Мэлхийн наадгай буюу намгийн хөлбөмбөг
60x35 метр талбайд, 13 минутаар хоёр үе тоглодог
Британи оюутан Чарльз Олкокийн санаачилсан хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоом хөгжлийн оргил үедээ нэгэнт хүрчээ. Он цагийн уртад талбайн хөлбөмбөгийн дүрэм, тактик, тоглогчдын ур чадвар, зүлэг улам л нарийн боловсронгуй болсоор, төгөлдөржсөөр байна. Хөгжлийн энэ чиг хандлагыг дагаад заалны, элсний, мини... зэрэг “дүү” нар нь мэндлэх болжээ. Түүний нэг бол намагны хөлбөмбөг.
1980-аад оны дундуур үүссэн гэх намгийн хөлбөмбөгийн загалмайлсан эцэг нь Финландын цаначин Юрки Вяанянен. Цас, мөс хайлсан зуны цагт бэлтгэлээ цалгардуулахгүйн тулд тэрбээр ямар нэгэн спортоор хичээллэхээр шийдсэн бөгөөд нал шал хийсэн намган дунд бөмбөг хөөх өвөрмөц тоглоомыг санаачилжээ. Түүний санаачилга мянган нуурын өлгий нутаг, намаг шалбаагаар баялаг Финландад дорхноо хүчийг авсан бөгөөд удалгүй Скандинавын орнуудад өргөн дэлгэр тархжээ.
Анхны тоглолт “ориг” намган дунд явагдаж, хоёр модны хооронд олс татаад хаалгаа хийж байсан бол удалгүй тусгай дүрэм журам, зориулалтын талбайтай болж, албан ёсны тэмцээн уралдаанууд зохиогдох болжээ. Намагны хөлбөмбөгийг 60x35 метр талбайд, 13 минутаар хоёр үе тоглох ба талбайд нэг баг хаалгачтайгаа нийлээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй гарна. Онцлог дүрмүүдээс дурдвал сэлгээ хийх үед тоглолтыг зогсоохгүй, мөн торгуулийн цохилтыг хөлөөрөө бус гараараа гүйцэтгэдэг аж.
“Намгийн барон” хочтой болсон Вяанянений шургуу хөдөлмөр, хөөцөлдлөгийн үр дүнд анхны ДАШТ 2000 онд Финландын Хюрансалми хотноо болоход Шотланд, Ирландын багууд ирж оролцсон бөгөөд таван жилийн дараа Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохиогдсон түүхтэй.
Сүүлийн үед тэмцээн хүрээгээ тэлж, эрэгтэй, эмэгтэй болон холимог төрөл, бизнесийн салбарынхны гээд хэд хэдэн төрлөөр зохиогдож байна. Тэмцээнд орох багууд 250 еврогийн такс төлөх ёстой. Гэхдээ өндөр төлбөрийг үл харгалзан 100 илүү баг тогтмол өрсөлддөг болоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй