Тоглолт цуцлуулсан санамсаргүй тохиолдлууд

Спорт

Диана гүнжийн ослын улмаас “Ливерпуль”-“ Ньюкасл”- ын тоглолтыг хойшлуулжээ

Хөлбөмбөгийн тэмцээн, тоглолтууд санамсаргүй байдлаас болж цуцлагдсан, хойшлогдсон тохиолдол олон бий. Эдгээрээс хамгийн сонирхолтой заримыг нь хүргэе.

Бекс үгүй бол үзэгч үгүй
“Лос-Анжелес Гэлэкси” 2008 онд Австрали руу аялж, тэндхийн “Queensland Roar” багтай нөхөрсөг тоглолт хийх тохиролцоонд хүрээд байв. Гэтэл тоглолтын өмнөхөн Америкийн багийн од Д.Бекхэм гэмтэл авч, нөхөрсөг уулзалтыг өнжих нь тодорхой болжээ. Мэдээж үүнээс болж тоглолт цуцлагдаагүй ч цэнгэлдэхэд маш цөөн үзэгч ирж, Австралийн багийг алдагдалд оруулж байв.

                                                      Сэтгэлд нийцээгүй талбай

2008 оны Европын АШТ-ий урьдчилсан шатанд Армен, Азербайжаны шигшээ нэг группт багтсан. Гэвч аль эртнээс хоорондоо дайтаж, таарамж муутай байдаг хоёр улс хоорондын тоглолтоо хаана явуулахыг шийдэж чадсангүй. Армений тал тоглолтыг Азербайжаны хилийн ойролцоо явуулах санал гаргасан бол нөгөөдүүл нь дундын талбайд хийх хүсэлтэй байв. Ингээд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй тул UEFA тэдний хоёр тоглолтыг цуцалж, оноо нөхөн олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Угаасаа сулхан багууд бусдаасаа хоёр тоглолт дутуу хийсэн болохоор хэсэгтээ хамгийн сүүлийн байрыг эзэлсэн юм. Үүнээс санаа авсан UEFA “Евро-2012”-ын сорилгод хоёр багийг өөр хэсэгт орохоор зохион байгуулсан билээ.

                                                             Ханиадны тархалт

XX зууны эхээр дэлхий даяар дэгдсэн ханиадны тархалт 50 сая гаруй хүний амийг авч одсон. Энэ явдлаас болж 1918 онд Бразилд зохиогдох байсан Копа Америка тэмцээн цуцлагджээ. Рио хот тус тэмцээнийг дараа жил нь хүлээн авсан бөгөөд талбайн эзэд тэгэхэд анхны түрүүгээ авсан түүхтэй.

                                                       Диана гүнжийн үхэл

1997 онд Уэльсийн гүнж Диана гэнэтийн осолд орон нас барах үед тэр үед явагдах байсан “Ливерпуль”-“Ньюкасл”-ын тоглолт хэдэн цагаар хойшилж байжээ. Дараа нь явагдсан уг уулзалтад “Ливерпуль” ширүүн өрсөлдөөний эцэст 4:3-аар ялалт байгуулсан юм . Үүнтэй төстэй явдал 2001 онд тохиолдож байв. Есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг террористууд онгоцоор мөргөсөн аймшигт хэрэг гарсны дараа тус улсад явагдах байсан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн хойшлогдож байв. Мөн 2003 онд SA RS өвчин гарч, Азийн хөлбөмбөгийн календарьт нэлээд өөрчлөлт оруулсан удаатай.

                                                       Косовогийн дайн

“Евро-2000”-ын сорилгод Ирланд, Югослав нэг хэсэгт багтсан. Тухайн үед Югослав улс дотооддоо нэлээд үймээнтэй байсан тул ирландчууд тэдэнтэй тоглохоос татгалзаж, UEFA-г эвгүй байдалд оруулжээ. UEFA үүнийх нь хариуд Ирландын хөлбөмбөгийн холбоог 35 мянган еврогоор торгосон юм. Улмаар гурван сарын дараа хойшлогдсон тоглолт болоход ирландчууд талбай дээрээ 2:1-ээр хожжээ. Гэхдээ тэр хэсгээс Югослав нэгээр гарч, Европын аваргад тоосоо өргөсөн бол ирландчууд хоёроор гараад плей-оффт Туркт хожигдсон юм.


                                                           Пап ламын үхэл

Пап лам II Йон Павел 2005 оны дөрөвдүгээр сарын 2-нд 84 насандаа өөд болсон билээ. Энэ явдалтай холбогдуулан Италийн хөлбөмбөгийн холбоо дөрөвдүгээр сард хийх бүх тоглолтуудыг цуцалж байв.

                                           Дэлхийн II дайн ба тэсрэх бөмбөг

Дэлхийн II дайн зөвхөн хөлбөмбөг гэлтгүй спортын бүх л уралдаан, тэмцээнийг үгүй хийсэн. Мөн дайнаас гадна алан хядагчдын тавьсан бөмбөг тоглолт тасалдуулсан тохиолдол цөөнгүй гарч байв. 1984 онд “Шеффилд Юнайтед”-“Олдхэм” багуудын тоглолтын үеэр цагдаа нар цэнгэлдэхээс тэсрэх бөмбөг олж тус тоглолтыг яаралтай цуцалж, тусгай мэргэжилтнүүд аюулгүй болгожээ. Энэ явдлаас 20 жилийн дараа “Сери Б”-гийн нэгэн тоглолтын үеэр аюулгүйн ажилтнууд мөн л тэсрэх бөмбөг илрүүлж, цэнгэлдэхэд байсан таван мянган үзэгчийг яаралтай гаргасан юм.

                                                         00-ийн цаасны гай

Энэ явдал 2008 онд “Гронинген”-“Аякс” багуудын тоглолтын үеэр болжээ. “Гронинген”-ий балиашгууд талбай руу 00-н цаас шидэлж байв. Багаа дэмжиж буйн нэг хэлбэр нь тэр. Гэтэл хэсэг сахилгагүй үзэгч талбай руу галт бөмбөг шидсэн нь буруудаж, гал авалцаж эхлэв. Удалгүй цэнгэлдэх дүүрэн утаа болж, үзэгчид гадагшаа шахцалдан гарч эхэллээ. Хажуугийн хүн нь харагдахгүй, амьсгалж болохгүй битүү утаанас болж тоглолтыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн юм.

                                                       Зэрлэг бодонгийн дайралт

Инээдтэй ч гэмээр энэ явдал Английн хөлбөмбөгт тохиолдож байлаа. “Соудли” багийн талбайд нэгэн өдөр зэрлэг бодонгууд дайран орж, зүлгийг нь хөлбөмбөг тоглохын аргагүй болтол хадарч орхижээ. Цэнгэлдэхийн ажилтнууд нэлээд хөөцөлдөж байж тэднийг хашаанд оруулсан гэдэг. Энэ явдлаас болж “Соудли” багт мянган фунт стерлингийн хохирол учирсан юм. Хожим хэвлэлүүд өрсөлдөгч “Блекбэрн” багийнхан санаатайгаар үүнийг хийсэн хэмээн таамагласан. Гэвч хэн ч баталж чадаагүй юм.
САНАЛ БОЛГОХ