Арилжааны банкууд 5.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Мэдээ

Татан буугдсан банкуудын дүнг хасаж тооцсоноор дотоодын арилжааны банкууд тавдугаар сарын эцэст 5.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр банкууд 2016 он гарснаас хойш сар дараалан буюу тав дахь сардаа алдагдал хүлээж байна. Хэдий тийм боловч алдагдлын хэмжээ он гарсаар сар бүр дараалан буурч байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард алдагдлын хэмжээ өмнөх сараасаа гурав дахин буурсан байгааг онцолж болохоор байгаа юм. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2009 оны эдийн засгийн хямралын үеэр арилжааны банкууд алдагдалтай ажиллаж байжээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн банкуудын нийт актив өмнөх сараас бага зэрэг буурч, пассив мөн хэмжээгээр өссөн байна. Урт хугацаанд нь харвал актив, пассивын үзүүлэлт харьцангуй тогтвортой хадгалагдсан дүнтэй гарчээ. Алдагдлын гол шалтгааны нэг болсон ам.долларын ханш тавдугаар сар гарсаар огцом буурч, тогтворжиж байгаа аж. Үүнээс гадна зээл олголт буурч, тавдугаар сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл системийн хэмжээнд 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар буураад байгаа юм. УБСЕГ-ын мэдээллээр нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны тавдугаар сард 6.1 хувьтай байсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 9.3 хувьтай тэнцэж байна. Банкуудын хувьд чанаргүй зээлийн эрсдэлээс хамгаалах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс зээлийн нөхцөлийг зөөлрүүлэн ажиллаж байгаа ажээ.

О.Одгэрэл

Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