Сонгуулийн зардлын дансыг шилэн болгох хэрэгтэй

Ярилцлага

2012 оны УИХ-ын сонгуулийнхтай харьцуулахад 2.5 тэрбум төгрөгөөр буурсан

"Нээлттэй нийгэм форум"- аас 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд мониторинг хийжээ. Энэ талаар тус форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үед мэдээллийг ил тод болгох, мэдээлэл олж авах эрхийг хангах хэрэгтэй байгааг онцлов.

-2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд мониторинг хийжээ. Ямар үзүүлэлт гарсан бэ?

-Сонгуулийн санхүүжилтийн мониторингийг гурван үе шаттай хийсэн. Нэгдүгээрт, сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө буюу нам, нэр дэвшигчид бүртгүүлэх явцын мониторинг хийсэн. Хоёрдугаарт, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд хяналт тавьсан. Гуравдугаарт, сонгуулийн санал хураалтын дараах буюу зардлын тайланд мониторинг хийсэн. Мөн нам болон нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтийн зардлын тайлангаа төрийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд өгсөн мэдээллийг олон нийтэд ил болгосон эсэх зэрэгт ажиглалт хийсэн.

-Эхний шатанд ямар ажиглалт хийсэн бэ?

-Сонгуулийн тухай хуулиар улс төрийн хүчин болон нэр дэвшигчид бүртгүүлэхдээ авсан хандивын мэдээллээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой байдаг. Мөн нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөөр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар анх удаа сонгуульд оролцохоор хүсэлт гаргаж буй улс төрийн нам, эвсэл сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс авсан хандивын тайлангаа, нэр дэвшигчдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлгээ СЕХ-нд хүлээлгэн өгөх болсон нь санхүүжилтийн мэдээллийг сонгуулиас өмнө ил тод, хяналттай болгоход чиглэсэн дэвшилттэй алхам. Энэхүү мэдээлэл нь сонгогчдод сонголтоо хийхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Мониторинг хийх явцад энэхүү мэдээллийг авахыг хүссэн ч төрийн байгууллагууд өгөхөөс татгалзсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дээрх мэдээлэл олон нийтэд ил байх ёстой шүү дээ.

-Өнгөрсөн сонгуультай харьцуулахад санхүүжилтийн зардал буурсан уу?

-2012 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад 2.5 тэрбум төгрөгөөр буурсан тоон үзүүлэлттэй байгаа. Санхүүжилтийн зардал буурсан нь тайлангийн чанартай холбоотой. Тухайлбал, сонгуулийн санхүүжилтийн зардлын тайланг бүрэн гаргасан, эсэх нь эргэлзээтэй. Мөн санхүүжилтийн зардлын тайланг үнэн зөв бөглөсөн, эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Сонгуулийн тухай хуулиар санхүүжилтийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт өгөх ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулийн санал хураалтын дараа 112 нэр дэвшигч санхүүжилтийн зардлын тайлангаа ирүүлээгүй байна. Мөн нэг нам, нэг эвсэл тайлангаа өгөөгүй байгаа. Үүнээс харахад санхүүжилтийн зардал буурсан гэхэд эргэлзээтэй юм.

Нөгөөтэйгүүр, зардлын тайлангийн хуулбарыг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг. Гэвч уг тайланг хүлээж аваад ямар түвшинд хяналт тавьдаг, төрийн аудитын байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг нь тодорхой биш байна.

-Мониторинг хийх явцад ямар зөрчил илэрсэн бэ?

-2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн Сонгуулийн ерөнхий хорооны оронд Төрийн аудитын байгууллага сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланг хянаж эхэлсэн ба энэ үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэг эрх эдлэхийг хуульд тодорхой зааж өгчээ. Гэвч энэ эрх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлж, сонгуулийн зардлын тайланд иж бүрэн хяналт тавьж буй, эсэх нь эргэлзээтэй байна.

» Нам болон нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтийн зардлын тайлангаа төрийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд өгсөн үү гэдэгт ажиглалт хийсэн.
» Өнгөрсөн сонгуулийн санал хураалтын дараа 112 нэр дэвшигч санхүүжилтийн зардлын тайлангаа ирүүлээгүй байна.
» Орон нутагтаа байнга оршин суудаг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны 17 хоногийн хугацаанд 54 сая гаруй төгрөгийг шатахуунд зарцуулсан гэж тайлагнасан.
Тухайлбал, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн Төрийн аудитын байгууллагад хүлээлгэн өгч буй зардлын тайланг авч үзэхэд зарцуулалтын хувьд эргэлзээ төрүүлэхүйц жишээ баримт нэлээд байна. Тухайлбал, орон нутгийн тойрогт нэр дэвшсэн, Улаанбаатарт оршин суудаг нэр дэвшигчид унаа, шатахууны зардал огт тайлагнаагүй байхад тухайн орон нутагтаа байнга оршин суудаг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны 17 хоногийн хугацаанд 54 сая гаруй төгрөгийг шатахуунд зарцуулсан гэж тайлагнасан байв. Энэ мэтчилэн тайлбар шаардсан жишээ олон байвч Төрийн аудитын байгууллагын сонгуулийн зардлын тайланд хяналт хийсэн тухай мэдээлэлд зардлын ерөнхий дүн, хуульд заасан хэмжээнээс дээш дүнтэй хандив өгсөн хүмүүс, хуулийн этгээдийн нэрсийг жагсааснаас өөр мэдээлэл алга байна.

-Мониторингийн үр дүн, дүгнэлтэд үндэслэн ямар зөвлөмж гаргасан бэ?

-Сонгуулийн санхүүжилтийн зардлын дансыг шилэн болгох шаардлагыг хуульд тусгах хэрэгтэй. Ингэхдээ дансанд хуримтлагдаж буй хандив, бусад эх үүсвэрээс орж ирж буй орлого, зардлын гүйлгээг сонирхсон этгээд сонгуулийн кампанит ажлын бүхий л хугацаанд харах боломжтой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээллийг ил тод болгох, мэдээлэл олж авах эрхийг хангах хэрэгтэй байна. Мөн мөнгөн бус хандивыг дэлгэрэнгүй баримттай тайлагнах талаар тодорхой заавар, тайлангийн маягт, загвар гаргаж мөрдүүлэх шаардлага байна.

Үүнээс гадна зардлын тайланд хяналт тавих үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулж, иж бүрэн хяналт тавих талаар хуульд тодорхой заах хэрэгтэй. Түүнчлэн улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлын хугацаанд хандивын болон зардлын дүнгээ тодорхой давтамжаар олон нийтэд тайлагнах шаардлагыг хуулиар тогтоох нь чухал.
САНАЛ БОЛГОХ