын тэрхүү үзэл суртал нь Европ ба АНУ-д өөрсдөд нь бөөн асуудал хуримтлуулжээ. Даяаршил хүн амын өргөн давхаргад таагүй нөлөөлж эхэлжээ. Хүний эрхийг дээдлэнэ гээд үй түмэн мигрантуудыг цуглуулаад байх нь өөрсдийнх нь хүн ам, ажиллах хүчинд таатай байсангүй, өөрсдийн үндсэн хүн амынхаа дур хүслийг үл харгалзан гадаад бодлогоо явуулаадахсан чинь ялалт бус баахан чирэгдэл, хохирол, санхүүгийн ачаа дагууллаа. Ард түмэн нь дуртай дургүйг үл тоон улс төр, эдийн засгийн загвараа даян дэлхийд тулгаадахсан чинь бүтэлгүйтлээ. Сири, Украины ардчиллыг өөрсдийнхөө зардлаар санхүүжүүлэх нь хэнд хэрэгтэй вэ гэдэгт Brexit хариу өгсөн бол 2017 онд Европ тэр чигтээ хариу өгөх болж байна. Трампыг сонгосон нь элитийн эсрэг хөтөлбөрийг ялууллаа гэсэн үг.

Нэгэнтээ өрнөдийн элитүүд ялагдаж эхэлснээс үүдэн Оросыг авторитаризм руу нь түлхэхгүй байх нөхцөлд өрнөд ертөнц тэр чигээрээ Оросын загвар руу аажмаар шилжих болов уу хэмээн Александр Лукин таамагласан нь нэн сонирхолтой ба ноцтой санагдлаа.

Оросын нэрт эрдэмтэн Георгий Толорая мөн л Brexit, Трамп хоёрыг энэ цагийн үеийн “үзэгдэл” хэмээн нэрлэжээ. Элитийн эсрэг соёлжиж иргэншсэн бослого дэгдлээ, энэ нь өрнийнхний нийгэмд төдийгүй, дэлхийн дэг төлөвших улс төрийн хөгжилд шинэ үе шат боллоо гэж дүгнэсэн байна. Гэхдээ араасаа юу дагуулав гэхлээр үндсэрхэг үзэл санаа дэлгэрлээ, баруун экстремизм идэвхжлээ, улс төрийн бодлогыг хэт болхи примитив болголоо. Харин Азид ардчилагдах ерөнхий хандлага 2016 онд хүчтэй илэрлээ. Өмнөд Солонгост анх удаа Ерөнхийлөгчөө хуулийн дагуу яллаж буулгах боллоо. Хятадад авлигалын эсрэг кампани дэгдсэнийг 1937 онд СССР-т өрнөсөн үйл явдалтай харьцуулж болно. Хятадад бүх түшмэд айдсын дор байна хэмээн проф.Толорая дурдсан дээр нэмж Филиппинд хар тамхины эсрэг дуулиант тэмцэгч нөхөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Гоминданы Тайваньд анх удаа ардчилсан эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдсон, Японд Либерал ардчилсан нам байр сууриа бататгасан, дээр нь Монгол Улс АСЕМ-ыг амжилттай даргалсан гээд жагсааж болох юм.


Харин “Ойрхи Дорнод-2016 он” гэдэг дээр хямрал цаашаа үргэлжилсэн, зарим улс орон нүдэн дээр нурж унасан гэх дүгнэлт дэлхийн хэвлэлүүд, судлаачдаас олонтаа цухалзжээ. “Сири, Иракт маш их алдаа гаргалаа. Өрнийнхөн Башар Асадыг дутуу үнэлжээ. 2011 онд Сирид эмх замбараагүй байдал дэгдсэн, тэгэхлээр нь дэглэм удахгүй унах нь гээд өрнийнхөн хөөрцөглөөд сөрөг хүчнийг нь зэвсэглээд эхэлсэн. Энэ их зэвсэг нь салафитуудын гарт очоод, жихадын зэвсэг болчихлоо. Тэгэхлээр нь өрнийнхөн Сирид босогчид, фундаменталистууд, аядуу боевик гэж ангилаад тэдэнтэй харилцах гэж дөрвөн жилийг дэмий үржээ” хэмээн Туркийн Гадаад хэргийн сайд асан, одоо профессор болоод буй Яшар Якыш холбоотнуудаа шүүмжилсэн байх юм.

