Йемен: Улс төрийн гайхамшигт ба гутамшигт замнал

Судлаачийн үг

2014-2016 он Йемен гэдэг Арабын орны түүхнээ тодхон үсгээр бичигдэж, гүн ул мөрөө үлдээлээ. “Арабын хойгийн Аль-Кайда” гэгч террорист бүлэглэлийн эсрэг төр засаг нь Америкийн цэрэгтэй нийлэн тулалдаж дөнгөн данган торгоон барьж байтал хамар дороосоо лалын шийт шашинт хусит гэгч омгийн дайчдыг давраасаар төр улсаа эзлүүлж, нийслэлээсээ төрийн тэргүүн нь хөөгдөж дэлхий нийтийг цочроосон үйл явдалтай тулгарчээ. Гол нь энэ үйл явдал гэрлийн хурдаар хэн ч, хаана ч төсөөлж амжихааргүй хурдан өрнөж ялалтад хүрчээ.

Лалын шийт-зейдит шашинт хусит гэгч босогчид хаанаас гараад ирэв, мэргэжлийн байнгын хүчирхэг армийг хэрхэн ялав, яагаад тэдний эсрэг олон улсын (голлох хүчин нь лалын суннит шашинт хөрш Арабын орнууд) ийм хүчирхэг эвсэл яагаад байгуулагдав гэдэгт дэлхий дахин хариулт хайсаар. Ямар ч атугай Араб ба Ойрх Дорнодод лалын исламизм, экстремизмийн эсрэг II фронт нээгдлээ. Эхний фронт нь Ирак, Сирид “Лалын улс” гэгчийн эсрэг тулалдаж байна. Хоёр дахь нь Арабын хойгийн өмнөд ба баруун өмнө жигүүрт агаар, тэнгис, хуурай газраар зэрэг үргэлжлэх ажээ.

Энд байлдааны ажиллагааг тоочин бичих бус, ингэж байлдуулах болсон үндсэн шалтгаан руу орж тайлбар хайя. Төр улсын тогтвортой байдал, залгамж чанар, залгамж халаа гээч ойлголт байхгүй, бүхнийг хүчээр (цэрэг, шашин, клан гэхчлэн) шийдвэрлэж ирсний сонгодог жишээ бол өнөөгийн Йемен орон билээ. Үхэх сэхэхээ үзтэл дайтах болсон бас нэг шалтгаан нь лалын шашны урсгал хоорондын өнө эртний өс хонзон, мөчөөрхөл, түүний тэсрэлт ажээ.


Уг нь Йеменийн 30 сая оршин суугчдын 99 хувь нь мусульманчууд. Тэдний талаас ялимгүй илүү нь лалын суннитууд, тэд нь суннит-шафийт, суннит-ханифит, суннит-маликит гээд дотроо заагтай, эсрэг талд нь 8-10 сая зейдит голлосон шийтүүд дайсагнан байна. Хүн амын ганц хувийг хиндү, христ, жүүд, зороастр шашинтан бүрдүүлнэ. Нэрлэж чадахааргүй хачин хачин шашинтан ч бий гэж байна.

Уг нь өнө эртний түүхэн иргэншил, соёлын нэгэн голомт хэмээн үздэг энэ орон умард, өмнөд гэж олон жил тусдаа оршсон. Сана, Аден гэж хот хотоор нь төлөөлүүлэн ярьж болно. Сана нийслэлтэй Умард Йемен нь 1918 онд Оттоманы эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо олоод 1962 онд хаант төрөө мөхөөж, БНУ болсон байгаа юм. Тэгэхдээ БНУ-чууд ба роялистууд найман жил өвөр хоорондоо байлджээ. 1967 онд Аден нийслэлтэй Өмнөд Йемен нь Их Британиас тусгаар тогтнолоо олж аваад, гурван жилийн дараа гэхэд Москвагийн ивээлийн социалист улс болохоор өөр зам сонгожээ. 1990 онд хоёр Йемен нэгджээ. 1994 онд иргэний дайны хөлд нэг удаа хүчтэйхэн нэрвэгдээд авсан. Өмнөд Йеменийн эрх баригчид салан тусгаарласнаа зарламагц хоёр сар ширүүн тулалдан байж Умард Йеменийн удирдагч маршал Али Абдалла Салехын цэрэг салан тусгаарлагчдыг дарж, эгүүлж эх орноо төвшитгөжээ.

