Huawei-н шинэ утас
Технологийн цаг
iPhone 7 plus гар утаснаас нэг см том дэлгэцтэй
Хятадын технологийн компани “Huawei”-н Mate 9 ухаалаг гар утас олны анхаарлыг татахаар бүтээгдэхүүн болжээ. Ухаалаг утасны үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт жагсаж буй Huawei брэнд барууны орнуудад ч Apple, Samsung-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүрэв.
Олон улсад тэргүүлэгч iPhone, Galaxy болон Nexus-тай тус брэндийн Mate 9 гар утас хүчин чадлаараа эн тэнцэнэ. Борлуулалтаар дагуулж чадахгүй ч зарим нэг үзүүлэлтээр ардаа орхиж мэдэх юм. Тодруулбал, цэнэг болон дэлгэцийн нягтаршлаар өрсөлдөхүйц шилдэг нь гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Өрсөлдөгч утаснуудтай харьцуулахад даруй 50-150 ам.доллараар хямд буюу ердөө 600 ам.долларын үнэтэй. Мөн төрх байдлаар минимализм эрхэмлэгчдэд таалагдах нь лавтай. Mate 9 металл хүрээтэй, доод хэсэгтээ даруухан логотой, том дэлгэцтэй атлаа авсаархан. Гэхдээ хэмжээ нь 5.9 инч тул “фаблет”-ын ангилалд багтана. Жингээр тийм ч хөнгөн биш. iPhone 7 plus гар утсаар жишвэл, түүнээс нэг см том дэлгэцтэй, хоёр грамм хүнд, таван мм зузаан. Ерөнхийдөө том гартай хүн нэг гараар ашиглах боломжтой гэсэн үг.
Хурууны хээ мэдрэгч нь арын камерны доор байрладаг бөгөөд маш хурдтай уншдаг тул сайшаахгүй байхын аргагүй. Mate 9-ийн амжилтыг хойш татаж буй нэг сул тал нь усны хамгаалалтгүй байдал. Түүнчлэн ухаалаг гар утсаа дээд хүчин чадлаар нь ашигладаг хүмүүст дэлгэцийн өнгө нь гологдож мэднэ. Учир нь iPhone болон Galaxy- тай харьцуулахад, дэлгэцийг нь сайтар ажвал, цагаан өнгө нь ногоон туяатай харагддаг ажээ. Энэхүү нөлөө утасны дэлгэцийг хажуугаас харахад бүр ч илүү мэдэгддэг байна.
Huawei ухаалаг гар утасны аппликейшн, үйлдлүүд нь Google- ийнхтэй тун ч төстэй. Хоёр цонхт үйлдлээр дамжуулан нэгэн зэрэг хоёр аппликейшн ажиллуулах боломжтой аж. Mate 9 Huawei P9 загварын адил хоёр модулийн гол камертай боловч нэг модулийн нягтаршил нь 20 мегапиксель болж сайжирчээ.
Mate 9-ийн камер дүрс маш сайн ялгаруулж, цагаан өнгийн тэнцвэрийг нарийн гаргахаас гадна гэрлийн тохиргоог зөв хийдэг давуу талтай юм. Зарим нэг сайжруулах шаардлагатай зүйл нь камерны гэрэл ажиллахад сүүдэртэх, үүлэрхэг үед чанаргүй, артефакттай зураг гарах зэрэг орно. Андройд үйлдлийн системтэй гар утаснуудаас ялгаатай нь зайг салгаж, солих боломжгүй. Гэлээ ч 4000 mAh багтаамжийн зай цэнэгээ нэг хоногоос илүү барих чадалтай ажээ. Гамтай хэрэглэвэл хоёр өдөр ч болно гэж Tech Insider-т өгүүлсэн байна. Андройдын сүүлийн үеийн бүхий л гар утасны адилаар USBC загварын кабелиар цэнэглэдэг. Энэ нь утсыг илүү богино хугацаанд үр дүнтэй цэнэглэдэг онцлогтой юм.
Зураг авмагцаа арын хэсгийг хэр бүрсгэр байлгахаа сонгох тохиргоотой. Энэ бол iPhone-д ч байхгүй цэс. Гэхдээ зайлшгүй хэрэгтэй юу гэвэл бас үгүй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй