"Молливуд 2016 онд"

Кино

2016 онд Монголын кино зах зээлд дотоодын 50 орчим кино нээлтээ хийсэн талаар “Өргөө” болон “Тэнгис” кино театраас мэдээллээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 42 хувиар нэмэгдсэн буюу дунджаар долоо хоног тутамд нэг шинэ кино нээлтээ хийжээ. Эдгээрийн дотроос “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, "Үргээлэг 2", “Цагаан хадаг” зэрэг дэлгэцийн бүтээлүүд хамгийн олон үзэгчтэй байсан гэж кино театруудаас мэдээлж байна. Тухайлбал, “Хувьсал” продакшны бүтээл, жүжигчин У.Уранчимэгийн найруулсан “Атганд үлдсэн эрдэнэ” кино өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсний дараа сар хагасын хугацаанд тасралтгүй гарсан гэж “Өргөө” кино театраас онцоллоо.

Дотоодын кино зах зээл идэвхжиж байгаа ч үүнийг дагаад чанарын асуудал яригдаж эхэлдэг. 2016 онд кино театруудаар гарсан Монгол кинонуудын олонхыг инээдмийн жанрын буюу хөнгөн, богино хугацаанд хийгдсэн бүтээлүүд эзэлсэн байна. Хэдий тийм боловч үзэгчдийг байлдан дагуулсан кинонууд нь сэтгэл хөдөлгөсөн, уянгын жанрын бүтээлүүд байжээ.

Үүнээс гадна өмнө нь Монголын кино театрууд гадаад контент, “Box Office”-ийн шилдэг бүтээлүүдээс орлогынхоо дийлэнх хувийг олдог байсан бол 2016 оноос энэ байдал өөрчлөгдөж, дотоод контентоос олох орлого гадаад контенттой тэнцэж эхэлжээ.

Монголын кино зах зээл өсөж байгаагийн бас нэгэн тод жишээ бол кино уран бүтээлчид олон улсын кино наадмуудад оролцож байгаа явдал юм. Тухайлбал, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Цагаан хадаг" кино Бангладеш болон Энэтхэгийн олон улсын кино наадамд өрсөлджээ. Мөн 433 сая төгрөгийн орлого олж олныг шуугиулж байсан “Үргээлэг” киноны үргэлжлэл "Үргээлэг 2" кино Канн болон Пусаны кино наадмын дэлгэцнээ олны хүртээл болсон, Латин Америк, БНСУ-ын зах зээлд борлуулагдаж байгаа зэрэг Монголын уран сайхны кинонууд гадаад зах зээлд гарах нь нэмэгдэж байна.




САНАЛ БОЛГОХ