Тэгвэл 2011 онд дэгдсэн “Арабын хавар” гэх нийгэм-улс төрийн хүчирхэг хувьсгалд хамгийн ихээр хэлмэгдэж хохирсон нэг улс нь эдүгээ Йемен болж хувирлаа. 1978 оноос хойш ээлж халаагүй 33 жил засгийн эрхийг барьсан Али Абдалла Салех гэх домогт эрийг түлхэн унагах явдал хувьсгалынх нь эцсийн зорилго байв. Йеменчүүд ёстой нэг элдэвлэн байж арай гэж буулгасан даа. Ясны цэргийн хүн Али Абдалла Салех нь 1962 оны цэргийн эргэлтэд оролцож хаант засгийг түлхэн унагалцаж, иргэний дайнд оролцон баатар болж, цэргийнхнээр хүрээлүүлж явсаар цэргийн эргэлтээр засгийн бүх эрхийг авчээ.

Цэргийн энэ эрхтэн өөрийгөө, дэглэмээ хамгаалуулсан улс төрийн нам маягийн бүтэцтэй, тэр нь нам гэхээсээ хувийн, гэр бүлийн, кланы, цэргийнхний бүлэглэл маягтай “Йеменийн Ардын ерөнхий конгресс нам” байв. Нэгэнтээ цэргийн баялаг намтартай тул “түүхэн бие хүн” гэх ойлголт энэ улсад өөрөөр төлөвшсөн. Лут мэргэн улстөрчийг ард түмэнд нь дээрээс заяадаг ба товойн гарч ирсэн түүнийгээ нийгэм нь амьд бурхан адил тахин шүтнэ, тахин шүтлэгт хязгаар байхгүй, тахин шүтлэг нь ард түмнийх нь хувьд аз жаргал нь байх ёстой. Парламент нь ганц нам буюу бүлгийн мэдэлд, ярсхийн гар өргөх депутатууд, Засгийн газар нь тэр чигтээ “түүхэн тэр бие хүн” өөрөө. Иймд төр гэдэг бол ердөө л ганц хүн, нийгэм бол ганц л баатар, өөр хэн ч үгүй. Үхвэл хүү нь залгамжлах тавилантай. Ийм байдалтайгаар Йемен орон 33 жилийг туулсан юм. 2013 онд хийхээр товлоод байсан сонгуулиар хүү Ахмедаа сонгуулихаар мань эр санаархаж байгаад Египетэд хувьсгал дэгдмэгц гэнэт болиулснаа зарласан. Тэр нийт долоон хүүтэй, улс төрийн хүрээллийг ах дүүсээрээ дүүргэсэн, залгамжлах хүү Ахмед нь Ерөнхийлөгчийн гварди болон аюулгүй байдлын тусгай албыг толгойлж байв.
Али Насер Мухаммед Монголд айлчилж байна

Яг ийм фонон дээр хувьсгал эхэлсэн ба тэр нь явсаар өнөөгийн гай түйтгэр рүү хүргэчихээд байна. Мань Ерөнхийлөгч Али Абдалла Салех ярилцлага өгөхдөө өөрийг нь огцруулбал улс оронд хаос зайлшгүй гэж сануулж, иргэний дайнд 20 жилийн турш нэрвэгдэж байгаа Сомалитай зүйрлүүлж “Хоёр дахь Сомали” болж хувирна гэж айлгаж байсан нь үнэний голоор хэлсэн мэт. Мөн айхтар ёрложээ.

Тэрээр засгийн эрхээ өгнө, өгөхгүй гэж баахан толгой эргүүлээд, эрх мэдлээ энхийн замаар, ямар ч даралт шахалтгүйгээр, найдвартай гарт шилжүүлнэ, дэд Ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хади гэгчдээ 60 өдрийн дотор шилжүүлнэ гэж амласан. Амлалтынхаа хариуд өөрийг нь болон гэр бүлийнх нь гишүүдийг оролдож хөндөхгүй байх баталгаа шаардаж байв.

Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэгчдийн талд армийн дээд, дунд тушаалын олон зуун офицер, гурван ч генерал шилжиж, бүр дивизээрээ урвасан, тус орны гол гол омог аймгуудын удирдагч нар сөрөг хүчний талд, арми хоёр хуваагдсан, нийслэлд нь хэнийх нь бүү мэд баахан танк оруулчихсан дэнжигнэж байв. Ингэж улстөрчид нь цаг алдаж байх хойгуур тус орны өмнөд хэсэг нэн ноцтой байдалд орж байв. Абьян мужид зэвсгийн үйлдвэр, стратегийн чухал өндөрлөг, Аль-Хусн, Жаар хотуудыг лалын дайчид эзлэн авч, Йеменийн төв хэсэгт “Аль-Кайда”-гийн бололтой лалын зэвсэгт дайчид давшиж, зууртаа аллага үйлдэж байв.

