Хамгийн хямд шатахуун Казахстан, Белорусь, ОХУ-д

Авто зах зээл

Европын улсуудад 2017 оны эхээр бензиний үнэ дунджаар 10.2 хувиар өсчээ

ОХУ-ын үнэлгээний “РИА Рейтинг” агентлаг Европ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан 33 улсад бензиний үнийн өөрчлөлтийн судалгаа явууллаа. Тус агентлагийн шинжээчид эдгээр улсад зарагдаг АИ-95 юм уу ижил зэрэглэлийн бензиний дундаж үнийг энэ оны нэгдүгээр сарын байдлаар рублиэр тооцон гаргаж, жилийн өмнөх үеийн үнэтэй харьцуулж үзсэн байна.

Судалгаанаас үзвэл Европын улсуудад 2017 оны эхээр бензиний үнэ жилийн өмнөх үеэс дунджаар 10.2 хувиар өсчээ. ОХУ-ын хувьд инфляцийн хувь хэмжээг харгалзан тооцвол мөн хугацаанд бензин ердөө тавхан хувиар үнэд орлоо. Өнгөрсөн онд газрын тосны үнэ бага боловч өссөн нь бензиний үнэд нөлөөлсөн хэмээн шинжээчид анхааруулав. Харин Румын, Мальта, Болгар гурван улсад бензин дунджаар 1.7 хувиар хямдарчээ.

Казахстанд шатахуун хамгийн хямд буюу нэг литр AИ-95 бензин 26.5 рубль (1042.6 төгрөг), дизелийн түлш 30.2 рублийн (1203 төгрөг) дундаж үнэтэй байжээ. Литр “95”-ийн дундаж үнэ 36.6 рубль (1467 төгрөг), дизелийнх 37.8 рублийн (1483 төгрөг) үнэтэй Белорусь хоёрдугаарт орлоо. ОХУ гуравдугаар байранд буюу АИ- 95-ийн дундаж үнэ энэ оны эхний байдлаар литр нь 38.6 рубль (1524 төгрөг) байв. Харин дизелийн түлш тус улсад Белорусиас үл ялиг хямд буюу литр нь 37.4 рублийн (1483 төгрөг) үнэтэй байжээ.

Дөрөвдүгээр байранд орж буй Украины шатахууны үнэ ОХУ- ынхаас бараг гуравны нэгээр өсөлттэй байгаа юм. Украинд нэг литр АИ-95 бензиний дундаж үнэ 52 рубль (2085 төгрөг). Энэ үнэ нь жилийн өмнөхөөс даруй 21.5 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Шатахуун хамгийн хямд эхний таван улсын сүүлийг Болгар мушгив. Тус улсад литр 95 бензин дунджаар 66.9 рублийн (2646 төгрөг) үнэтэй байна.

Хамгийн үнэтэй бензин хэрэглэгч Европын улс болох Нидерландад АИ-95-тэй ижил төрлийн литр бензин 99.7 рубль буюу 3970 төгрөг. Жилийн хугацаанд голландчуудын шатахууны үнэ 9.6 хувиар өсчээ. Удаах байранд Грек орлоо. Тус улсад шатахууны үнэ жилийн өмнөхөөс 14.1 хувиар нэмэгдэж литр дээд ангиллын бензин 98.6 рубль (3929 төгрөг) боллоо. Хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг гуравдахь улс Шведэд литр бензин 93.8 рубль буюу 3729 төгрөгийн үнэтэй. Дөрөв, тавдугаар байранд Итали 89.2 рубль (3576 төгрөг), Их Британи 88.6 рублийн (3528 төгрөг) үнээр орлоо.
САНАЛ БОЛГОХ