Якыш гуайн зөв л дөө. Сирид цус урссаар, алагдсан хүн хагас саяд хүрлээ. Иракт лалын дайнчдыг асар их өртөг, хүчээр дарж эхэллээ. Афганистанд талибан улам бэхэжлээ. Ливи, Йеменд горьдлого тасарлаа. Саудын Араб санхүү-эдийн засгийн хувьд цохилт амссаар байна. Өмнөд Судан Арабын хямралын салаа салбар боллоо. “Ойрхи Дорнод гэж тэр чигтээ хаос, тэр чигтээ тогтворгүй бүс нутаг”- хэмээн Трамп жилийн өмнөөс л шүүмжлээд байсан. Түүний хэлснээр АНУ Ойрхи Дорнодод ардчилал ялуулах гэж дөрөв, эсвэл таван их наяд доллар урсгаад үр дүн байхгүй. “Хайран ч мөнгө, тэр их мөнгийг АНУ-даа зарцуулсансан бол?” хэмээн Трамп уулга алдаж байв. Америкийн дипломатч Дэннис Росс гэгчийн ажигласнаар, Ойрхи Дорнодоос Трамп үтэр түргэн гараад явчих нь юу л бол. “Лалын улс”, “Аль-Каеда” гэх мэт бүлэгтэй тэмцэнэ, устгана гэснээрээ тэдэнтэй тулалдана, харин бусдыг нь бол шууд орхино. Гэлээ гээд Ойрхи Дорнод сайжралыг олохгүй юм байна. Энэ бүхний цаана Европын Холбооны хямрал нөхцөлдөж байна. Хэдэн сая дүрвэгч, цагаач Европын хилийг давсан буюу давахад бэлэн байна. Ойрхи Дорнод, Арабын дайнаас дүрвэсэн тэд буцаж гарнаа гэж гонж. Харин терроризмын гол аюулыг тэд л тээнэ, хийнэ, хэрэгжүүлнэ гэдэг нь алхам тутамд нотлогдоно. Хатагтай Ангела Меркелийн хүлээн зөвшөөрснөөр, лалын терроризм гэгч нь германчуудын хувьд эргэлзээгүй хамгийн хүнд сорилт болоод байна. Лалын терроризм нь хэдэн жилийн турш германчуудыг овоо харааныхаа дор байлгаж барьж байна.

Хэрэв ийм прогноз бууж байгаа бол өрнөд ба лалын ертөнцийн зөрчил, ксенофоби цаашаа улам хурцдана, Европ төдийгүй дэлхий дахинд үзүүлэх түүний муу нөлөө барагдашгүй хэмээн дүгнэсэн нь зөв юм шиг.

Америкчууд тун ардчилалгүйгээр бусад улс орнуудад хандаж байна хэмээн орос эрдэмтэн үзжээ
Америкийн Дартмут коллежийн профессор Вильям Волфорт гэдэг хүн глобал либерал дэг хүч нөлөөгөө алдлаа гэсэн нь анхаарал татна. Дэлхийд либерал дэг хааяагүй түгээж тогтоох гол локомотив нь АНУ, өрнийн бусад орнууд байсан ба тэд л дэлхийд мөрдөх дүрэм, институцээ тогтоож, ардчилал хүний эрх, эдийн засгийн даяаршил, нээлттэй байдал, бараа таваар иргэд чөлөөтэй шилжиж хөрвөх гэхчлэн либерал үнэт зүйлсээ тэрхүү дүрэм, институцийнхээ үндэс болгоод байв. Харин энэ үзэл сурталд нь 2016 он том цохилт болж түүхнээ оржээ. Террорист халдлагуудын тоо өсөөд байгаа чинь л либерал ардчиллыг хямраах гол шалтгаан юм. Халдлагад өртсөн ард түмэн ардчилсан ч бай хатуу хариу өгөхийг шаардана, аюулгүй байдлынхаа төлөө либерал зарчмуудыг золино. Улс төрийн нам, сонгууль, нийгэм энэ шаардлагыг нь тусгаж таарна. Хүчтэй засаглал, найдвартай аюулгүй байдал нь либерал ардчиллаас ухрахад хүргэнэ. Үүний сонгодог жишээ бол, бүр тодорхой хэлбэл Brexit ба АНУ- ын сонгууль боллоо. 1989 онд Унгар, Польшид болсон үйл явдал дэлхий дахинд ардчиллын цөн түрэх эхлэл болсон шиг глобал либерализмын уналтын эхлэл нь Brexit, Трамп хоёр боллоо, удахгүй Франц болон Европын бусад орнуудад националистууд түүнийг түүчээлнэ. Одоо улс орнууд үндэсний бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгаа л тэргүүн эгнээнд гаргаж тавьдаг цаг ирлээ хэмээн хэмээн америк профессор бичсэн нь нэн гайхалтай.

Энэтхэг эрдэмтэн Си Ража Мохан гэдэг хүн шал өмнөө санаа дэвшүүлжээ. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал 2016 онд эхэлсэн гэх нь нэн сонин дүгнэлт мэт. Үйлдвэрт нэвтэрсэн шинэ технологиуд, хиймэл тархи, элдэв роботууд, боловсруулах, бүтээх элдэв техник технологиуд 2016 онд саарын хажуугаар сайн нь гэгчээр үлэмж хөгжсөн гэжээ. Ажлын олон байр эзгүйрч, хөдөлмөр зохион байгуулалт өөрчлөгдлөө. Массаар нь бэлтгэж байсан олон мэргэжил хэрэггүй боллоо, хөдөлмөрийн бүтээж нэмэгдэхийн хэрээр түүнд зарцуулах зардал хямдарлаа. Дагалдаад орчин үеийн улс төрийн эдийн засгийн онол хуучирлаа, тэр онолыг эргэн харах хэрэгтэй. Тэр нь улс төрийн асуудал мэдээж дагуулна, жишээ нь Brexit ба Трампын ялалт бол улс төрийн эдийн засгийн онолын их хямралын улс төрийн шууд үр дагавар нь. Улс төрийн тогтворгүй байдалд хүрсний гэрч нотолгоо нь. Тэгэхлээр аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал дэлхийн хүчний харьцаанд шууд нөлөөлнө. Даяаршил, технологийн трансформацын урсгалд улс орнууд дасан зохицож чадахгүй бол “Brexit” ба “Трамп”-уудыг араас нь төрүүлээд байхаас өөр яах билээ хэмээн энэтхэг профессор айлджээ.

Турк профессор Яшар Якышийн бас нэг дүгнэлт сонин байж магадгүй. 2016 онд АНУ ба Орос гэх хоёр хэт их гүрний зөрчил суларсан төдийгүй, харилцаа нь доод шатандаа хүртэл уналаа, Дональд Трамп ялж, албаа авсан ч прогнозчилох амаргүй. Тэрбээр олон улсын харилцааг шал өөр өнцгөөс өөрийнхөөрөө харж байна. НАТО-гийн орнууд хүссэн, хүсээгүй батлан хамгаалах төсвөө нэмж таарлаа. АНУ Европт байр сууриа эргэж харж, Европоос өөрийгөө татаж авбал Дорнод Европ тун эвгүй байдалд орно. Оросоос айж балмагдах нь гарцаагүй болно. Өрнө ба Дорнын хооронд дисбаланс үүснэ. Brexit нь Европын Холбооны уугуул мөн чанарыг өөрчиллөө. Ямар ч улс орон энэ эвслээс гарч болдог жишиг тогтоолоо. Энэ нь нэн аюултай жишиг болж түгээмэлжвэл яах вэ хэмээн сэрэмжлүүлжээ.
САНАЛ БОЛГОХ