Намайг Каирт алба хашиж байхад Йеменийн Элчин сайдын яамны Түр хамаарагч бүрэн эрхт сайд Салах Фаттах Исмаил гэж миний йемен найз ирж уулзсан нэгэн учралаас энд эшлэе. Тэр бол Монголтой эчнээ холбогдсон нөхөр байв. Түүний аав Абдель Фаттах Исмаил нь Өмнөд Йеменийн нам-төрийн удирдагч байхдаа Монголд 1972 онд айлчилж байв. Би тэр тухай түүхэн баримт бичиг, гэрэл зургуудыг Гадаад хэргийн төв архиваасаа хүүд нь хувилан аваачиж буян үйлдэж байсан, ийм дотно хоёр юм. Түүний аав нь БНАЙАНУ-ын Үндэсний фронтын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, Ардын дээд зөвлөлийн дарга, Йеменийн социалист намын ерөнхий нарийн бичгийн дарга хийж яваад улс төрийн хуйвалдааны золиос болон 1986 онд амиа алдсан тухай би 1986 онд Монголын хэвлэлд (“Цаг үе” сэтгүүл) бичиж байсан, хувь заяаны эрхээр хүүтэй нь Каирт уулзаад нөхөрлөсөн юмсан.

Дайтах болсон бас нэг шалтгаан нь шашны урсгал хоорондын өнө эртний өс хонзон
1986 оны тэр цуст үйл явдал бол Йеменийн улс төрийн байж байгаа төрх нь юм. Тэр дундаа социализм байгуулж байсан Өмнөд Йемен бол Арабын хамгийн ёозгүй дарангуйлагч дэглэмийн нэг байв. 1986 оны аллагыг үйлдсэн этгээд нь Али Насер Мухаммед. Бригадын генерал явсан энэ эр Өмнөд Йеменийн Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон ба 1986 он гармагц мань хүн Аден хотноо хувьсгалын жинхэнэ удирдагчид – Абдель Фаттах Исмаил, Али Ахмад Насер Антар, Али Шаи Хади, Салех Муслех Касем нарыг Намын төв хорооны Улс төрийн товчооны хурал дээр АК-гаар шүршиж устгав. Нийслэлдээ танк оруулж цэрэг хөдөлгөн хэдэн өдөр үхэх сэхэхээ үзжээ. Лав 10 мянган хүн алагдсан. Аллага үйлдэгч маань Хойд Йемен рүүгээ дүрвэн зугтсан, дараа нь Дамаск руу дүрвэсэн, хаачсаныг бүү мэт. Шарил нь Саудын Арабт байгаа дуулдлаа.

Йеменийн улстөрч маршал, бригадын генерал, амь алдсан нэг гээд гурвынх нь хувь заяа ердөө энэ. Дөрөв дэх үйл лай нь Абд Рабба Мансур Хади гэгч дээр нөмрөөд ороод ирсэн. Тэр хаашаа зугтсаныг бүү мэд. Тэрээр буухгүй гэж мөн ч их элдэвлэсэн, буулгана гэж цаадуул нь ч их элдэвлэсэн. Ингэж ингэж ноднин өдийд Засгийн газартайгаа хуситын шийт босогчдод олзлогдон шившгээ тарьжээ. Дараа нь шийтийн үймээн дэгдээгчид түр Засгийн газраа байгуулсан ба түүнийг нь 2011 онд огцорсон нөгөөх маршал Али Абдалла Салехын талынхан дэмжив. Дүрвэсэн Ерөнхийлөгч Абд Рабба Мансур Хади нь Өмнөд Йеменийн Аденд Засгийн газраа нэг удаа байгуулан нийслэл Сана руу хариу довтлохоор шийдсэн, тэр нь бүтэлгүйтсэн. Одоо энэ улсад “Ансар Аллах” гэх лалын террорист гэмээр байгууллага, түүний лидер Салех Али аль-Самад гэх нөхөр 2016 оны наймдугаар сарын наймнаас хойш Улс төрийн дээд зөвлөлийн дарга нэрээр төрийн эрх барьж байна. Харин Оманаар дамжин Саудын Арабт дүрвэн гарсан Мансур Хади нь Саудын Арабын хааныг ятган эвслийн цэрэг хөдөлгөж эх орон руугаа атаклуулж байлдуулаад жил тойрч байна. Оманаас бусад Персийн булангийн орнууд эвсэлд орж, дээр нь Египет, Йордан, Пакистан, Судан, Марокко нэмэгдэж, нийт есөн улсын нэгдсэн арми “Шийдвэрлэх шуурга” (Decisive Storm) гэх цэргийн ажиллагаа явуулаад хуситуудыг дарж чадсангүй. Ийм л дүр зурагтай шинэ 2017 онтой золгожээ.
САНАЛ БОЛГОХ