Өрсөлдөөн улам ширүүснэ

Нийтлэл

Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн систем эхлүүлнэ

Монголын хөрөнгийн бирж арилжаа, төлбөр, тооцооны цогц системийг нэвтрүүлээд тав дахь жилтэйгээ золгож байна. Арилжааны шинэ бүтэц бий болсон энэ хугацаанд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд төгрөгийг давжээ. Хөрөнгийн зах зээл нь санхүүгийн зах зээлийн зургаа орчим хувийг бүрдүүлж буй. Өөрийгөө зохицуулах байгууллага болсон хөрөнгийн бирж энэ онд зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, зах зээлийн хүрээг тэлэх зорилго дэвшүүлжээ. Энэ хүрээнд Засгийн газрын үнэт цааснаас илүү компанийн үнэт цаас руу анхаарлаа түлхүү хандуулах, улмаар хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэх чиглэж байгаа аж. Тухайлбал, давхар бүртгэлийн системийг дотоодын хөрөнгийн зах зээлд эхлүүлэхээр төлөвлөжээ.

“Хувьцаат компаниуд хөрөнгийн бирж дээр нэг болон түүнээс дээш тооны үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг хурдан хугацаанд татаж чаддаг” хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ярилаа. Энэ нь тухайн компанийн хувьд олон улсад танигдах бас нэгэн боломж гэдгийг тэрбээр тодотгосон юм. Тиймээс Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр Хонконг болон Казахстаны хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгааг Х.Алтай дурдлаа.

Манай улсын хөрөнгийн бирж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекстэй болохоор зорьж буй. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн индекстэй болсноор дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын бүртгэлтэй компаниудыг гадаад зах зээлтэй холбож өгөх зэрэг таатай нөхцөл үүгээр бүрдэх юм. Хөрөнгийн бирж цаашдаа олон улсын хөрөнгийн зах зээлийг холбогч гүүр байх боломжтойг тус зах зээлийн шинжээч А.Билгүүн тэмдэглэсэн удаатай.

Одоогийн байдлаар гадаадын таван хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 34 Монгол компани байна. Эдгээр компаниудаас зарим нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ ирүүлжээ. Давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр Хонконгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах талаар хоёр тал нэг бус удаа хэлэлцсэн. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татах, гадаад харилцагчидтай болох, өөрсдийгөө таниулах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекстэй болохоор зорьж буй
Монголын хөрөнгийн бирж Санхүүгийн зохицуулах хороотой хамтран үүсмэл санхүүгийн хэрэгслийг энэ онд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү стандарт бүтээгдэхүүн нь Монголын хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа бүтээгдэхүүний нэг. Тиймээс дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд ханшийн эрсдэлээс сэргийлэх, мөнгөний тогтвортой байдлыг бий болгох давуу талтай гэж үздэг. Эдгээрээс гадна хөрөнгийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн системийг бий болгох аж.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 15 компани 100 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгож, урт хугацааны санхүүжилтийг татсан байдаг. Тэгвэл энэ онд “Монос” болон “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани олон нийтэд үнэт цаасаа санал болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал, “Хөрөнгө оруулагч үндэстэн” компани хоёрдугаар улирлаас өмнө хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир онцолж байв. Төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор энэ онд төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг хувьчлахаар болсон. 95 жилийн түүхтэй “Монгол шуудан” компанийн жишгээр биржээр дамжуулан төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийг хувьчлах нь илүү оновчтой гэж зарим эдийн засагч үзэж байна. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 100 хувь төрийн өмчит 21, төрийн өмчийн оролцоотой 17 компани бүртгэлтэй байгаа юм. Хөрөнгийн зах зээлд шинэ нөхцөл үүсээд байна. Боломж олгосон зах зээлийн энэхүү талбарт өрсөлдөөн улам ширүүсэх нь.
САНАЛ БОЛГОХ