Умард туйлд жилд 1.5 сая жуулчин ирдэг
Хойд туйлд жилийн дөрвөн сард нь нар гардаггүй. Ийм өдрүүдэд юм уншихад бүдэг бадаг харагдахуйц цэнхэр туяа тэнгэрийн хаяанд сүүмийнэ. Тэгсэн хэрнээ бүтэн 24 цагийн турш нар манддаг зуны өдөр бас бий. Монголчуудын нар буцдаг хэмээдэг зургадугаар сарын 21-нд Хойд туйлд бүтэн өдөр нар мандана. Бас зарим үед шөнө дунд нар мэлтийх нь ч бий. Энэ мэт байгалийн гоц үзэгдэл нь далайн эрэг дээр биеэ шарах, зэрлэг ойгоор зугаалахыг сонин, хачинд тооцохоо больсон жуулчдыг Хойд туйл руу татаж байна. Өмнөд туйлаас ялгаатай нь энд оцон шувуу байдаггүй. Зургаан төрлийн далайн хав, дөрвөн төрлийн аварга халим бий. Мэдээж хэдэн сая төрөл, зүйлийн загас, шувуудтай. Сүрлэг том мөсөн уул, үзэсгэлэнт туйлын туяа гээд байгалийн өвөрмөц бүтээлүүд хосолсон энэ нутгийг зоригсдын тоо өдөр ирэх тусам өссөөр.
Хойд мөсөн далайн өвөрмөц амьдралыг нүдээр үзэхээр жил бүр 1.5 сая жуулчин ирдэг. Энд анхны аялагч хөл тавьснаас хойш бараг 200 жил өнгөрчээ. Энэ хугацаанд газраар, далайгаар, агаараар гээд умард туйл руу явах олон арван жим гарчээ. Нисэх онгоц, усан онгоц, цасны машин гээд бүх л төрлийн тээврийн хэрэгсэл энд хөгжсөн. Усан онгоцны тансаг үдэшлэг, эрсдэл дагуулсан явган аялал, нохойтой чаргаар давхих, шүхрээр буух, эсвэл энэ бүгдийг хослуулсан багц аяллууд янз бүрээрээ бий болжээ.
Өмнөд туйл нь усаар хүрээлэгдсэн эх газар бол Хойд туйл нь эх газар дундах далай. Хойд туйлтай ойр оршдог Грийнландын арал, Финланд, Канад, Орос зэрэг орнууд ийшээ ирэх “түр зогсоол” болдог байна. Дэлхийн хойд “дээвэр”-ийг зоригсдын ихэнх нь европчууд. Жуулчдын 36 хувь нь АНУ, 15 хувь нь Австралийн иргэд байдаг аж. Тэд ихэнхдээ Канад, Финландаар дамжин умард руу аялдаг. Харин азиудын хувьд хамгийн дөт зам нь Орос. Өнгөрсөн онд 4095 хятад, 736 япон жуулчин ийшээ аялжээ.
Хэрэв таны аяллын жагсаалтад Хойд туйл багтдаг бол дэлхийн хамгийн умард хэсэгт хэрхэн очих талаар сонирхоорой.
АГААРААР
Хойд туйлд хамгийн хурдан бас хялбар хүрэх арга бол онгоцоор нисэх. Норвеги болон Канадын зарим хотоос Хойд туйлд хүрэх нислэгүүд бий. Хэрэв Норвегээс туйл руу нисвэл 10-20 мянган ам.доллар болно. Интернэтээр аяллын компани, нислэгийн тасалбараа урьдчилан захиалбал илүү амар байдаг. Харин Канадаар дамжин нисэх бол өмнөхөөс 10 дахин их мөнгө төлдөг юм байна. Жуулчдыг аялахаасаа өмнө эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг компаниуд шаарддаг. Учир нь аяллын бартаат замыг туулахааргүй иргэдийг Хойд туйл руу нисэхийг зөвшөөрдөггүй. Мөн 10-18 насныхныг харгалзах хүнтэйгээр явуулдаггүй байна.
