Цагдаагийн байгууллагыг мерит зарчимд шилжүүлнэ

Мэдээ

Хууль сахиулах үйл ажиллагааны хуулиа батлаагүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуульчлахаар зохицуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тусгайлсан зохицуулалт бүхий хуулиудыг батлаагүйн улмаас цагдаагийн байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулж байгаа аж. Мөн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж буйг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцолсон юм.

Харин тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Цагдаагийн албаны тухай хуулийг 2013 онд баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайлсан хууль буюу Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Гэвч дээрх хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй учраас цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин тодорхойгүй болчихоод байгаа юм.

» Тусгайлсан зохицуулалт бүхий хуулиуд байхгүй тул цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулдаг.

» Иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлнэ.

» Хэлэлцүүлгийн шатанд цагдаагийн генерал цолыг шинээр бий болгож, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байхаар төсөлд тусгажээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын соёл, үнэт зүйл түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн. Жишээ нь, иргэдэд хэрхэн шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад хэрхэх вэ гээд тодорхой асуудлыг хуульчлан баталгаажуулж өгч байгаа. Иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэхээс гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд улам илүү ойртоно гэж үзэж байгаа” гэлээ.

Хуулийн төсөл баталснаар цагдаагийн байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын бүтцийг чиг үүрэгт нь нийцүүлэн нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байхаар зохицуулна. Мөн цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгэм, улс төр, эдийн засаг, хууль зүйн баталгааг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг хангах юм. Үүнээс гадна цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, албан хаагчийг дэвшүүлэн томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох боломж бүрдэх юм.

Тэгвэл хэлэлцүүлгийн шатанд цагдаагийн генерал цолыг шинээр бий болгож, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байхаар төсөлд тусгажээ. Мөн цагдаагийн байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулахыг хориглох зэрэг зарчмын зохицуулалтууд оруулсан.
САНАЛ БОЛГОХ