"МОНГОЛ ХЭЛНИЙ ДААЛГАВАР АМАРХАН БАЙЛАА"

Сурвалжилга
Хүүхдүүд инженер, технологийн чиглэлийн мэргэжлийг түлхүү сонгож байгаа

Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт сонгуулийн сурталчилгаанд дарагдаад нам жимхэн болж байна. Лхагва гарагт орон даяар монгол хэлний шалгалт зохион байгууллаа. Энэ жил 37200 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн талаар тус газрын мэргэжилтнүүд хэлж байв.

Гэтэл монгол хэлний шалгалтаас цөөнгүй хүүхэд хоцорчээ. Шалгалтын байраа сайн мэдээгүйгээс болж будилаад, өгч чадаагүй хэмээн хоцорсон хүүхдүүд ярьж байлаа.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас лавласан юм. Тэрбээр “Манай төвд ирсэн мэдээллээр тийм ч олон хүүхэд монгол хэлний шалгалтаас хоцроогүй. 10 гаруй л хүүхэд хоцорсон юм билээ. Гэхдээ сонгосон бусад шалгалтаа өгнө. Түүнээс олон хүүхэд хоцорсон гэдэг ташаа мэдээлэл” гэв.

Бид Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийг зорьж очлоо. Шалгалт дуусах хугацаа болоогүй болохоор хэнийг ч оруулахгүй байгаа гэж сургуулийн хаалганы хажууд суух хижээл насны эмэгтэй хэлэв. Түүхийн шалгалт эхлээд 30 орчим минут өнгөрчээ. Бид 15 минут хүлээх шаардлага гарав. Сургуулийн хашааны гадна эцэг, эхчүүд машинтайгаа зогсон хүлээж харагдсан. Түүнчлэн зарим хувийн сургуулийн багш нар танилцуулгаа бариад зогсож байлаа. Сандал дээр суугаа хүмүүст сургуулиа танилцуулж, бараг л хүүхдээ манайд оруулсан дээр гэх зэргээр ятгаж байв.

Хашаан доторх сандал дээр тухалсан улаан эрээн цамцтай хүүтэй уулзлаа. Тэрбээр өөрийгөө нийслэлийн 45 дугаар сургуулийн сурагч Б.Даваагэрэл гэж танилцуулав. “Монгол хэлний шалгалтын даалгавар харьцангуй хөнгөн байсан. Хийхэд амархан байлаа. Монгол бичгийн даалгавар л жаахан хэцүү байсан. 7-9 ангид монгол бичгийн хичээл орсон. Бие дааж давтсан бол амархан хугацаанд гүйцэтгэчихээр л юм билээ. Эсээ бичлэг нь төрсөн нутгийнхаа тухай бичих даалгавар ирсэн болохоор сайхан санагдсан.

Би цагдаа болохоор шийдсэн. Тиймээс зургаан хичээл сонгож шалгалт өгөхөөр бэлтгэж байна. Математик, физик, нийгэм, монгол хэл багтаж байгаа. Элсэхээр төлөвлөсөн сургуулийнхаа талаар нэлээд мэдээлэл цуглуулсан. Өөрөө л хичээвэл бүх зүйл бүтэх байх. Мэргэжил сонголт хийхдээ багш нараасаа зөвлөгөө аваагүй. Аав, ээж болон өөрийнхөө л мэргэжлээ сонгосон. Биеийн хүчний дасгал их хийдэг учраас Хууль сахиулахын их сургуулийг сонгож байгаа. Өөрийн хүсэл эрмэлзлээрээ мэргэжлээ сонгосон учраас харамсахгүй байх. Гэхдээ миний бодлоор аравдугаар ангиас мэргэжил сонголтыг нь чиглүүлж өгч байвал зүгээр юм шиг санагдсан. Төгсөх ангидаа ороод, яг тулаад ирэхээр тээнэгэлзэх тохиолдол гардаг юм билээ” гэв.


400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх ёстой
Бид мөн нийслэлийн 35 дугаар сургуулийн 12В бүлгийн сурагч Ануужинтай уулзлаа. Тэрбээр “Шалгалтын зохион байгуулалт нууцлал их сайн байна. Даалгавар задрах зүйл гарахгүй байх. Танхимаас хоёр хүүхэд дагуулж явж шалгалтын материал авч ирсэн. Би сая түүхийн шалгалт өгөөд гарч ирлээ. Даалгаврын эхний 10 тест амархан байсан. Хоёр дахь даалгавар нь жаахан эргэлзээтэй. Гэхдээ нэлээд сайн бэлтгэсэн болохоор гайгүй оноо авна гэдэгт итгэлтэй байна.

Миний хувьд МУИС-ийн эрхзүйчийн ангид элсэх хүсэлтэй байгаа. 16.00 цагаас англи хэлний шалгалт өгнө, зургаан хичээл сонгосон. Нэг хичээлийн шалгалтын хураамж 3500 гээд нийт 35000 төгрөг төлсөн. Ерөнхийдөө монгол хэлний шалгалтыг сайн өгсөн гэж бодож байгаа. Даалгавар нь голдуу анхан шатны мэдлэгтэй хүүхдүүд хийчихээр харагдсан” гэв. Шалгалтын зохион байгуулагч багш "Бид чадах чинээгээр л гайгүй зохион байгуулж байна. Гэхдээ хүүхдүүд л өөрсдөө дүгнэлтээ хэлэх байх" гэсэн тайлбар өглөө.

ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙГ
ТҮЛХҮҮ СОНГОДОГ БОЛСОН

Зорьж очсон бас нэгэн газар бол Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль байв. Тус сургуулийн захирал О.Пүрэвжаргалтай уулзахаар очсон нь энэ. Биднийг очиход хаалга нь цоожтой байлаа. Сургуулийн захирал руу нь залгаж, сурвалжлага хийхээр яваагаа дуулгавал “Шалгалт эхлээд удаагүй байгаа, завсарлагаа хүртэл 40 минут дутуу байна. Тэр үеэр л орохгүй бол өөр арга алга” гэв. Нэлээд шалсны эцэст сургуулийн хонгилоор гэтэж явсаар захирлын өрөө рүү орсон юм. Түүнтэй элсэлтийн шалгалтын эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.

- Танайд хэдэн сургуулийн хэчнээн хүүхэд шалгалт өгч байна вэ?

- Манай сургууль дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль 7-8 хувийн сургуулийн 405 хүүхэд шалгалтад орж байна. Энэ жилийн элсэлтийн шалгалтыг өмнө нь мөрдөж байсан журмаараа зохион байгуулж байгаа. Сонсох чадварын даалгавар оруулна гэж байгаад больсон юм билээ.

- Лхагва гарагт монгол хэл, бичгийн шалгалт авсан. Хүүхдүүд шалгалтаасаа хоцорсон тохиолдол гарав уу?

- Хүүхдүүд их идэвхтэй байлаа. Өглөө эрт ирчихсэн байсан. Бага үдийн 12.00 цагт хаалгаа бариад шалгалт эхэлсэн. Тодорхойгүй шалтгаанаар есөн хүүхэд монгол хэлний шалгалт өгөөгүй. Монгол хэлний шалгалтын дүн долдугаар сарын 1-нд гарна. Энэ хичээлийн шалгалтад 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх ёстой. Тэгэхээр шалгалтаа өгч чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй. Манай сургуулийн хувьд 77 хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Сурагчид хоёрдугаар сургуулийн байранд шалгалт өгөх хуваарьтай. Боловсролын үнэлгээний төвөөс хоёр сарын өмнө шалгалтын байруудын хуваарийг гаргасан. Мөн сониноор дамжуулж мэдээлсэн болохоор байраа олохгүй будилсан байх учиргүй. Тухайн хүүхдийн болон ээж, аавын хариуцлагагүйгээс л болсон байх. Түүнээс зохион байгуулалтын тухайд зөрчил гараагүй.

- Шалгалт авч байгаа ангиудыг камержуулсан уу?

- Ангид камер суурилуулаагүй. Гэхдээ олон хянагч ажиллаж байгаа. Хан-Уул дүүргийн 115, 118 дугаар сургуулийн багш нар хянагч багшаар ирсэн. Нэг ангид хоёр хянагч багш орсон. Үнэлгээний төвөөс томилогдож ирсэн гурван багш бий. Мөн зохион байгуулагчаар манай сургуулийн зургаан багш ажиллаж байгаа. Үүний хажуугаар 50-иад хянагч багш байгаа болохоор элдэв эргэлзээ, маргаан гарахгүй байх.

- Монгол хэлний шалгалт заавал оруулж байгаа. Уранзохиол, монгол хэлийг судлах цаг хангалттай байж чаддаг уу?

- Хамгийн амархан гэдэг ч юм уу, цаашаа сургуульд элсэхэд математик, гадаад хэл хэрэгтэй гэсэн хандлага нэг үе байсан. Монгол хэлний үндэсний хөтөлбөр гарснаас хойш төр болон эрдэмтэн судлаачид анхаарч ажилласан. Тиймээс хүмүүсийн хандлага арай өөр болж. Ном унших сонирхолгүй байсан бол сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөн. Төрийн албан хаагчид, багш нарын багшлах эрхийн шалгалтад монгол хэл заавал ордог болсон. Ер нь эх хэлээрээ сэтгэж чадахгүй бол хэцүү шүү дээ. Нэг үе Багшийн сургуулийн шалгуур сул байснаас мэдлэг дулимаг хүүхдүүд элсэж байлаа. Одоо багшийн ур чадвар харьцангуй сайжирч байна. Хүүхэд бүрийг хөгжүүлж, багшийг чадваржуулахын төлөө боловсролын салбар цөөнгүй ажил хийж байгаа. Хүүхдүүдийн сургалт амьдралд илүү ойр болсон.

- Хүүхдүүд ямар мэргэжлийг түлхүү сонгож байна. Мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг үү?

- Ээж, аавынхаа зөвлөгөөг дагадаг байсан бол орчин үеийн хүүхдүүд өөрсдөө мэргэжлээ сонгодог болсон. Техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр ч гэх үү инженер, технологийн чиглэлийн мэргэжлийг түлхүү сонгож байгаа нь харагдсан. Манай сургууль есдүгээр ангиас нь эхлээд мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа.

Б.Гандолгор
@gandolgorZGM


САНАЛ БОЛГОХ