“Эрдэнэт”-ийн 51 хувь ноцтой асуудал үүсгэх хэмжээнд хүрсэн
Ярилцлага
Бидний хувьд шалгалтын дүнг хангалтгүй гэж үзэж байгаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг намрын чуулганы нээлттэй зэрэгцэн ярьсан. Одоо хүртэл маргаан намжаагүй байгаа. Гэхдээ хаврын чуулганаар төрд авах санаархал байх шиг байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал өнөөдөр маш ээдрээтэй байна. Энэ асуудлыг холбогдох байнгын хороо шийдвэр гаргаад, Ажлын хэсэг байгуулаад шалгуулсан.
Гаргасан дүнгээ танилцуулаад явж байна. Бидний хувьд шалгалтын дүнг хангалтгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, нөгөө талаа оролцуулдаггүй. Тэд нараас тайлбар авдаггүй. Миний мэдэхээр нэг удаа оруулж ирж, загнаж байгаад гаргасан. Түүнээс биш байр суурийг нь сонсоод, нотлох баримтыг нь судалж үзээгүй. Асуудалд ингэж хандаагүй нь хардлага дагуулж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Монголын талд орж ирсэн нь ямар ч маргаангүй. Хамгийн зөв хувилбар гэж үзэж байна. Хууль бус байсан уу, үгүй юу гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгах учиртай. Ц.Нямдорж гишүүн өмнө нь УИХ дээр ямар нэгэн зүйл ярихаар Их хурал бол шүүх биш. Хууль хяналтынхан нь шалгах ёстой гэдэг байсан. Ийм байр суурийг байнга илэрхийлдэг хүн өөрөө УИХ-ыг мөрдөн шалгах газар болгож ажиллах гээд байгаад гайхаж байна.
Тэгэхээр 49 хувиас гадна 51 хувьтай холбоотой асуудал ноцтой байдал үүсгэж мэдэхээр хэмжээнд хүрсэн. Английн Арбитрийн шүүхээр “Стандарт” банкны барьцаанд тавьсан гэх асуудлаар шийдвэр гарсан тухай мэдээлэл ирсэн. 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг Монголын тал төлөх үүрэг хүлээх нь. Олон улсын Арбитрийн шүүхээс гаргасан шийдвэрийг аль ч улс дагаж мөрдөх үүрэгтэй. Тиймээс манай улсын хувьд ноцтой нөхцөл байдал үүсэх нь гэсэн асуудал яригдах боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь Монголын төрийн мэдэлд байна уу, үгүй юу. Төр гэдэг нэрийн доор өмчийг эзэнгүйдүүлдэг дуртай газраа аваачиж барьцаанд тавьдаг үзэгдэл гараад байна. Тэгэхээр өнөөдөр бид 51 хувийг 49 хувьтай нь нэгтгээд нэгдсэн Ажлын хэсэг гаргаж, аль аль бүлгээс нь төлөөлөл ороод мэргэжлийн хуульчдаас эхлээд оролцох сонирхолтой төлөөллүүдийг оруулаад шалгалт хийх нь зүйтэй гэж харж байна. 49 хувийг нь төрд авчраад алдагдаж байгаа 51 хувиа нөхөх гэж байна.
-Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд хэр ажиллаж чадсан бэ. Монголбанкны Ерөнхийлөгч Байнгын хороон дээр улс төрийн шийдэл хэт удаан байна гэж хэлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн шийдэл нь хэт хурдан байсан учраас олон том алдаа гаргасан юм биш үү. Монголбанкны Ерөнхийлөгч анх ажил авангуутаа гарч ирээд валютын нөөцийн асуудлаар мэдэгдэл хийсэн. Өнөөдөр төгрөгийн ханш хэдэн хувиар сулрав. Валют яаж чангарав гэдгийг бүгд л харж байгаа шүү дээ. Нөгөө талаасаа Сангийн сайд Монгол Улсын эдийн засгийн чадавхын талаар буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Үүнээс болоод зээлжих зэрэглэл хоёр удаа буурлаа. Яриад байвал олон зүйл бий. Улс төрийн шийдлийг яг юу гэж ойлгож байна вэ гэдгийг бодох ёстой. Ирэх гуравдугаар сард евро бондын зээлийн 580 сая ам.долларыг төлнө. Гэтэл энэ мөнгө байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. УИХ-д МАН-ын 65 гишүүн бий. Тэдэнд улс төрийн шийдэл гаргах бүрэн эрх байна. Ямар нэг сөрөг хүчин, АН-ын бүлгээс хамааралтай асуудал огт байхгүй.
-“Тавантолгой” зэрэг томоохон төслийг хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадсангүй гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр ямар шийдэл байж болох вэ?
-Тавантолгойг тодорхой төлбөр мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөөр бусдад зарах, үүгээр нэг удаа амиа аргалах байдлаар асуудалд хандах гэж байгаа бол энэ улс төрийн шийдэл биш. Тавантолгой бол их хэмжээний үүцтэй цөөн ордуудын нэг. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсөж буй нөхцөлд уурхайгаа зарах биш, бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээлд ашигтайгаар гаргах нь чухал. Эндээс орж ирэх орлогоор эдийн засгийн хүндрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх ёстой. Олон тулгуурт эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн бүтэц дээр шинэчлэл хийхгүй байна. Зоригтой шийдэл хийхгүй байгаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй