Сири хуваагдах юу ч биш, Араб ертөнц хагарлаа

Судлаачийн үг

2011 онд эхэлсэн “Арабын хавар” маань Арабын ертөнц, улмаар лалын ертөнцийн задралын эхийг тавьжээ. Арабын улсуудын холбоо, Лалын бага хурлын байгууллага ёстой нэг хүчин мөхөстлөө. Сирийн иргэний дайн, Египетэд исламистүүдийн ялаад, дараа нь засгийн эрхнээс хөөгдөн буусан, Йемен дэх шиит хуситуудын ялалт, Ирак дахь шиитүүдийн хүчирхэгжилт нь Арабын ертөнцийг яалт ч үгүй хагаллаа. Хуваагдал дараах схемээр явагдлаа.

Үүнд:

1. Түрэмгий нэг хэсэг улс;

2. Дотоодын хямрал нүүрэлсэн, хямралд нэрвэгдсэн нэг хэсэг улс.

Эхний хэсэгт гол төлөв Персийн булангийн эмирт улсууд орж байна. Тэд НАТО- гийн туслалцаатайгаар Ливийн нутаг дээр Нөөц Араб-ыг бий болгож Ирантай дайн дэгдсэн тохиолдолд ар тал болгон ашиглана, наана нь Сирийг бүрэн буулгаж авна гэж байтал Сири рүү Орос ороод төлөвлөгөөг нь тасалчихсан. Булангийн баян эмиртүүдийн амбиц Ирак, Алжир, Сирид таалагдсангүй, Египетийн исламистуудад даан ч их итгэл өгсөн, одоо тэр хэрээрээ нэрээ барсан.

Ингэхэд арабын бусад орнууд маань өвөр хоорондоо тун хачин, хэврэг харилцаатай, зарим нь Алжир, Ирактай сайн харилцаатай. Гэвч бусадтай нь сайнгүй гэх мэт. Асадын эсрэг нэг тал гэж үзэгдэж ирсэн Катар, Саудын Араб хоёр ч харилцааны хүйтрэлээс зайлаагүй. Энэ хурцдал хөшигний цаана бугшиж байна.

Дээрх хагарлын хоёр дахь хэсэгт Арабын хавар явагдсан, нийгмийн хувьсгал нь үр дүнд хүрээгүй Арабын хэсэг орныг нэрлэж байна. Оpocын эрдэмтэн Виталий Биланы онож хэлсэнчлэн “сомаличлал” тэднийг нэрвэхэд тун ойрхон байна. Арабын национализм нь Сомали сценараар хагарал бутрал, задрал руу хөтөлж яваа улсуудыг Йемен, Сири магнайлна. Ирак удаална. Араас нь Ливи бэлэн байж байна.

Зөрчлүүдийг ажваас Арабын ертөнц яг одоо хамгийн турбулент (turbulentus–латинаар догширсон, давалгаалсан, эмх замбараагүй гэсэн утгатай үг) үедээ явна гэж дүгнэж болно. Сирийн дайнаас гадна Синайн хойгт египетийн арми өөрийнхөө суннит жихадист дайчидтай тулалдаж байна. Йеменд нэр нь үл мэдэгдэх, хэн нь үл танигдах хүчнүүд (Иранаас дэмжлэгтэй шиитийн хуситууд, Хафти омгийнхон, өмнөдийн салан тусгаарлагчид, гадаадын иргэдийг барьцаалж мөнгө нэхдэг бедуин омгууд гэх мэт) үзэлцэж байна. Хөрш Саудын Араб нь Йеменийг бөмбөгдөөд л. Салафит- шиитийн өвөр хоорондын зэвсэгт мөргөлдөөн Йеменд шуударлаа. Судан задардаг шиг Арабын хэсэг улс задрахад тун ойрхон байна.


Яршиг ингэж үзэлцүүлж байхаар ашиг сонирхлынхоо бүсээр хуваачихъя хэмээн Орос, Иран, Турк шийдлээ. Нийтэд ад болсон Башар Асад Орос, Ираны нөлөөний бүсэд амар амгалан байж л байг, түүнээс суннитүүдийг нь салгаад, Туркийн нөлөөний бүсэд авчихад боллоо хэмээн Анкара үзжээ. Сирид үлэмж бэхэжчихсэн Курдийн зэвсэгт отрядууд Орос, Иран, Туркийн нөлөөний хүрээнээс гадуур орших ба Сирийг холбооны БНУ болгон, хойд нутагт нь үлдэхийг санаархана. Хэрэв курдүүд автономит эрхтэй болчихвол Турк боож үхлээ. Холбооны БНУ байгуулахыг АНУ бас хүсэхгүй. Орос-Иран-Туркийн Сири дэх хуйвалдаанд Казахстан зуучлагчаар оролцож эхэлсэн нь бүр анхаарал татаж байна.

Ингэхэд энх амгалан тогтож, дайтахаа зогсоочихвол Сири цаашаа яах нь дэлхий дахинд чухал болж байна. Цус бага урсаасай, дүрвэгсэд л багахан хил даваасай, давахгүй Сиридээ үлдвэл бүр сайнсан гэх хандлага дэлхийн улс орнуудад түгээмэл байна. Хуваагдлын өмнөх, хэрэг дээрээ бол хуваагддагаа хуваагдчихсан Сири гэж ер нь хэнсэн билээ.

Арабын хавар эхлэхээс өмнөх Сирийн тухай хэдхэн баримт дурдъя. НҮБ-д бүртгэлтэй баримт. 2011 онд Сирид угсаатны 33 бүлгийг төлөөлсөн 20.8 сая хүн ам аж төрж байжээ. Хүн амын тоогоор мэдээж арабчууд нь давамгайлна. Гэхдээ дотроо ястан гэж нэрлэгдэхээр хэд хэдэн салбар бүлгүүдэд арабчууд нь хуваагдана. Үүнд:
1. Сирийн араб (14 сая гаруй)
2. Нажди бедуин араб (1.59 сая)
3. Палестины араб (хагас сая гаруй)
4. Ливаны араб (130 мянга)
5. Умард Иракийн араб (цөөнх)
6. Иорданы араб (цөөнх тоот)
7. Левантын бедуин (цөөнх)
8. Курдүүд (угсаатны хоёр дахь том бүлэг, хүн амын 10 орчим хувь) гэх мэт.

Сири дэх угсаатны 33 бүлэг нь шашин шүтлэгээрээ бүр этгээд хуваагдана. Сирийн арабчууд үндсэндээ лалын суннит урсгалыг шүтнэ. Хүн амын 80 орчим хувь нь суннитүүд. Шиит лалын төлөөлөл болох алавит, друзууд хүн амын 10-15 хувь. Алавитууд нь 1.5 сая хэмээн суннитүүд нь үздэг ч гурван сая орчим хэмээн албан ёсны статистик заадаг. Алавитууд Сириэс гадна Ливаны хойд хэсэг (Триполи хотын нэг дүүрэг буй), мөн Туркийн Искандерун (Александретты) хотод аж төрдөг. Оттоманы эзэн гүрэн унасны дараа Сири нь Францын хяналтад орж, Латакиа нийслэлтэй Алавитын улсыг Дамаск, Алеппо хотыг оролцуулан францчууд буй болгож, харьцангуй бие даалгасан ба эдүгээ энэ түүхэн хуваагдлаар суурилан Орос, Иран, Турк нь хуваан захирах заагаа тогтоож байх шиг.

Сирид иргэний дайн дэгдэж эхэлснээс хойших тав орчим жилийн хугацаанд Засгийн газрын цэрэг гол хүч, анхаарлаа ганцхан чиглэлд тавьж ирлээ. Тэр нь нийслэл Дамаскийг Газар дундын тэнгисийн эрэгтэй холбосон алавитын уулархаг районыг найдвартай хамгаалах явдал. Тэр эрэг бол Оросын тэнгисийн цэргийн флот байнга хангалт хийж ирсэн, одоо Оросын агаарын ба сансрын хүчин байрласан гол дамжлага, стратегийн чухал цэг. Дамаскийг тэнгисийн эрэгтэй холбосон коридорыг өдий хүртэл босогчид, хөлсний исламистуудын аль алин нь сэтэлж чадаагүй. Одоо бүр өнгөрсөн. Хэрэв тэд эзэлсэнсэн бол Латакиа, Тартус, Банияс хотуудыг Сирийн эрх баригчид алдаж, тэнд оршин суугаа гурван сая алавит, шиитүүд геноцидын аюул амсах байлаа. Аль болох олон алавит, шиит, христианыг алаад үхье гэх сэтгэхүйтэй хөлсний мусульман- суннит алуурчдыг Сири даяар устгаж дуустал өдий байна. Гэхдээ тэдний тарьсан балаг барагдашгүй, хохирлыг нөхөж дуусна гэж байхгүй болсон.

Далайн эргийн Хомс хот зэвсэгт дээрэмчдийн халдлагад өдөр бүр шахуу өртөж байлаа. Оросын тусламж орж иртэл далайн эрэг тэр чигтээ исламистуудын гал дор дэнжигнэж байв. Засгийн газрын цэрэг төдийгүй ардын сайн дурынхан өдөр шөнөгүй хот, суурин, тосгоноо хамгаалан бүтэн дөрвөн жил байлджээ. Алавит, шиит, христианчууд, сири, ливан, перс, оросууд мөр зэрэгцэн исламистуудтай үхэх, сэхэхээ үзэн бүтэн хоёр жил гаран тулалдан байж Алеппог чөлөөлж авлаа.

Сирийн араб-христианчууд бол боевикуудын үздэгээр үл итгэгчид, буруу номтон, иймд тэднийг дуустал нь хядах ёстой гэсэн зарчим энэ таван жил Сирид мөрдөгдлөө. Мөн үл итгэгчдийн эгнээнд буруу номтон мусульман– шиитүүд, мусульман–алавитууд христианчуудынхаа араас жагсана. Хэдийгээр христиан, шиит биш, суннит ч гэсэн ваххабитуудын нүдэнд хоёр сая курд өргөс болон тээглэдэг тул буруу номтон мусульманы тоонд оруулна. Ингээд алалдаад байлаа, алалдаж ч байна. Эцэс төгсгөл алга.

Миний олж ажигласнаар бол 1991 оноос дэгдээд 10 жил үргэлжилсэн Алжирын иргэний дайныг Сири дэх энэ дайн санагдуулна. Нэгэнтээ таван жил тэсэж тогтоод, одоо унах нь тодорхойгүй байгаа Сирийн эрх баригч дэглэм 20 гаруй жилийн өмнөх Алжирынхтай тун төстэй юм шиг. “Алжир сценар” гэдэг нь нутаг дэвсгэрийнхээ үлэмж хэсгийг Засгийн газар нь хянана, исламистууд цөлийн зарим районыг хянана, тэндээсээ Засгийн газрын мэдлийн нутаг руу терроризм үйлдэнэ. Алжирт 1991 онд Лалын аврах фронт гэх тулгуур үзэлт нам сонгуулийн эхний шатанд ялсан, ялалтыг нь цэргийнхний шахалтаар Ерөнхийлөгч хүлээн авалгүй, парламентыг тарааж, сонгуулийн дүнг хүчингүй болгосон. Ингэмэгц нь исламистууд нууц байдалд шилжин, эсэргүүцлийн тэмцлээ эхлүүлсэн, үр дүн нь тэдний гарт 250 000 иргэн амиа алдсан, исламистуудын хяналтад буй Сахарын цөлд контрбанд, хүний наймаа цэцэглэсэн.

“Алжир сценар”-ыг Сирид давтахгүй байхаар болж байх шиг. Бушуухан л ашиг сонирхол, нөлөөний хүрээгээрээ бүс бүс болгон гадаад гүрнүүд хувааж захирвал Сири дэх гай зовлонд төгсгөл ирж магад.

Алжирынх шиг Сирийн дотоодын зарим нутгийг тасалж эмират болгох хөдөлгөөн аль эрт эхэлсэн ч одоо дэмжлэг гадаадаас горьдолтгүй боллоо. Иорданы Эз-Зарка хотод де-факто оршин буй лалын эмиратын дэмжлэгээр Сирийн Дараа хот, Бинниш хот салафитын анклав болоход ойрхон байсан ба тэднийг Саудын Арабын далдуур дэмжиж байв. Одоо Саудад тэгдэг цаг боломж, хүч нөөц алга.

Яг одоо Сирийн нутаг дэвсгэрт гурван мини “төр улс” оршиж байх бололтой.

Нэг мини–улсыг нь Асадын Засгийн газар хянаж байна. Баруун ба баруун хойд Сири бол лалын алавит сектийн нутаг тул Асад тэнд ялагдана гэж үгүй, тэнд нь бас шиитүүд, христианчууд үлэмж тоогоор бий, Орос, Иран, Хезболла тэнд бэхэжчихсэн;

Хоёр дахь мини-улс нь төв Сири, өмнөд Сирийг хамрах суннитүүд голлосон нэг анклав байна, тэнд дайн үргэлжилж байна, Иракаас лалын дайнчид ирж очиж холхиж байна;

Гурав дахь нь зүүн хойд Сири дэх хоёр сая курдийн оршин суугаа салан тусгаарласан бас нэг мини-улс байна. Харин тэнд Турк дайнаа үргэлжлүүлж магадгүй.

Сири улс үндсэндээ дайны хөлд нурлаа. Түүхэн тэр Сири улс хойшид оршин тогтнохгүй. Археологийн түүхэн дурсгалт газрууд сүйдсэн, боевикуудын гарт үрэгдсэн. Худалдаа, аж үйлдвэр хөгжсөн Сири гэж өнгөрсөн дурсамж болж үлдсэн. Одоо дэглэмийг тогтоож байх гол тулгуур найдвар нь арми, тагнуулын ба аюулгүй байдлын алба, Баасист нам. Асадыг мөн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг христианчууд, Дамаскийн бизнесийн хүрээнийхэн дэмжиж ирсэн. Алавитууд, христианчууд, шиитүүдээр эрх баригч дэглэмийн гол цөмийг бүрдүүлж, дээр нь Орос, Иранаас баталгаатай дэмжлэг авлаа.

Одоогийн мөргөлдөөний дүнд Сири орон шашны хуваагдлаараа гурав буюу дөрвөн хэсэг болон задрах, харин тэр нь угсаатны ба шашинтны цэвэрлэгээ болж даамжрахгүй байвал л түүн шиг буянтай үйлс байхгүй болох юм байна.

VII зуунд бараг исламтайгаа хамт түүх нь эхэлсэн суннит, шиитүүдийн өвөр хоорондын шашны дайн соёлжсон XXI зуунд дээд оргилдоо Сирийн эл дайнаар хүрлээ. Сирид ч, нийт бүс нутагтаа ч суннит, шиит хоёр лагерь өвөр хоорондын дайнаасаа татгалзах ямар ч хүсэлгүй, харин ч бүс нутгийн томхон дайн руу шилжих магадлалтай. Шиит, суннитүүдийн хооронд, Иран ба Саудын Арабын хооронд, бүр тодорхой хэлбэл “Суннитийн их гурвалжин”-Саудын Араб, Катар, Турктэй Иран хожмоо дайтах чиглэлээр Сирийн хэрэг явдал цаашаа даамжрахад гайхахааргүй болжээ.
САНАЛ БОЛГОХ