Норвеги болон Канадаас онгоцонд суусан зорчигчид Хойд туйлаас 60 милийн зайд байрлах Барнео станцад буудаг. Энд аяллын компаниуд таны сонирхолд нийцсэн аяллуудыг санал болгоно. Барнео станцаас нисдэг тэрэг хөлслөн 20-40 минут нисэх боломжтой. Эсвэл 25 мянган ам.доллараар туршлагатай сургагч багшийн хамт цанаар аялж болно. Цанаар явж чадахгүй бол цасны машин, нохойтой чаргыг ч санал болгодог юм байна. Арай хямдаар аялъя гэвэл 15 мянган доллар төлөөд явган аялаарай. Энэ төлбөрт Норвегийн Свалбардаас Барнео руу нисэх, буцах онгоцны тасалбар багтдаг аж.
Мэдээж, үүнээс хямд сонголт ч байна. Германы Берлин хотоос Хойд туйлыг хамгийн хямд үнээр буюу 500 ам.доллараар үзэх боломжтой. Гэхдээ газарт буулгүй, онгоцны бүхээгнээс л үзэх тул адал явдал хайгчдад таалагдахгүй л болов уу.
ДАЛАЙГААР
Арктикийн мөсөн далайгаар аялахад зориулагдсан Оросын мөс зүсэгч онгоцууд жуулчдын дуртай тээврийн хэрэгсэл. Мөс зүсэгч онгоцонд суухын тулд Оросын Мурманск хотод очих хэрэгтэй. Европчууд Финландын Хелсинк хотоос ийшээ ирэх нь хамгийн дөт зам. Учир нь Европын аль ч орноос Хелсинк хот руу галт тэрэг ирдэг. Харин монголчууд бол Москвагаас шууд Мурманск руу очих аяллыг сонгохыг зөвлөж байна.
Мөс хагалагч онгоцонд суухын тулд хамгийн багадаа 26 мянган ам.доллар төлдөг. Хэрэв тансаг зэрэглэлийн аяллыг сонирхож байвал “Adventure Life” компанийн цахим хуудас руу ороорой. Эднийх 40-45 мянган ам.долларын дээд зэрэглэлийн өрөө санал болгоно. Мөс зүсэгчээр аялах дундаж хугацаа нь найман өдөр байдаг. Мэдээж, аяллын хугацаа уртсах тусам төлбөр нэмэгдэнэ.
Хэрэв үүнээс хямдыг сонирхож байвал Норвегийн зарим хотоос 3-6 мянган доллараар жирийн усан онгоцоор аялж болдог аж.
ГАЗРААР
Зэрлэг цагаан баавгай, цасан шуурга гээд олон эрсдэл жуулчдыг угтдаг учраас газрын аялалд хүүхдүүдийг авч явдаггүй. Нэгэнт Хойд туйлд хөл тавьсан бол цаашид хэрхэн аялах вэ гэдгээ урьдчилан төлөвлөвөл сайн. Жишээ нь, аялагчдын дунд болдог багийн уралдаанд оролцож болно. Зарим аяллын компаниуд уралдаанаа Канадын Resolute Bay, Оросын Хойд туйлд хамгийн ойр газар болох Саpe Arkticheskaya-аас эхэлдэг. Эдгээрт очихын тулд хувийн онгоц хөлслөх шаардлагатаай тул өндөр зардалтай. Уралдаанд оролцсоноор умард туйлын соронзон оронд 480 км-т ойртох боломжтой юм. Жуулчид дунджаар 35 мянган ам.доллар төлөх бөгөөд нислэг, хоол, даатгал, сургалтын төлбөр үүнд багтдаг. Уралдаанд цөөхөн хүн оролцдог учир төлбөр нь ийм өндөр байдаг аж.
Жуулчдын тун бага хэсэг нь цанаар аялдаг. Учир нь өдөрт 8-10 цаг тэсгим хүйтэнд цанаар явна гэдэг амаргүй. Хэрэв Хойд туйлыг бүгдийг нь үзье гэвэл 60 өдөр цанаар аялах болдог. Харин компаниуд ихэвчлэн 10-15 өдрийн аяллыг санал болгодог.
Энэ олон сонголт бүхий урт аяллын эцэст та Хойд туйлын туяанд майхнаа бариад амрах болно. Дэлхийн хойд “дээвэр”- т очно гэдэг сайхан дурсамж болох нь гарцаагүй.